Манлайлал

Дарвины хувьслын онолд амьд амьтдын чин эрмэлзэл нь амьд үлдэх байдаг. Амьд үлдэх гэдэг нь зөвхөн нэг амьтны төрөхөөс үхэх хүртэлх ганц амьдрал гэхээс илүүтэй үр удмаа үлдээн, үргэлжлүүлэн амьдарч, бүх цаг үед орших гэж ойлгож болно. Энэ нь амьд амьтан зөвхөн амьдрахын төлөө бус, үргэлжлүүлэн орших үр удмаа үлдээхийн тулд амиа ч золиослож чадах чадварыг амьтадаас шаардана. Байгал цаг уур болон дайснуудаасаа өөрсдийгөө хамгаалах, цаашлаад хоол хүнсээ бараадах, үр удмаа өсгөх орчноо бүрдүүлэх гэх мэт тэднийг өдийг хүртэлх амьд байлгасаар байгаа олон хүчин зүйлүүд байдаг ч энэ дундаас хамгийн онцгой нэгэн үзэгдэл нь сүрэгийн систем байдаг. Ганцаараа явсанаас олуулаа явах нь өөрсдийгөө дайснаасаа хамгаалах хамгийн боловсронгуй систем байсан тул сүрэглэсэн амьтад тэр үеийн амьдралын хэв маягийг шинэ түвшинд хүргэсэн гэлтэй. Үүнийг дагаад сүрэглэж амьдарсан амьтдаар хүнсээ хийдэг амьтад ч, тэдний өрсөлдөгч, ижил идиштэн амьтад ч дагаад сүрэглэх шаардлага бий болж, нэг ёсондоо амьд үлдэхийн тулд бүх амьтадад сүрэглэх шаардлага бий болов. Цаашлаад нэг төрөл дотроо ч олон сүрэгт хуваагдаж, хоорондоо өрсөлдөх болсон нийгмийн системүүд бий болох нь тодорхой.

Гэтэл амьд амьтад бүр өөрсдийн гэсэн чөлөөт сонголт, бие даасан үйл хөдлөлтэй. Тэгвэл тэдгээр амьтдыг хэрхэн зохион байгуулж, сүрэглэн амьдруулах вэ? Сүрэглэн амьдардаг амьтад дээр ажиглалт хийхэд тэдний тодор сүргийн толгойлогч гэх ойлголт зонхилдог. Сүргийн толгойлогч байх хамгийн анхдагч шаардлага бол илүү хүчтэй байх. Учир нь амьтан бүр бие даасан чөлөөт эрмэлзэлтэй юм бол тэдэн дунд сүргийн толгойлогч байх сонирхолтой амьтад ч байх нь тодорхой. Тэдгээрийн дундаас жинхэнэ сүргийн толгойлогчийг сонгох “сонгууль” бол өрсөлдөөн юм. Өрсөлдөөнд мэдээж хүчтэй нь дийлнэ, гэхдээ тэр хүчийг хэрхэн гаргах ухаан мэдээж хамгийн чухал. Хүч ихтэй ч ухаан муутайчууд эхний тулаануудыг ялах ч шийдвэрлэх тулаанд хүч нь мөхөсдсөн байдаг, учир нь тэнд “наадмын барилдаан” болоогүй учир зарим нэг ухаантай, зальтай нэг нь хүчтэй хэдийгээ хооронд нь алалцуулж, өөрөө хүчээ нөөж чадах нь мэдээж. Энд шудрага өрсөлдөөн гэсэн ойлолт байхгүй ч сонгуульд ялсан амьтныг сүрэг дагахаас өөр зам байхгүй, тэглээ ч хүчтэйг биш ухаантайг дагасан сүрэг бусад сүргээ ялан дийлдэг жамтай.

Хүн төрлөхтөн хомо сапиенс гэх сүрэглэж амьдардаг, орчин үеийн хүнтэй дүйцэх тархины хөгжил бүхий сармагчны төрөлд хамаарна. Хомо сапиенсүүд сүрэглэж амьдрахаас гадна өрсөлдөж чадахуйц тархины хөгжилтэй неандерталуудыг ялан дийлж гарж ирсэн оюуны өндөр чадамжтай төрөл юм. Анхнаасаа сүрэглэх системийн толгойлогчид дан ганц хүчтэй нь биш, илүү ухаантай нь ялан дийлдэг зүй тогтол байсан бол хүн төрлөхтний хувьд оюун ухаан нэг дүгээрт бичигдэж эхэлсэн байдаг. Тийм өндөр түвшинд хүрсэн тархитай төрөлийн хувьд хүч хэмээх ойлголт цэвэр оюун ухааныг илтгэж эхэлсэн юм. Тиймээс хүний нийгмийн хувьд сүргийн ахлагчид тавигдах хамгийн гол шаардлага цор ганц “ухаан” байсан гэлтэй. Хамгийн хурц зэвсэгтэй, хамгийн зөв тактиктай, хамгийн зөв зохион байгуулалттай сүрэг л дийлдэг хүний нийгэмд хамгийн ухаантай нь л хамгийн урд алхана. Хүч халагдаж, ухаан ялсан энэ үеэс сүргийн ахлагч гэдэг үгийг манлайлагч, сүрэг гэдэг үгийг нийгэм хэмээх үгээр соливол зохилтой.

Манлайлагч хэмээх хүндэт хэргэмийг хэрэгжүүлэхэд дан ганц өөрийн мэдлэг ухаанаас илүүтэй нийгмийн бүх л оролцогчидыг буюу хүний нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж, тэднийг зөв удирдан залах ухаан хэрэгтэй. Энэ нь дээр дурдсан хүчтэй нь ахлагч болдог байсан системтэй төстэй байж болох юм. Сүрэг дотор ахлагч нь хүчтэй байхаас илүүтэй сүргээрээ бусад сүргээсээ хүчтэй байх нь чухал байдаг шиг хүний нийгэмд манлайлагч нь ухаантай байхаас илүүтэй нийгэм нийлэнхүйдээ зөв зохион байгуулагдаж, бусад нийгмээсээ илүүтэй нөөцөө зөв зохион байгуулж чаддаг байх нь чухал болно. Бусад нийгмүүдээсээ илүү хүчтэй, илүү хүнстэй, илүү нөхөн үржих, залгамжлах чадвартай байхаас гадна үе дамжин, дотроо зөрчилгүйгээр үргэлжлүүлэн орших чадвартай байлгахын тулд энгийн нэг ухаанаас илүүтэй цогц мэдлэгтэй, гаршсан оюун ухаан хэрэг болно. Үүнээс үүдэн хаант засаглал, династи бий болсон ч дайн тулаан, цаг хугацааны усргалын явцад ийм системийн сул тал нь мэдэгдэж, өнөөгийн бидний даяарчлагдсан нийэмд хүрсэн билээ.

Өнөөдрийн нийгэмд манлайлагч хэмээх үгний цаана ямар нэг сүргийн ахлагч, хаан ноён бус, бусдыгаа уриалж, нийтээр нь хөдөлгөх чадвар, ухаан, мэдлэг чадвартай хүнийг хэлдэг. Мөн манлайлагч хүнд тавигдах нэн тэргүүний шаардлага бол өөрийн удирдлагад буй хүний нөөцөө нэг бүрчлэн зөв захиран зарцуулж, олон хүнийг нэг хүн мэт удирдан залж, нийт нийгмийнхээ хувьд өрсөлдөх чадвартай системийг зохион байгуулах чадвар юм. Түүнээс биш манлайлагч гэдэг үгийн утгыг бусдад дийлдэхгүй заль мэхтэй, бусдыг залилан хуурж, илүү мэдлэгтэйгээ далимдуулан завшигч гэж ойлгох нь өрөөсгөл юм. Тийм хүнийг манлайлагч бус, амиа бодогч гэж хэлж болох юм.

Манлайлагч гэдэг үгийг дан ганц дарга, захирагч, боос гэж бодохоос илүүтэй, мөн ухаантай, хүчтэй гэх аргументуудаас илүүтэй олон хүнийг хэрхэн нэг хүн шиг удирдан зохион байгуулж буйгаар нь хэмжилтэй. Нэг хүн нэг ажлыг хийсэнээс зөв зохион байгуулалттай олон хүн тэр ажлыг нэг хүнээс илүүтэй хийж чаддаг байж гэмээнэ сая манлайлагчийн хэрэг гарах юм. Нэг хүнд нэг сүнс байдаг гэж үзвэл олон хүн нэгэн хүн мэт үйл хөдлөл хийж чадаж байвал тэр нэгэн хүний сүнс нь манлайлагч нь байх учиртай. Тиймээс ямар нэг бүлэглэл, баг хамт олон, улс, нийгэм бүрт буюу олон хүн нийлж нэгдэн бий болгож буй нийгэм бүрт өөрсдийн гэсэн амин сүнс бий. Тэр амин сүнс хэчнээн хүчтэй байх нь хэчнээн ухаалаг, зальтай байхаас нь шалтгаална. Харин нийгэм гэдэг ойлголт нь өөрөө юу юм бэ?

Нийгэм гэдэг нь өөрөө олон хүний нийлж амьдарч буй амьдралыг хэлнэ. Хоёр буюу түүнээс дээш хүмүүс нийлж ямар нэг зүйлийг хийх буюу ямар нэг зүйлийг хийхийн тулд хоёро буюу түүнээс дээш хүмүүс нэгдэхийг нийгэм хэмээн ойлгож болно. Тэгвэл юуны төлөө тэдгээр хүмүүс нийлж байгаа нь сонирхолтой. Юуны төлөө нийлж байгаагаас үл шалтгаалан нийгэм бүрт харъяалагдаж буй хүн бүр өөр өөрсдийнхөөрөө манлайлагч байдаг. Улс орон, компани, баг хамт олон гээд олон нийгмийн хүрээлэлийг энд дурдаж болох ч нийгмэм гэдэг нь системийн ойлголт билээ. Энэ нь нийгмийг яаж ч хувааж болно гэдгийг илтгэнэ. Жишээ нь нэг ангид буй оюутнуудыг ямар нэг жагсаалтаар жагсаавал хэн нэг оюутан нь нэгт, хэн нэг нь хамгийн сүүлд орох нь ойлгомжтой, мянган чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэгчлэн. Тэгвэл тэр жагсаалтын шалгуурыг өөрчилсөнөөр ялагч, ялагдагчдын жагсаалт өөрчлөгдөнө. Энэ маягаар боломжтой шалгуур бүрийн үр дүнгүүд өөр өөр хүн гарах буюу бүх хүмүүс ямар нэг шалгуурын манлайлагч болдог. Хичээл бүрт өөр өөр оюутнууд тэргүүлдэг шиг тухайн ангид яриагаараа, царайгаараа, мэдлэгээрээ, хүчээрээ ч тэргүүлдэг хүмүүс байж л байдаг.

Тэгвэл манлайлагч хэмээх хүний хамгийн үндсэн шаардлага бол тухайн нийгмийн хүн бүрийн тэргүүлэх чадварыг мэдэрч, тэднийг удирдан залж, нэгэн хүн мэт хөдөлгөж чаддаг, тэдгээр хүмүүсийнхээ амин сүнс болж чадах явдал юм.

Comments

Popular Posts