Үндэстний оюун сэтгэлгээний цогц

Би саяхан манай төрийн том мяндагтан танилтайгаа тааралдаад хэд гурван үг сольж үзлээ. Мань нөхөр Монгол Улсын хөгжлийн концепц энээ тэрээ гээд л баахан бавж гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчин, соёл боловсрол ч гэнэ үү, өчнөөн л мэдэмхийрэв. Амьхандаа л барууны том оронд эзэмшсэн боловсрол, ном хэвлэлээс олж мөлжсөн бүхнээ мэрж мэрж тийм концепцорхуу юм хийлцсэн шиг байгаа юм, зайлуул. Би түүнд нийтэд сургадаг боловсролоор төрийг жолооддоггүй юм шүү дээ гэж хариу мэдэмхийрэхийг хичээсэн ч мань товариш –Энэ ямар стандарт бус сэтгэхүйтэй нөхөр вэ... гэсэн бололтой гайхаж харахаас өөр олигтой цочрол авсангүйгээр бид хоёр саллаа. Дараа нь би түүнд ойлгуулах гээд чадаагүй стандарт бус санаагаа цаасан дээр буулгахаар шийдсэн хэрэг. Эрхэм уншигч танаас ч нуух юм алга. Улс орныг хэрхэн жолооддогийг, яаж түүнийг богино хугацаанд хүчирхэгжүүлэн хөгжүүлдэг нууцыг мэдэхийг хүсч байна уу. үлгэр биш үнэнийг өгүүлье.


ҮОСЦ - Үндэстний Оюун Сэтгэлгээний Цогц


Сэлүүргүй завь далайн довтолгоонд туугдан, зүг чиггүй тэнэсээр эцэстээ хүчит давалгаанд няц цохигдон зомгол болох тавилантай. Улс орныг завь гэж төсөөлбөл, сэлүүр нь «сэтгэлгээний суурь» нь байдаг. Үүнийг Үндэстний Оюун Сэтгэлгээний Цогц (ҮОСЦ) бодлого гэдэг юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойшхи улс үндэстний сөнөж мөхсөн, эсвэл ялж мандсан далдуурхи гол шалтгаан нь ҮОСЦ-ийг хэрхэн бүтээж, жолоодсоноор хэмжигддэг. Улс орон өөрийнхөө хөгжлийн стратеги, ашиг сонирхол, нөөц баялаг, цаг үеийн онцлогтой бүх ард иргэдийнхээ наадам зугаа, зан үйл, урлаг соёл, шүтлэг, хүмүүжил, боловсролыг нь уялдуулан зохицуулах нь ҮОСЦ-ын зорилго. Yүнийг эртний нүүдэлчдийн бодлогоор жишээлье.

Сая хүрэхгүй хүн амтай энэ улс, хэдэн зуун сая хүнийг хамарсан дэлхийн талыг эзэлсэн нууц юу вэ? Тэр үеийн монголчуудын газарзүйн мэдлэгээр энэ бол бүх дэлхий байлаа. Монголын газар нутаг бол байгаль, цаг уурын хувьд нэн таагүй орчин юм. Халуун хүйтний абсолют ялгаа нь бараг цельсийн 100 градус ч хүрэх нь бий. Тутарга, хөвөн, тамхи тариалж олз ашиг хураах ямар ч боломжгүй. Зүгээр амь зогоож л байвал О.К. Ийм л тавилан тэдэнд ноогдсон. Альяск шиг хүйтний дээр, Торнадо шиг салхи шуурганд байнга балбуулсан, бараг л там гэмээр газар. Хатуухан хэлэхэд энд хүмүүс амьдрах биш цөлөгдөж байвал таарна. Эрс тэс, ширүүн уур амьсгал нь манай өвөг дээдэсд суурин иргэншлийнхэн шиг газар тариалан эрхэлж, аж үйлдвэр цэцэглүүлэх гэх мэтээр хүрд эргүүлэх боломж олгосонгүй. Тэдэнд маань байгалийн өгсөн цорын ганц боломж нь нүүдлийн мал аж ахуйгаа дагаад тачирхан ургах өвс ногоо, нөмөр, нарлаг газрыг бараадан тэнэж явах хувь л ажээ. Хүн бүл цөөтэй эдгээр нүүдэлчдэд оногдуулсан байгалийн ял шийтгэл дээр нэрмээс болж, эргэн тойрных нь хүчирхэг улс гүрнүүд даажигнасаар бүрмөсөн туйлдуулж байв. Энэ шалтгаанууд нийлээд тэдэнд аян дайн хийх замаар хэрэгцээ, аюулгүй байдлаа хангахаас өөр гарц үлдээсэнгүй. Тийм болоод нүүдэлчдийн удирдагчид ҮОСЦ-оо дээрх дайны зорилтыг хангахад чиглүүлжээ. үүнд мэдээж эрэмгий дайчин иргэд хэрэгтэй. Тэд үндэсний зан үйл, тоглоом наадам, дуур хуур, соёлоо бүхэлд нь энэ зорилгод чиглүүлж, ахуй амьдралынх нь бүх хэлбэрүүдэд шингээж чаджээ. Энд зөвхөн ганцхан зүйлийг жишээлж үзье. Энэ бол наадам. Яагаав өнөөх хэдэн хөшчихсөн нөхдүүдийн бие биеээ унагахыг хүлээж бүтэн өдөржин эвшээж суунгаа халтар хуушуур эргүүлддэг баяр шүү дээ. Ийм гунигтай наадмыг бүх нийтээрээ хөөр бах болгосоор байсаны далд зорилгыг ойлгохыг оролдъё.

1 .Тухайн үед Хирошимаг болгож тавьсан Б-29 онгоц, Бин Ладены элэнц өвөөг Афганы цөлөөр хөөгөөд давхичих Хаммер жипний аль нь ч байгаагүй учраас хөрш орнууд руугаа довтлох цорын ганц нисэх, давхих унаа нь морь байлаа. Стратегийн энэ хөлгийг гарамгай жолоодож сургах зорилгоор дөнгөж хөлд орсон бяцхан жаалууд хурдан морь унаж арав, хорин км зайд уралдах наадмыг бий болгожээ. Нутаг нуга болгон жижиг том элдэв шалтгаанаар байнга морь уралдуулж, үүндээ нутгийн 3-10 настай бараг бүх нусгайнуудыг хамруулан оруулдаг байлаа. Түрүүлсэн морь, унасан хүүхдийг нь дуу шүлэг, үлгэртээ оруулж бараг домог болтол алдаршуулна. Ийнхүү хөлд орсон цагаасаа л стратегийн хөлгөө бүх нийтээрээ хоорондоо уралдан эзэмшдэг байжээ.

Єөрөөр хэлбэл байлдааны дайрагч онгоц, шумбагч онгоцыг памперсаас салангуутаа л бүх иргэн нь мэргэжлийн офицерууд шиг эзэмшиж агаарт ч, усан догуур ч, хаашаа бол хаашаа маневралаж сурна гэсэн үг.

2. Ноён Бушийн хөөрхий Садамын армийг газартай тэгшилсэн үхлийн пуужингууд байтугай, Төөрсөөр төрөлдөөгийн Балтын цагааны офицер луу чиглүүлж явсан маузэр бууны үнэр ч тухайн цагт огт сураггүй байлаа.

Тэр үеийн 200 яардын тусгалтай цорын ганц пуужин болох нум сумыг эрхэм гурван наадамдаа багтаасан нь үндэсний дайнч зорилгод цавхийтэл нийцэж байв. Мэргэн харваачиддаа гэрэлт хөшөө босгон мөнхөлж, айл гэрт эрэгтэй хүүхэд төрвөл өрхөн дээр нь нум сум хүндэтгэн өлгөж тунхагладаг ёс ч үүний хамт бий болжээ. Ингэж Монгол орон даяар онч мэргэн Робин Гүүдүүд дүүрлээ. Тэднийг суутан мэт алдар суугаар нүүр нүдгүй буддаг байжээ.

3. Дайн тулаанд эрэмгий хүчит эрсийг бэлтгэхийн тулд, эрийн эр (энэ нь эрийн үүрэг гүйцэтгэдэг гэй гэсэн утгаар биш шүү) болсон хүчит бөхчүүдийг аман яриа, үлгэр дуундаа домоглон бахдах болов. Сайн бөхчүүд тал нутагт Ариунаа, Сараа хоёр шиг алдаршиж байлаа.

Эдгээр наадгайд тодрон гарсан домогт эрчүүд хүүхдүүдийн хүслийг сникэрс шиг уруу татаж, хар цагаан Америк жаалууд багаасаа бэйсболын цохиур атгаад гүйлддэг шиг, Чингэсийн чацуутан Монгол жаалууд гурав, дөрвөн наснаасаа бүгд л морин зоон дээр дүүлэн давхиж, хавчаахай нумаар оготно зурам намнаж, хониныхоо дэргэд дээлээ урагдтал ноцолдож өсчээ. Тэдний амьдрал ахуйн жирийн өдөр бүхэн цэргийн дасгал, сургуулилт болдог учраас цөөхөн нүүдэлчид тэр чигтээ мэргэжлийн төдийгүй, бүр төрөлхийн цэргүүд болон өсөж байв. Тэр үедээ л шилдэг бүх зэвсэг техникийг биеийнхээ эрхтэн болтол эзэмшсэн үнивэрсаль солдат л гэсэн үг. Энд ганцхан жишээг л дурьдлаа. Зөвхөн тоглоом наадам төдийгүй заншил, шүтлэг, соёл гээд ер нь нүүдэлчдийн амьдрал бүхэлдээ « талын чоно » гэмээр тусгай бүлгийн цэргийн их сургууль ажээ. Иймээс Чингэсийн байгуулсан цөөхөн нүүдэлчдийн улс хүчирхэг хөршүүдээ төдийгүй, хөвчин дэлхийг эзэгнэсэн билээ. Тэд сүрэг болжмор дунд орсон хүчит шонхор шиг байлаа. Тэр үеийн стратегийн зорилгод ийнхүү яв цав нийцэж байсан учраас л өнөөх гурван наадмыг бүх нийтэд сурталдан өөхшүүлж байсан юм шүү дээ. Єнөөгийн Монголд нум сум агсаад давхих хөлөг баатар бол тэр агссан нумнаасаа ч хэрэггүй зүйл. Гэхдээ хүүхэд, жуулчин хоёрыг баясгаж мөнгийг нь саахад нэмэр болж магадгүй л дээ. За энэ ч яахав. Бусад улс орны жишээг харъя л даа.

Одоогоос 3000 жилийн өмнөх Египетийг аваад үзье. Хүнд зэвсэг үүрээд хэд алхахад л муужраад унамаар энэ уудам цөлийг туулж очоод шоргоолж шиг язганасан тэднийг хядчих хоншоортой дайснууд ойр хавьд нь үгүй байлаа. Иймээс тэд үндэсний хөгжлийн стратегаа дайн тулааны бус, харин суваг шуудуу татаж, газар тариалан хөгжүүлэх зорилтоор шийдвэрлэжээ. Энэ зорилгыг Сүбээдэй, Зэв нар шиг сэлэм атгасан дайнч бүргэдүүд биш, дуулгавартай номхон тариачид л бүтээж чадна. Ийм хүлцэнгүй ажилчин шоргоолжнуудыг бэлтгэхийн тулд бурхан шашны нөлөөгөөр иргэдийнхээ санаа сэтгэлийг удирдаж, айлгах хэрэгтэй үедээ зүрхийг нь гартал айлгаж чадаж байлаа. Хөдөлмөр, ургац, ус гол, нарны бурхдыг бий болгон шүтүүлж, аймшигт цээрлүүлэгч бурхдын сүрэн дор улс даяараа шүтлэгтэн болцгоов. Єлсгөлөн тариачид хүртэл сүүлийн ургацаараа сүмд өргөл өгч байжээ. Гэхдээ тэд мэдээж дайны биш, ажил хөдөлмөр, ургац, ус, нарны бурхдыг шүтэцгээсэн юм шүү дээ.

Тэдний шүтдэг дээдэлдэг бүхэн нь нарийн утгатай байсан бололтой. Зөвхөн бурхад ч биш, ер нь зан заншил нь ч их сонин. Тэд мистер Бинээс ч ой гутам муухай царайтай махчин матарыг их дээдэлдэг байсан гэдэг. Яагаад ?. Египетийн уудам цөлийг амьдруулагч ганц артерийн судас нь Нил мөрөн. Тэр халуун цөлд юм бүхэн дорхноо муудаж ялзарна. Yхсэн амьтадын сэг Нил мөрнийг тэр дор нь өвчин тахал тараагч, тамын херон гол болгох байлаа. Тэгвэл Египет бүхэлдээ сүйрнэ гэсэн үг. Харин ийм үхэгсдийн сэгийг идэж устгагч аврал нь матар байсан бололтой. Хэрэв тэд үр хүүхдээ, бас өөрсдийгөө аюулгүй болгох гэж, эсвэл бөх үнэтэй арьс, шүдийг нь авах гэж энэ аймшигт махчныг агнаад эхэлбэл юу болох нь ойлгомжтой. Иймээс матарыг шүтээн болгосон байж. Шүтлэг, заншил бүхэн цаанаа энэ мэт утгатай байдаг.

Египетчүүдийг сургуульд байхаас нь цээрлүүлэн шийтгэж, бурхны дуулгавартай шавь болгон сургадаг байсан гэдэг. Багшийн дэргэд ташуур барьсан цээрлүүлэгч зогсоод хувийн бодолтой сурагчдыг хашраахаар хянаж байсан гэнэлээ. Тэдний аман зохиол, сургаалиудад бурхад ба Фараонуудын сүр хүчийг хэт дөвийлгөж, "Тэд зөвхөн дуулгавартай, хөдөлмөрч хүнийг л ивээдэг. Тийм биш хүнийг насан туршид нь залхаан цээрлүүлнэ" хэмээн хүлцэнгүй, ажилсаг чанарын программыг бяцхан тархиных нь хаарданд лав гэгч суулгаж байлаа. Энэ нь аажимдаа тэр үеийн египетчүүдийн үндсэн зан чанар болжээ.

Тэдгээр хүлцэнгүй тариачдын бүтээсэн суваг шуудуунууд Египетийн амьгүй цөлийг ургац халиурсан ажил хөдөлмөрийн диваажин болгон амилуулсан билээ. Энэ үедээ Египет дэлхийн хөгжлийн лидер нь байсан юм.

Зэрлэг балмад спартчууд харийн боолчуудын бослого, эсэргүүцлийг дарах, эргэн тойрны грекийн дайнч хотуудаас хамгаалахын тулд бүх эрчүүдээ цэрэгжүүлж, жадлах, цавчих сургууль бэлтгэлийг хар нялхаас нь хийлгэдэг байлаа. Тэд унтахдаа ч зэвсэгээ дэрлэж, хүүхдүүдийг өөрийн үндэсний баатар Гераклын тэмцлээр үлгэрлэн өсгөж, байнга хүнд хэцүү нөхцөлд дарамтлан хатуужуулдаг байжээ. Тэр бяцхан спартчуудад хэрцгий, хатуу сэтгэл бий болгохын тулд боолчуудыг тэднээр харгислуулан алуулдаг байв. Омгийн ахлагч нар сул дорой хүүхдүүдийг олон түмний нүдэн дээр хавцал руу хаяна. 7 наснаас нь бүх хүүхдийг цэргийн нөхцөлд амьдруулж, хад чулуун дээр унтуулж, өдөржин шөнөжин дайтах бэлтгэл хийлгэнэ. Тиймээс ч бяцхан спартчууд дундад болон өмнөд Грекийг бүхэлд нь эзэгнэж, хүчирхэг персийг ялсан Грекийн ялалтад хамгийн шийдвэрлэх гавьяаг байгуулжээ. Эрэлхэг спартчууд түүхэнд нэрээ тодоос тод мөнхлөн үлдээсэн билээ.

Эртний Грек цэрэг дайны хүчирхэгжил, соёл урлаг, оюун сэтгэхүйн хөгжлийг нэгэн зэрэг хангахуйцаар ҮОСЦ-оо бүтээжээ. Тэд дайны, цэцэн мэргэний, ургацын, урлагийн, бас хулгайн, найр цэнгээний гэх мэт бүх бурхадтай байлаа. Сургуульд хүүхдийг урлагт сургахын зэрэгцээ эх оронч үзэл, дайчин баатарлаг хүмүүжлээр бэлтгэж, жад шидэх, тулалдах, цэргийн хүнд бэрх бэлтгэл байнга хийлгэдэг байв. Тэнд эрүүл чийрэг бус хүнийг тахир дутуу мэт адлан үздэг учраас спортын тэмцэл уралдааныг сүр дуулиантайгаар байнга зохионо. Олимпын наадамд бүх хотоос наадамчид цуглаж бөх, жад шидэлт, нударган зодооноор салам үзэлцнэ. Ялагсдын хөшөөг сүндэрлүүлэн, үндэсний баатар мэт бүх нийтээрээ даган дуурайж байлаа.

Театр урлаг нь иргэдийнхээ эх оронч үзэл, эр зоригийг ирлэж, хүчирхэг чийрэг биетэй бурхад болон баатруудынх нь баримал хөшөө, тэдний агуу тулалдааныг бахадсан дуу хуур, шүлэг, домгууд нь эр зориг, тэмцэл, хатуужлын их сургууль болж байжээ. Иймээс тэд хэдэн зууны турш дэлхийг ноёрхсон төдийгүй уран барилга, театр, утга зохиол, шинжлэх ухааны мөнхийн оргилуудыг бий болгожээ. Грекийн бичиг соёл бүх дэлхийг гэгээрүүлж, Хомер найрагч Иллиада Одиссег энд туурвиж, Акрополийн харш, Атена, Зевсийн хосгүй баримал, Херодотын түүх, Демокрит, Сократ, Платон, Аристотелийн суут ухаан энд л бүтээгджээ. Грек зөвхөн бурхадтай дүйцэх агуу ихийг бүтээсэн юм.

Гэвч зэвсэг технологийн хөгжил, нийгмийн үйл явцаас урган гарсан шинэ зөрчил, ашиг сонирхолууд өөрчлөгдөхөд, тэдний ҮОСЦ-ын амин чухал байсан хэрэгцээ нь хуучирч, шинэ шаардлагад нийцэхээ больдог. Иймээс дээрх бүхэнд тохируулж ҮОСЦ-д ашигтай өөрчлөлтүүдийг эс хийвэл Грек шиг, Ром шиг, Монгол шиг, бас АНУ шиг хамгийн агуу их гүрэн ч хүртэл дотроосоо ялзарч идэгдсээр мөхдөг. Бага Азийн хөршүүд нь төмөр гарган авч багаж зэвсэгээ хийх болсоныг үл ойшоож, Египет өөрийн ҮОСЦ-доо дэвшил хийгээгүйгээс хоцрогдож доройтжээ. Персүүдийн төмөр зэвсэг нь хөдөлмөрийн бүтээмж, баялагийг огцом ихэсгэж, тэд богино хугацаанд хүчирхэгжин, жад, сэлэм, хуяг дуулгаа төмрөөр дархлах болсон нь тэдэнд дайн тулаанд ялах давуу нөхцөлийг авчирчээ. Модон анжисаа хаяагүй их гүрэн мянган бурхан тахиж, ажиллах, хөдөлмөрлөх улангасалаар ҮОСЦ-оо бүрдүүлсэн байлаа ч төмөр анжис, хадуураар зэвсэглэж, технологийн бүтэн үеээр түрүүлсэн нөхдүүдэд хол хаягдан хоцрох нь дамжиггүй. Энэ бол Талибын цэргийн баазыг үнс чандруу болгосон В-52 бөмбөгдөгч онгоцны эсрэг морь унан довтолбол, хэчнээн өлгийтэй нялхаасаа моринд мэргэжин дассан байгаад ч нэмэргүйтэй яг адил. Сансраас газар дээрхийг нь доорхтой нь хамт ниргэчихдэг зэвсгийн өөдөөс хэчнээн мэргэн харваач, кумфучдыг бэлтгээд яах вэ дээ. Монголын эзэнд гүрний мөхлийн гол шалтгаан ч энэ. Галт зэвсэг бий болж, ном хэвлэж байх үед тэд 1000 жилийн өмнөх шигээ л малаа даган нүүдэллэж, хэдэн харваачид, бөхчүүдээ цоллосоор байсан юм.

Нарны удам Тэногоор бахархан эрэмшиж, Шёгуны самурайн домгоор үлгэрлэн хүмүүжиж, нэр төрөө доромжлуулбал Харакири хийж гэдсээ хүүлдэг зоримог Япончууд түүхэндээ хэнд ч ялагдаж байсангүй. Энэ бүхэн Межигийн өмнөх их Наран улсын ҮОСЦ байлаа. Харин энэ уламжлал нь өрнөдийн зэвсэг, техникийн хөгжлийг тусган шинэчлэгдэж чадаагүйгээс тэд ялагдахад хүрсэн юм. Япон илдээ ирлэж байхад Европчууд их буугаа сумлаж байлаа. Япончууд байлдааны онгоцоо хуяглаж байхад Америк атомын зэвсэг бүтээж байлаа. 1945 онд Хирошима, Нагасакид гэнэт тэнгэр халхлан ургасан Трумэний хар мөөг болон дэлхийн 2-р дайн энэ улсыг балгас болтол самарсан ч энэ нь ҮОСЦ-оо хуучны уламжлал, заншлаар хүчлэн барьж байсан Япончуудад хурц тод сануулга болжээ. Япончууд нэг алдвал ахиж алддаггүй улс. Энэ цагаас хойш тэд ҮОСЦ-оо анхааран шинэчилж, дэлхий дахины технологи, бодлого, шинэ ашиг сонирхолтой байнга уялдуулдаг болсон нь Японы гайхамшигт хөгжлийн нэг нууц байлаа. Гэвч өнөөдрийн Япон Америкийн В-1 онгоцуудад биш, харин соёлын довтолгоонд нь зай завсаргүй бөмбөгдүүлээд ирээдүй нь хэцүүхэн л байна. Зарим Монголчуудын үзэх дуртай өнөөх бордмол сумонуудыг японы шинэ үе огт тоохоо болиод харин Аль Пачиног шүтэх болсоноос үүнийг хальт харж болно. Гэлээ ч хөгжил нь ялигүй хөшчихөөд байгаа Япон цоо шинээр ҮОСЦ-оо бүтээж байгаа. Тэд удахгүй ахиад л хөгжлийнхөө хурдаар гайхуулна биз.

Япон гэснээс энд ганцхан жишээ нэмчихье. Дэлхийн 2-р дайны дараа Японд сүйрсэн эдийн засгаа сэргээхийн тулд дайнаас цорын ганцаараа хохирол багатай төдийгүй бүр хожиж үлдсэн, бас далайгаар шууд харилцах боломжтой АНУ-ын тусламж, ивээлд дулдуйдахаас өөр гарц байсангүй. Гэтэл Америктай хийсэн олон жилийн дайн, Хирошимагийн сүйрэл Япончуудын сэтгэлд гүн шарх үлдээсэн учраас тэд Америкийг ад чөтгөрөөс дор жигшин зэвүүцэж байлаа. Харамсалтай нь энэ цорын ганц боломжтой холбоотонгүйгээр тэртээ тэргүй туйлдаа хүртэл цөхөрсөн Япон бүр ч их хохирч, улс орныхоо хонгилын үзүүрт ёлтойх гэрлийг бүрмөсөн унтраах байв. Ийм үед Иомури сонин засгийн газраа, ард түмнээ, бас улс орноо аврахад том түлхэц болсон юм. АНУ-д хамгийн их дэлгэрсэн бейсболыг Иомури Японд сурталчилан дэлгэрүүлжээ. Энэ спорт Японы ядуу айлуудаас хөрөнгө чинээ бага шаардахын хамт өрсөлдөөнд тэмүүлдэг хүүхэд, залуусын сонирхлыг дор нь татав. Модон цохиур барьж, далбагар бээлий угласан онигор жаалууд энд тэндгүй хөгжилтэйеэ гүйлдэх болж, удалгүй энэ спортын бурхад болсон Америк одууд хүүхдүүдийн шүтээн болов. Япон жаалуудын ханандаа наасан Америк шүтээнүүдийнх нь инээмсгэлсэн зураг, тэдний эгэл ярилцлага, Японд хийсэн айлчлан тоглолтых нь найрсаг дотно уур амьсгал Америк Японы ард түмэн хоорондоо ойлголцож дотносох гүүр болсоон. Энэ модон цохиуртай бөмбөгөөр дамжуулж Япончууд Америкчуудыг зөвхөн хэрцгий алуурчны дүрээр төсөөлөхөө больжээ. Тэд инээж, бас хүүхдүүдийнх нь сэтгэлийн гунигийг үлдэн хөөж, баяр хөөрөөр дүүргэж чаддагийг мэдэж авчээ. Удалгүй бейсбол Японы хүүхэд хөгшидгүй сонирхдог үндэсний спорт болсон билээ. Ингэж Японы Америкийн дэмжлэгээр хөгжих замын бартаа саад арилсан юм даа. Сонин хэвлэлийнх нь бодлого ч ийнхүү улс орныхоо хөгжилд хөшүүрэг, дэм болдогоос биш манайхны шар бор сонинууд шиг унасан дээр нь өшиглөдөггүй. За энэ ч яахав өөр сэдэв.

Энэ утгаараа тоглоом надаам бол ердийн зугаа цэнгэл байх учиргүй. Харин ард түмнээ хөгжиж, хүчирхэгжих нөхцөл болдог. Эрт цагт гадны довтолгооноос улс орноо хамгаалж, дайн тулаанаар л баялаг олж авахаас өөр замгүй улс гүрнүүд тэр үеийнхээ зэвсэг, технологид тулгуурласан эр зоригийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж байлаа. Ромд гладиаторын амь өрссөн цуст тулалдаан зөвхөн талбай дээр хядалцах боолчуудын төдийгүй Ромын ард түмний эр зориг, ялан гарах хүслийг ноцоож, тэднийг цуст өрсөлдөөн, хагацал, тэсвэр хатуужилд сурган, ялах шуналыг нь хөхүүлж байжээ. Иймээс тэд зугаацаж цэнгэхдээ ч тэмцэлд сургуулилан бэлтгэгдэж байсан хэрэг. Хөл бөмбөг, бейсбол, сагсан бөмбөг гэх мэт өнөөгийн багийн спортууд хүнийг зөвхөн хууль журмын хэмжээн дотор ажиллаж амьдрахад сургадаг. Чи хөл бөмбөгийн багт ороод -Энэ дүрэм надад таалагдахгүй байна. Энэ чинь шударга биш болжээ… гэж хэлээд өөрийнхөө дүрмээр тоглох гээд үз л дээ. Шууд л талбайгаас амбаардуулна биз. Мэдээллийн эринд Япончууд хамгийн их сонин уншиж, нэг хүнд ноогдох телевиз, мэдээлэх хэрэгсэлээрээ дэлхийд тэргүүлж, оюуны олимпыг бүтээж чадсан нь хөгжлөөрөө дэлхийд гайхуулах бас нэг түлхэц болсон юм.

Ийнхүү ямар ч улс орныг иргэд нь л хүчирхэгжүүлэн босгодог. Тэд бусад ард түмнийг цусанд нь бялдан хөнөөдөг. Тэд мянган жилд бүтээсэн гайхамшгийг хэмхчин устгадаг. Эсвэл хоорондоо хэмлэлцсээр өөрсдийгөө хөнөөдөг. Бас тэд л эринээс эринд сүндэрлэх агуу орд харш, хот, улсыг бүтээж, цөлийг диваажин болгон цэцэглүүлж, өмхий намгийг хатаан их хотыг сүндэрлүүлдэг. Тэд хөгжил цэцэглэл, хөнөөлийн алиныг нь ч тарьж ургуулж чадна. Гагцхүү тэдний энэ агуу хүчийг өөрсдийнх нь тусын төлөө бүтээл туурвил болгон ундруулж чадах ҮОСЦ-ийг төр засаг нь бий болгон чиглүүлж өгөх үүрэгтэй. "Надад тулах цэг өгөөдөх. Би дэлхийг эргүүлье" гэж Архимед өвгөн хэлсэн шиг тэр л агуу их ард түмэнд тулах цэгийг нь өгчихвөл тэд юуг ч бүтээж, юуг ч эргүүлэх хүчтэй. Эс тэгвэл тэд эзэнгүй сүрэг шиг үймэлдсээр бусдын идэш болж мөхдөг тавилантай. үүний тулд бидэнд оюун санааны стратегийн бодлого дутагдаж байна. Єнөөдрийн Монголд ямар иргэд хэрэгтэй вэ. Бөх үү, мэргэн харваач уу. Эсвэл луйварчид уу, амар хялбарыг харж ашиглан завшигчид уу, цээжээ балбан цэцэрхэгч үү. Манай сонин хэвлэл, тоглоом наадам, үндэсний сэтгэлгээг харахад эд л хэрэгтэй юм шиг. үгүй дээ хонгор минь. Бидэнд еврейчүүд шиг нэгдмэл, германчууд шиг нягт нямбай, япончууд шиг хөдөлмөрч, америкчууд шиг эх оронч хэрнээ прагматик иргэд хэрэгтэй. Ийм иргэдийг мөрөөддөг биш бүтээдэг юм. Дараа нь тэдгээр иргэд улс орныхоо агуу их хувь заяаг дархлан бүтээдэг юм. үүнийг уншдаг сониноор нь, шүтдэг оддоор нь, сонсдог дуугаар нь, үздэг нэвтрүүлгээр нь, наадам цэнгэлээр нь, боловсрол сургуулиар нь, тэр дундаа түүх, уран зохиолын хичээлээр нь буй болгодог юм. Ийм иргэдийг бүтээлцэх үүрэгтэй манай БСШУЯам гэдэг сүржин нэртэй даржин байгууллагын сайд түшмэд нь дунд сургуулиудын хичээлд үздэг түүх, уран зохиолыг ямар ч иргэний, хүмүүжлийн стратеги зорилтгүйгээр урсгалаар нь, өөрөөр хэлбэл социализмын үеийн ялзарсан агуулгаар нь орхисон нь манай түшмэдийн хэр мэргэн цэцнийг гэрчилнэ. Ийм амьгүй албатууд мяндагтны зөөлөн сэнтийд тарвалзах биш торны цаана л сууж байвал таарна. Учир нь тэд улс орны ирээдүйг багалзуурдаж байна шүү дээ. Гагцхүү юу ч мэддэгүй мэлэн хойлогтоо юу, эсвэл санаатайгаар уу. За би ямар ялын тогтоол гүйцэтгэгч биш. Хэлэх гэснээ л хэллээ. Эцэст нь хэлэхэд бидний заншил, найр наадам амьдралын минь алхааг туших чөдөр бус харин ташуур байх учиртай юм шүү дээ.

http://tsahimurtuu.mn/index.php/component/content/article/93-news/2012-03-24-09-14-45/429-archive-story-222

Comments

Post a Comment

Popular Posts