Үхсэн хойноо Стийв Жообс

Уржигдар Apple-ийн үүсгэн байгуулагч, мандаан бадруулагч, цэцэглүүлэн дэлгэрүүлэгч, ерөнхийлөгч асан Стийв Жообс агсан болов. Тэр хүнд дэлхий дээр байгаа нийт хүн амын дийлэнх нь хайртай, учир нь тэр Macintosh, Mac OS, iMac, MacBook, iPod, iPhone, iPad, iTunes гэх мэт зүйлсийг хэдэн саяар зогсохгүй, хэдэн тэрбумаар нь үйлдвэрлэж, тив бүрт нийлүүлсэн.
Гэвч энэ хүнийг үхсэнд би их баярлаж байна, бас бурханыг их өрөвдөж байна.

Одоогийн GUI-гийн суурь, дуу хөгжимийн шинэ эрин үе, ухаалаг утасны зах зээлийн тэсрэлийн оч, таблэтийн шинэ эринг эхлүүлэгч гэх мэт, мөн дээрээс нь тун удахгүй утастайгаа ярих төгс хэрэглээ, үүлэн хамгаалалтын дэвшилтэт ойлголт гээд өчнөөн тэсрэлт, дэлбэрэлтүүд бол энэ шизотой нөхрийн байгуулсан гавъяа.

Гэвч эдгээр реактор мэт хүчтэй тэсрэлт дэлбэрэлт нь асар их хэмжээний талбайг хамраад зогсохгүй урт удаан хугацааны цацраг идэвхит үүлнүүдийг үүсгэсэн. Үүрд мөнх үл арилах энэ цараг идэвхит хор нь хүний өөрөө сэтгэн бодох чадварыг сулруулах, шуналын микроб үржих таатай нөхцлийг бүрдүүлэхээс гадна бэлгийн чадамж, нүдний хараа, эрхий хурууны шөрмөс  муутгадаг аюултай нь өдий хир нь тогтоогдсоор, батлагдан баримтжуулагдсаар буй билээ.

Библи дээр бичсэнээр бурхан анх хүнийг өөрийгөө клондож бүтээсэн гэдэг, тэгэхээр анхны Адам яг л бурханы хуулбар, нэг ёсондоо бурхан байсан гэсэн үг. Гэвч тэр хорт могойн алимыг ганц хазах төдийд хордож арчаагүй нэгэн болж хувирсан. Хүн төрлөхтөн ийнхүү өөрөө өөрийгөө хорлох замыг анхлан тавьжээ. Үүнээс хойш тэнэг хүмүүс өсч үржин, газар тариалан эрхэлж, хайлгайд түлэгдэж, гар хангалга хийж, нүгэл хурааж, нүгэлийнхээ хирээр зовон тарчилж, үхэцгээдэг болсон юм.


Харин нилээн сүүл хавьцаа Исаак Нютоны хар толгой дээр хараал идсэн бас нэгэн хорт алим унаснаар хүн төрлөхтөн оргүй хоосныг хэмжиж, огторгуйн уудамруу арвалзаж, дэлхийг бөөрөнхий хэмээн хийрхэж эхэлсэнээр бүр ч дэндүү тэнэг болцгоосон.








Харин саяхан хүн төрлөхтний толгой дээр дэлбэрсэн алим бол түүнийх. Тэр алимны бусад алимнаас ялгагдах ганц зүйл нь тэр аль хэдийн хазуулчихсан. Энэ дэлбэрэлтээс болж хүмүүст гар бичиг муудах, цээжээр бодох чадвар эрс буурах, ахлах нь багсах, анализдах нь хэтрэх, амьд харьцаа үгүй болох гэм мэт үй түмэн өвчний шинжүүд шинээр үүсэн бүртгэгдэж, бум бумаараа илэрч эхлэсэн.

Харин өдийг хүртэл хүн төрлөхтнийг нэг нэгээр нь болон үй олноор нь уйгагүй шийтгэж, заргадан шүүж, хүхэрт зуухыг зогсолтгүй түлж, газрыг хөдөлгөж, хуй салхиар үлээж, үер болтол шээж, үнс болтол бааж байсан ухаант ачтан бол бурхан аав маань билээ. Тэр анх биднийг клондсон үетэйгээ ав адилхан, хэв хэвээрээ, уужим сэтгэл, уудам ухаантайгаа л байж байгаа. Тэр хүн бидэнд мөн ч олон удаа сануулсандаа.



Уул нь үхсэн хүний нэрийг дурдаж болдоггүй юм гэнэ лээ, муу ёр дууддаг гэсэн. Харин би нэг хүнд муу ёр дуудмаар байна. Тэр бол мэдээж Стийв Жообс ах. Тэр хүн ийм их нүглийг хийчихээд үхэхдээ ч зүгээр үхэхгүй, олон хүнийг бухимдуулж байна. Миний таних хүмүүсийн ихэнх нь "Би тайван твийтлэмээр байна, би тайван зурагтын мэдээгээ үзмээр байна, би тайван..." гэх мэтээр бухимдацгааж байна. Учир нь Стийв ахын шунал нь хэтэрч, хүн төрлөхтнийг хорлохоос уйдаж, одоо бүр бурхан аавлуу маань санаархав.

Хүн төрлөхтөн минь сайн бодоорой, бид ийм тэнэг байж болох ч бурхан аав маань бидэн шиг болох гэж байна, тэгвэл хэн бидний шийтгэх юм бэ, жинхэнэ сүйрэл гэдэг энэ бус уу!!!



Дээрх нийтлэлд ямар ч шашны зорилго агуулагдаагүй ба Steve Jobs ахынхаа хийсэн бүх агуу зүйлд нь талархан, гэгээн дурсгалд нь зориуллаа. Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо.

Comments

  1. Хаха янзтай бичжээ. Энэ зураг ямар инээдтэйн. Гэхдээ л гунигтай :(. R.I.P Steve Jobs

    ReplyDelete
  2. Орчуулсан юм уу?

    ReplyDelete
  3. Бодлынхоо хэлээс Монгол хэлр vv орчууллаа кк

    ReplyDelete
  4. Сайхан хэллээ

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts