Interstellar киноны шинжлэх ухааны тайлал



Interstellar гэх сүржин нэрээр гоёсон шинжлэх ухааны уран зөгнөлт уг киног үзээд кино театраас гаран алхах миний сэтгэгдэл үүлтэй тэнгэрээс доохнуур, гэрлийн шонгоос дээхнүүр хөвөн нисэх авай. Энэ сараачсан юмаа би шүүмжлэл, review, critic гэх мэтийн аль нь болохыг мэдэхгүй, кино урлагийн мэдлэг хомс тул зүгээр л шинжлэх ухааны тайлал гээд мөн л сүржин гарчиглаж орхисныг өршөөнө биз. Учир нь сүүлийн үед сонирхон судалсан цөөн хэдэн шинжлэх ухаан, физикийн ойлголтуудын талаар гарсан тул өдийг хүртэл олж мэдсэн өөрийн мэдлэгийн хүрээнд шинжлэх ухаанч тайлал хийж, ийм зүйл судлан цагаа алдахыг хүсээгүй ч бас ч гэж энэ киног үзчихээд ойлгох гэж бэдэрч яваа, мөнхүү хараахан үзэж амжаагүй зарим хүмүүст урьтач болгож, бие халаалт гэдэг шиг мэдлэг халаалт болгох үүднээс киноны үйл явдал бус, гүнзгий шинжлэх ухаанаар л тайлагдах нарийн холбоосуудыг зангилааг тайлахаар энд сийрүүлж байна. Үйл явдлыг эс ярих тул үзэж амжаагүй байсан ч айх аюулгүй тул тухлан саат. Нэг үгээр уг киноны ард нь буй шинжлэх ухааны гүн мэдлэг, гүнээ байг гэхэд гүехэн ч атугай мэдлэгтэй байхгүй бол давсгүй хоол идсэн мэт санагдаж магад хэмээн сэрэмжлэх ажаамуу.

Inception, The Prestige, Superman (Man of Steel), Batman гэх мэт суу алдар нь тэнгэрт одод мэт түгсэн уран бүтээлүүдийн эзэн болох Christopher Nolan гэгч хүнийг мэдэхээ байг гэхэд нэр нь нэг л танил сонсогдоно. Нарийн чанд зангилаагаараа тархины нугалаа нэмэх түүний уран бүтээлүүдийг нь mindfuck гэх төрөлд үзэгч фэнүүд нь хамааруулдаг. Харин энэ удаагийн бүтээл болох Interstellar нь урьд урьдын бүтээлүүдээсээ ч илүү шинжлэх ухааны гүн гүнзгий судалгаан дээр үндэслэгдэн хийгдсэн нь тун их шуугиан тарьж байна. Үүний хамгийн том баталгаа нь агуу эрдэмтэдтэй мөр зэрэгцдэг, Калифорны Технологийн Их Сургуулийн онолын физикч Kip Throne уг киноны шинжлэх ухааны тооцоолол, төсөөлөл дээр нь ажилласэн хэрэг билээ. Түүний бичсэн The Science of Interstellar гэх ном нь хүртэл Amazon дээр бестселлер болж, мөн ижил нэртэй 40 гаран минутын Discovery сувагтай хамтран хийсэн баримтат киног нь YouTube дээр хагас сая гаран хүн үзээд амжжээ. Киноны гол утга санаа нь дэлхий дээр амьдрах боломжгүй болсон тул хүн төрөлхтөнд туслахаар сансрын хөлөг хөлөглөсөн хайгуулын баг өтний нүхээр дамжин амьдралтай гариг хайхаар явдаг тухай юм. Wolf of the Wallstreet-ийн алдарт кокчин залуугийн дүрийг бүтээгч Matthew McConaughey, Batman-ийн сүүлийн анги The Dark Knight Rises-ийн Catwoman-ий дүрийг амилуулсан Anne Hathaway тэргүүтэй жүжигчид цуврах бөгөөд мэдээжийн хэрэг Christopher Nolan-ы кино болгонд харагддаг өвөө болох Michael Caine-г ч мартаагүй аж ээ. Миний л мэдэхийн Batman-ээс эхлээд Nolan-ы бүх л кинонд энэ өвгөн харагдах агаад баруун гарынх нь хамтрагч учраас ийнхүү кино бүрд нь тоглосоор, бараг энэ өвгөнийг Nolan гэж андуурдаг хүмүүс ч бий болоод амжжээ. Киноны хөгжмийг мөн л Nolan-ы кино бүрт хөгжмийг нь бичдэг, түүгээр ч үл барам, дэлхийг бүх л шилдэг кинонууд болох The Lion King, Mission Impossible, Pirates of the Caribbean, August Rush, Iron Man, Batman, Monsters vs. Aliens, Transformers, Inception гээд шувт мэддэг лагуудаар үргэлжлэх жагсаалтыг тууривагч Huns Zimmer бичиж найруулсан байна. Бараг түүний хөгжмийн найруулгатай кино л алдард хүрдэг гээд дүгнэчихэд алдас болохооргүй энэ агуу эрхмийн суу заль энэ кинон дээр ч мөн л адил сэтгэлд гүн сийлэгдэх хурц бүтээл тууривжээ.

Шинжлэх ухааны хувьд тэртээ зуун жилийн өмнө Айнштайнаас эхлсэн хоёр ойлголт байдаг ба эдгээр нь өнөөдрийн бидний шинжлэх ухааны суурийг тавих хувьсгалыг хийж ээ. Уг хоёр онол болох харьцангуйн онол, квант механик хоёрыг л багцаалаад ойлгочихсон байхад энэ киноны шинжлэх ухаан тэр чигтээ багтах юм. Юун харьцангуйн онол гэж зарим нь унтарч байхад квант физик гэж сонсоогүй нэгэн нь ч энд үүнийг ширтээд сууж байгаад эргэлзэхгүй байна. Тиймээс эдгээр хоёр ойлголтыг хялбархан гэгч нь тайлбарлаад, түүний дараа киноныхоо зангилаануудтай холбож зүйгээд явчихъя гэж бодлоо.

Аль бүтэн зууны өмнө эхлээд, өнөөдрийн бидний амьдралд компьютер, хими, гар утас, GPS гэх мэтээр гүн нэвччихээд байгаа энэ хоёр ойлголтыг зарим хүмүүс сонссон ч сонсоогүй мэт явахыг эрмэлзэх агаад, квант физикийн тухайд бол энэ нь саяхан гарч ирсэн цоо шинэ ойлголт мэтээр хүлээж авах ч хүмүүс байна. Тиймээс юу юуны өмнө хамгийн сайн мэдэж авах ёстой зүйл бол хаа байсан 1900-гаад онд буюу 19-р зууны эхэнд, бидний зууны хүн, агуу эрдэмтэн гэхээс цааш мэддэггүй Алберт Айнштайн гэх германы жүүд нөхөр "ХАРЬЦАНГУЙН ОНОЛ", "КВАНТ МЕХАНИК" гэх хоёр үндсэн шинжлэх ухааныг эхлүүлсэн юм, энэ хоёр нь өдийг хүртэл физик, хими гээд бүх байгалийн шинжлэх ухааны салбарт гол ноён нуруу нь болсоор явна

Харьцангуйн онол нь цаг хугацааг сунаж агшдаг, удааширч хурдалдаг тийм нэг хувьсаг хэмжигдэхүүн гэдгийг номлодог. Саяхныг хүртэл цаг хугацааг хаана ч чиг чаг чиг чаг, нэг... хоёр... гурав... гээд л нэгэн ижил хэмнэлээр явах ёстой тогтмол хэмжигдэхүүн хэмээн төсөөлсөөр ирсэн билээ. Энэ нь нэг эхээс төрсөн ихэр хоёрын өрөөснийг 100 давхар барилгын хамгийн дээд давхарт нь, нөгөөг нь хамгийн доод давхарт нь нийт 60 жил амьдруулаад уулзуулахад аль нэг нь залуу, нөгөдөх нь хөгшин болсон байх учиргүй гэсэн үг билээ. Гэвч энэ нь боломжтой болохыг харьцангуйн онолоор баталдаг. Масс ихтэй, дэлхий, нар шиг аврага биед хэдий чинээ ойр байна, төдий чинээгээр цаг хугацаа удааширдаг байна. Гэхдээ энэ нь харьцангуй буюу тухайн удаашрал нь танд мэдэгдэхгүй бөгөөд, гагц хүү хүнд биеээс хол буй өөр нэгэнд л энэ нь ажиглагдах юм. Эсэргээрээ таныг ажиглаж буй тэр холын нөхөрийн цаг хугацаа танд хурдассанаар ажиглагдах бөгөөд мэдээж уг хурдасалт нь тухайн тэр хүндээ мөн л мэдэгдэхгүй. Иймд үүнийг харьцангуйн онол гэдэг билээ. Энэ ч утгаараа масстай биесийн харилцан үйлчлэл болох гарвитацийн хүч, бидний нэрлэдгээр таталцлын хүчийг маш нарийн тусгасан байдаг нь уг онол гараг ертөнц хийгээд сансар огторгуйн уудам, авраг том, үлэмж хүнд биесийн хоорондын харилцан нөлөөг судалж, ажиглаж, тааварлан хэлэх боломжийг олгодгоороо сансрын аялал, хиймэл дагуул, гариг хоорондын судалгаа зэрэгт онцгой ач холбогдолтой юм. Энэ аугаа онолыг анх 1905 онд Алберт Айнштайн томъёолсоныг дээр дурдсан.

Эсрэг талд нь буюу нүдэнд ч үл үзэгдэх атом молекул, нейтрон протон мэт эгэл ертөнц болоод ирэхээр харьцангуйн онолын хирээс хэтрэх бөгөөд уг хэт бичил ертөнцийг гагцхүү квант механикаар ажиглан судалж тайлбарлах боломжтой болдог билээ. Бидний тархинд гаднах орчноос өгөгдөж буй нийт мэдээллийн 50 гаран хувь нь нүдээр дамжин ирэх гэрэл байдаг. Гэтэл хүн төрөлхтөн уг гэрэл гэгчийн мөн чанарыг өдийг хүртэл тайлж мэдэж чадаагүй байдаг билээ. Сайн яривал усны мөн чанарыг ч бүрэн тайлж мэдээгүй байгаа гэвэл та лав гайхах биз. Эдгээр зүйлс бүгд өөрийн гэсэн гайхалтай, ид шидийн гэмээр шинж чанартай байдаг. Гэрлийг ойдог, хугардаг, задардаг, линз, толь мэтийг ашиглан алсын оддыг болоод алган дээрх нян бактерийг харж болох дуран авай хийж болдгийг бид мэдэх боловч яг үнэн чанарыг нь тайлж мэдсэн хамгийн анхны томоохон алхам бол James Clerk Maxwell гэх суут эрдэмтний хийсэн дүгнэлт билээ. Энэ хүний гавьяа нь тухайн үедээ тус тусдаа тусгаар ойлголт байсан цахилгаан, соронзон гэх хоёр хүчийг нэг зүйлийн хоёр тал хэмээн нэгтгэн тайлбарлаж цахилгаан-соронзон хүч хэмээн нэгтгэсэн билээ. 1865 онд нээгдсэн энэ онол нь физикийн түүхэнд хамгийн анхны "нэгдэл"-ийн гэх тодотголтой онол байв. Уг онолоос мөрдөгдөн гарч буй нэгэн чухал баримт нь гэрэл бол цахилгаан-соронзон "долгион" юм гэсэн дүгнэлт байлаа. Эндээс гэрлийг долгион гэж үзэх болсон бөгөөд үүний учир нь гэрлийн үзүүлж буй шинж чанарууд нь усны мандалд дээр үүсч буй долгион луугаа байсан хэрэг билээ. Үүнийг арван жилийн хичээлд үздэг тул цааш ярих нь илүүц хэрэг. Ийнхүү 40-өөд жилийн дараа дахиад л манай үс ноосондоо баригдсан жүүд нөхөр болох Айнштайн гарч ирээд гэрлийг долгион бус, бөөм юм гээд маргахын аргагүйгээр батлаж орхих нь тэр. Чухам энэ мөчид л квант механик анх үүссэн юм. Өдгөө гэрэлийг долгиолог, бөөмлөг гэх шинжлэх ухааны маргаан дуусч, квант механикийн онолын хүрээнд гэрлийг долгиолог болон бөөмлөг шинж чанарыг хоёуланг нь агуулна хэмээн зөвшилцөлд хүрсэн юм. Зарим үед гэрлийг долгион гэж бодох нь ашигтай байдаг бол заримдаа бөөм гэж бодох нь ашигтай аж ээ. Үүнийг долгиолог бөөмлөгийн дуализм гэх бөлгөө. Энэ л эгэл зүйлийг тайлбарласан энэ онол атом молекул, электрон протоны хөдөлгөөнийг яв цав тайлбарлаж, өнөөгийн радио харилцаа, компьютер, хими гэх мэт салбар хөгжих гол тулгуур болж ээ. Ийнхүү өнөөгийн хамгийн хүчирхэг гэгдэх хоёр онолыг уламжлал ёсоор нэгэн еврей үндэстэн, тодруулбал Алберт Айнштай тавьсан түүхтэй юм.

Өнөөдөр ертөнц дээр хоёр гол хүч байх ба нэг нь гараг ертөнцийн таталцлын хүч буюу гравитаци, нөгөө нь цахилгаан-соронзон хүч буюу электромагнетик хүч авай. Таталцлын хүчийг харьцангуйн онол тайлбарлаж, цахилгаан-соронзон хүчийг квант механикийн онол тайлбарласнаар өнөөгийн байгалийн шинжлэх ухаан хоёр гол хэсэгт хуваагдсан байдалтай байх ба үүнийг нэгтгэх нь шинжлэх ухаанчид, физик математикчдын чин хүсэл эрмэлзэл болоод буй юм. Үүнийг супер нэгдэл гэж нэрлэх бөгөөд үүнээс гарч ирэх онолыг Theory of Everything буюу бүх зүйлийн онол гэж нэрлэх юм. Уг онолоор орчлон ертөнц дээрх бүхий л зүйлсийг маш нарийн тайлбарлах боломжтой болно гэж найдаж байна. Харин манай киноны гол зохиолд уг хоёр хүчийг нэгтгэж хараахан амжаагүй байх ба энэ хүчнүүдийг нэгтгэсэнээр гарч ирэх үр дүнд нь суурилан дэлхийн бүх хүмүүсийг хайгуулчдын олсон амьдралтай гаригруу нүүлгэн шилжүүлэх боломжтой болох юм.

Одоо илүү кинотойгоо уялдуулан тайлбарлъя. Манай кинон дээр хар нүх, өтний нүх, мөн цаг хугацаа, орон зайн гажилт, сансрын түр буудал гэх мэт тун сонирхолтой зүйлс гарах бөгөөд бүгд дээрх хоёр онолтой нягт уялдаатай юм. Хар нүх бол манай нарнаас үлэмж их хэмжээний масстай боловч цэг мэт жижигхэн гариг байх бөгөөд ийм их масстай биетрүү унасан гэрэл хүртэл мултарч үл чадан сорогдох авай. тухайн цэгийг тойроод гэрлийн арай хийн гарч чадах мужаас дотогш юу байгааг бид мэдэх ямар ч боломжгүйгээр харанхуйлан байдаг тул хар хэмээн нэрлэж ээ. Үнэндээ бидэнд л мэдрэгддэггүй болохоос 300'000км/секунд хурдтай аялах гэрэл хүртэл масс ихтэй биеийн хажуугаар аргагүй бөхөлзөн муруйж явдаг аж. Ийнхүү хар нүхний цаана байх сансар огторгуйн гэрэл мушгиран сөөлжсөөр бидний нүдэнд ихээхэн эвдэрч, яг л саринуулагч линз тавьчихсан мэт харагддаг тул үүнийг бид gravitational lensing буюу татах хүчний линз хэмээн нэрийддэг. Асар өндөр татах хүчнийхээ нөлөөгөөр эргэн тойрондох гариг, сансрын тоос зэргийг өөрлүүгээ бараг л гэрлийн хурдаар сордог учир түүнийг тойроод түүнрүү сорогдон орж буй, сорогдон орохдоо түүнийг ороон мушгиран эргэж байх явцдаа халсан эдгээр биес гэрэлтэж санчрыг тойрох бүслүүр мэт хар нүхний гэрлт бүслүүр нь болон хувирдаг аж. Устай ванны бөглөөг авахад ус зайлуулагч нүхрүү мушигран орж буй устай андуурахын аргагүй ижилхэн явдал тэнд болдог тул ингэж төсөөлөх нь илүү хялбар байх буйзаа. Харин gravitational lensing нөлөөгөөр ард нь буй бүслүүрээс гарсан гэрэл хар нүхийг даган муруйж бидний нүдэнд ирэхдээ хар нүхийг дээр доороос нь бүсэлсэн мэтээр мөн харагдах аж ээ.

Харьцангуйн онол ёсоор биес хүнд байх тусмаа цаг хугацааг илүү удаашруулдаг бол хар нүх нь хязгааргүй их масстай тул хязгааргүйгээр цаг хугацааг удаашруулдаг аймшигт зүйл билээ. Харьцангуйн онолыг ойлгох хамгийн хялбар арга бол орон-цагийн хавтгай буюу орон зай, цаг хугацаа хоёр нь нэг зүйл агаад нэгэн хавтгай дээр буюу тэгшхэн диваны гадрага шиг зүйл дээр оршдог гэж үзвэл гравитацийн хүч нь уг хавтгайг доош нь дарж хонхойлгох мэт үйлчлэл үзүүлэх юм. Ийнхүү хонхойсон хонхойрхойруу нь бусад хөнгөхөн биес өнхөрөн орох боломжтой болно гэсэн төсөөллөөр татах хүчийг маш гоёмсог, оновчтойгоор тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд гүнрүү орох тусам цаг хугацаа удааширч, орон зай сунах бөлгөө. Илүү ойлгомжтой болгохын тулд доорх дүрст бичлэгийг мөн үзээрэй.



Хар нүхний эргэн тойронд gravitational lensing бий болж, хар нүхний цаагуур байх ёстой бүслүүр нь үүний нөлөөгөөр дээгүүр нь байгаа мэт харагдаж байгаа нь. Доод талд нь үүсч байгаа нь дээд талынхаа толин тусгал болохыг харуулах зорилгоор бүслүүрт өнгө өгжээ.

Харин хар нүх шиг биеийн хязгааргүй муруйлгасан хонхорхой нь явсаар байгаад хаа нэг газрын өөр нэг ийм хязгааргүй муруйсан хонхорхойтой үзүүрээрээ нийлэх боломжтой бөгөөд үүнийг Айнштай-Розений гүүр буюу өтний нүх хэмээн нэрлэдэг. Өтний нүхээр дамжин сансар оторгуйд гэрлийн жилээр хэмжигдэх холхи газрыг үлэмж ихээр товчлох боломжтой байдаг тул уг зүйлд шинжлэх ухаанчид чамгүй ухаан зарж буй билээ. Гэлээ ч энэ зүйл нь зөвхөн онолоос урган гарч ирсэн шинлжэх ухааны үндэслэл бүхий төсөөлөл бөгөөд хараахан үүнийг нээж илрүүлээгүй байгаа юм. Хэрвээ үнэхээр өтний нүхийг оллоо гэхэд тэр нь хуйларсан хонгил мэт бус, харин ч нэг үзүүрээс нь орсон гэрэл нөгөө үзүүрээрээ шууд гарч ирэх тийм нэг өөр ертөнцөн бөмбөлөг мэт харагдах ёстой юм. Огторгуйд нэгэн шилэн бөмбөлөг явж буй мэт gravitational lensing эффектийг мэдрүүлэхдээ дотор талд нь харин цаад талын дүрс нь бус, өөр орон зайн однууд үзэгдэх авай. Учир нь үүнийг холбож буй хоёр биес нь хар нүхнээс ялгаагүй асар өндөр масс бүхий бөмбөрцөг гаригууд байх учир. Үүнийг өөр ямар ч кино, дүрс дээр харж байгаагүй бодит мэтээр энэ кино дүрсэлж чадсан нь сэтгэлийн углуургыг хөндөж байлаа.

Өтний нүхийг хялбарчилсан диаграм. Улаанаар тэмдэглэсэн газрыг бид өтний нүхээр дамжин товчлох боломжтой юм. Энэ нь магадгүй хэдэн зуу, хэдэн мянган гэрлийн жилийг ч товчлох боломжийг олгоно.

Кинон дээр үзүүлсэн өтний нүх. Наана нь буй жижигхэн цагаан цагираг бол өтний нүхрүү нэвтэрч яваа Endurance хөлөг.

Ийнхүү өтний нүхээр дамжин олоон гэрлийн жилийг товчилж тэс өөр орон зайн үүдээр орж ирэх тэднийг Gargantua гэх аварга том хар нүх угтан авах авай. Уг хар нүх нь манай нарны аймагтай ижил Gargantua аймаг бөгөөд өөрийг нь тойрч хэдэн хэдэн гаригууд орбитоор эргэдэг нь нарны аймаг дотор амьдралтай гараг байхгүйг мэдсэн дэлхийн хүмүүст сүүлчийн итгэл найдвар нь болсон юм. Харин энд үзэгчдийн хамгийн том эндүүрэл гардаг. Gargantua хар нүхийг тойрон эргэх гаригуудын хамгийн дотор талаар эргэх, анх буусан судлаачдынх нь нэрээр нэрлэснээр Miller гариг нь тэр чигтээ усаар бүрхэгдсэн бөгөөд дэлхийн татах хүчнээс ердөө 130% буюу 30%-хан хувь илүү татах хүч бүхий гариг юм. Гэвч энэ гариг дээр цаг хугацааны асар өндөр гажилт ажиглагддаг нь уг гариг дээр өнгөрөөх нэг цаг нь задгай сансарт үлдсэн хөлөг болоод дэлхий дээрх 7 жилтэй тэнцэх хэмжээнийх байх юм. Харин үзэгчид ийм том гажилт үүсэхийн тулд Miller гариг маш их масстай байх хэрэгтэй ба, тийм хэмжээний масстай гариг дээр хүн алхаж байтугай амьд хэвтэх ч хүндрэлтэй байхуйц татах хүчтэй байх шаардлагатай гэлцдэг. Гэтэл тэр гариг дээгүүр тэнгэр баганадсан давлагаа бий болохоос гадна хүмүүс зүгээр л алхаж, дэлхийгээс Space Shuttle хөлөг мэт шатлан салдаг тийрэгчийн тусламжтай арай ядан гарсан Ranger хөлөг уг гариг дээрээс Star Wars дээр гардаг шиг зүгээр л нисээд явчихдаг гэнэ. Дэлхийгээс 30% илүү гравитацтай энэ гариг цаг хугацааг хэрхэн тэгж өөрчлөв хэмээн ярих нөхдүүд эгээтэй л уг киноны эмзэг цэгийг нь олсон мэт хөөрцгөөх аж. Гэвч дээрх бүх зүйлсэд шинжлэх ухааны баттай хариу барьж болохыг сийрүүлье. Юуны түрүүнд Miller гариг бол Gargantua-гийн хамгийн ойр гариг, тиймээс Gargantua хар  нүхний мурийлгасан асар том хонхорхой ангалын дотор талд оршдог билээ. Тиймээс энэ цаг хугацааны гажиг бол Miller гаригийнх бус Gargantua хар нүхнийх аж ээ. Харин Endurance хөлөг нь уг орон-цагийн огцом хонхорхойн гүн хавцал мэт ирмэгийн гадна талд үлдсэн бөгөөд Miller гариг дээр манай хэд хэдхэн цаг болоод эргээд очиход тэнд хэдэн арван жил өнгөрсөн байх аж. Харин дэлхийгээс салдаг тийрэгч пуужингийн тусламжтай арай ядан гарсан Ranger хөлөг дэлхийгээс даруй 30% илүү татах хүчтэй гаригаас зүгээр л нисээд гарсан нь нэгт Ranger өөрөө ийнхүү хөөрч тасрах хүчин чадалтай, ирээдүйн пласма жет хөдөлгүүр бүхий хэвтээ газардагч сансрын хөлөг юм, мөн Miller-ийн агаар мандал дэлхийнхээс сийрэг байсан байж болно. Хоёрт, задгай сансарт хөөргөж буй онгоцыг өөрийнх нь түлшээр дэлхийгээс гаргана гэдэг бол эдийн засгийн хийгээд техникийн асар үрэлгэн шийдэл юм, тиймээс ирээдүйд хэрэглэх түлшийг нь аль болох хэмнэх үүднээс дэлхийгээс өөр хөдөлгүүрт дайж явуулсан хэрэг, учир нь задгай сансарт ямар ч шатахуун түгээгүүр байхгүй, мөн Space Shuttle-ыг хөөргөдөг шиг нэг дор дан ганц Ranger гэлтгүй, өөр хэд хэдэн хиймэл дагуул ч юм уу ямар нэг юмыг цугт нь хөөргөж нэг сумаар хоёр туулай агнасан байж болох юм. Учир нь үүнийг туйлдаа хүртэл ядарсан ард иргэдийн татварын мөнгийг ашиглан нууцаар хийж буй билээ.

Өтний нүхнээс хэдхэн сарын зайд орших Garganuta хар нүх болон түүний хамгийн эхний дагуул Muller гариг дээр Endurance хөлгийн газардагч Ranger буусан замнал болон хар нүхнээс үүдсэн орон зай, цаг хугацааны мурийлтын диаграм


Энэ киноны мөн хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол хар нүхний дотор талруу ордог хэсэг бөгөөд тэнд 5 хэмжээст ертөнц болох тессеракттай уулзаж өнгөрсөнрүү өнгийдөг хэсэг. 3 хэмжээст огторгуйд орон-цагийн гэгдэх харьцангуйн онолын 1 хэмжээс нэмэгдсэнээр 4D буюу 4 хэмжээст ертөнцөд одоо бид амьдардаг бол хаа нэг газар 5 дахь хэмжээс байх ба уг хэмжээсээр дамжуулан өнгөрсөн болон ирээдүйг мэдэх нь шинжлэх ухаанд боломжтой хэмээн тооцогддог билээ. Тэр ч бүү хэл орчин үеийн хамгийн их найдлага тавиад буй string theory буюу утасны онолд 11 хэмжээс байдгийг сонирхуулчихъя. Харин хар нүхрүү орох гэдэг нь магадгүй хамгийн аймшигтай зүйл байх, учир нь тийшээ нэг орвол гарах боломжгүй билээ, нөгөөтээгүүр хамгийн сонирхолтой зүйл ч бас мөн, учир нь тэнд юу байдгийг хэн ч харж байгаагүй тийм онгон лагшин газар юм. Стивен Хаукинг хар нүхийг бурхны нууц тэнд буй бөгөөд өөрийн нууцаа биднээс ийнхүү халхалж байна ч гэж нэгэнтээ бичжээ. Тиймээс сансар огторгуй, шинжлэх ухаан сонирхдог хүн бүрт хар нүхний дотор юу байх нь туйлын сонирхолтой зүйл юм. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан чухамхүү энэ л нүхний ёроолд бидний эрээд буй харьцангуйн онол, квант механикийн нэгдсэн нэгдлийн онол, орчлон ертөнцийг тайлан түлхүүр нуугдаж буй гэж үзэх нь энэ онцгой зүйлийг судлах судлагааны даарин дээр давс нэмсэн хэрэг болсон юм. Олон жилийн дараа болох уг киноны үйл явдал дээр ч эрдэмтдийн уг горьдлого биелээгүй ч тасраагүй байж байх аж. Харин энд үүсдэг бас нэг зөрчлийг киноны алдаа мэт хүмүүс хэлэлцэж, уралдан байж муулж байх юм. Гэвч энэ киноны гол зангилаа тул яримааргүй байдаг, тиймээс санал болгоход, хэрвээ та уг киног үзэж хараахан амжаагүй бол доорх нэг параграфыг алгасаад, үзсэнийхээ дараа эргэн орж ирж уншихыг зөвлөж байна. Тэсгэл алдан унших аваас киноны утга учрыг урьдчилан мэдэхэд ямар байдаг билээ, тэр мэдрэмжийг авах хохио өөрөө хийсэн хэрэг болно шүү. Тиймээс зөвхөн үзсэн хүмүүс доорх нэг параграфыг алгасалгүй уншаарай.

Энэ нь гол дүрийн залуу Cooper хар нүхний ёроолоос өнгөрсөнлүү гаравитацийн хүчээр нөлөөлж, ямар нэг юм хэлэх гэж оролдох ч бүтэлгүйтэх бөгөөд мэрийснийхээ хүчинд гурван зүйлийг дамжуулж чадсан нь "stay" гэдэг үг,  NASA-гийн судалгааны байрны координат бас харьцангуйн онолыг квант механиктай нэгтгэсэн эцсийн онол гурав байж ээ. Нэгэнт өөрийгөө үлд хэмээн хэлчхээд дараа нь эргүүлж явуулах гэж координатаа хэлж байгаа нь тун логикгүй мэт өнгөц харагдах боловч эхлээд сэтгэл хөдлөлдөө автан "үлд" хэмээн хэлсэн үгнээсээ болж тэр өнгөрсөндөө сансарт нисэлгүй үлдчихвэл дэлхий ертөнцийг аврах томъёог энд одоо ингээд TARS-тай цуг нээчхээд хүн төрөлхтөнд дамжуулаад байж байх боломжгүй болох тул хичээнгүйлэн өөрийгөө эргүүлж явуулахын тулд координатыг өгдөг билээ. Ийнхүү өнгөрснөө одоогийн өөртэйгөө чадан ядан холбосноор цагийн зүү, гравитацын хүч хоёрыг ашиглан Theory of Everything-гийг дамжуулдаг билээ.

Мөн зарим үзэгчдэд, надад ч бас киноны үед ойлгомжгүй үлдсэн зүйл бол Cooper Station буюу Санчир гаригийн тойрог замд байрлах аврага том сансарын түр буудал юм. Ийм зүйл хэрхэн ажилладаг, энэ нь чухам юу болох талаар ихэд сонирхол татаж байсанаа судлаж үзвээс O'Neill-ийн цилиндр гэх зүйл бөгөөд цилиндр хэлбэртэй аврага том савыг тэнхлэгийнх нь дагуу эргүүлсэнээр төвөөс зугтах хүч үүсч, энэ нь цилиндрийн хананд татах хүч мэт хүчийг бий болгож байгаа аж ээ. Endurance хөлөг ч мөн адил, эргэх хөдөлгөөнөөс үүсэх төвөөс зугтах хүчийг хиймэл татах хүч болгон ашигладаг билээ.

Энэ мэтчилэн олон гайхалтай, сэтгэл догдлуулсан, зүрх шимшрүүлж нулимс унагасан мөчүүдээр дүүрэн уг киног дээрх мэдлэгийн ачаар илүү таашаан үзнэ хэмээн найдаж байна. Өшөө илүү сонирхох, асуух зүйлс байвал би өөрийн чадлын хирээр хариулах бөгөөд хэрвээ дээр нарийн ширийн алдаа гарсан байх аваас өршөөн хэлтрүүлж, залруулж өгнө биз ээ.

Дээр нэгэн зүйл дутуу хийгээд нэгэн зүйл буруу оруулсанаа энд тэмдэглэе. Энэ нь уг ойлголтыг энгийн төвшинд авахыг эрмэлзэгч уншигч авхай нарт зориулан хялбаршуулан товчилсон болох тул шинжлэх ухааны экспертүүд тогтож үзээрэй гэж гуйя. Алдаа нь бол өнөөгийн шинжлэх ухаанд үндсэндээ хоёр бус, нийт дөрвөн хүч байдаг нь татах хүч хийгээд цахилгаан-соронзон хүчнээс гадна цөмийн хүчтэй хүч болон цөмийн сул хүч гэх хоёр хүч орж ирдэг билээ, гэвч энийг дээр дурдах нь илүүц бөгөөд эдгээр хоёр цөмийн хүчийг цахилгаан-соронзон хүчтэй нэгтгэсэн их нэгдлийн хүч хэмээн бүлэглэснээр авч үзсэнд тооцно уу, хэдийгээр энэ маргаантай зүйл авч ингэж ойлгох нь илүү хялбар юм. Харин дутуу үлдээсэн зүйл нь болбоос орчин үеийн квант механикт татах хүчийг нэгтгэх маш том алхам саяхан болсон нь Higgs boson буюу бурхны бөөмийг олсон явдал билээ, уг эгэл бөөмийн ачаар квант таталцлын хүч буюу харьцангуйн онол, квант механик хоёрыг нэгтгэх чухал үүрэгтэй юм.

Comments

  1. Нэг асуулт байна, Cooper яаж амьд гарсын (хар нүхнээс хэрхэн гарсан юм бол). Аан тийн бас Superman-ийг Нолан найруулаагүй продюсер хийсэн юм байна шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Cooper амьд гарсан нь Cooper-ийн охиндоо дамжуулсан квант таталцлын шинэ онолтой холбоотой. Хар нүхнээс TARS-ийн олсон уг харьцангуйн болон квант физикийн "нэгдсэн" онол нь бүх зүйлийн, тэр ч бүү хэл хар нүхний доторхыг ч тайлбарлан хэлэх учиртай. Нэгэнт хар нүхний нууцыг мэдчихсэн тул түүнрүү орох хийгээд гарах технологийг нээчихсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр Stephen Hawking-ийн Цаг хугацааны товч түүх номон дээр "хар нүх нь тийм ч хар бус" тухай дурдсан байдаг. Харьцангуйн онол ёсоор хэт хумигдсан уг гариг нь өөрөөсөө квант механикийн хуулиар тодорхой цацаргалт хийдэг байна, үүгээрээ залгисан бүх матераа өөртөө шингээдэггүй, цацаргалт болгон эргүүлж гаргадаг. Тиймээс нэгэнт орсон Cooper, Tars хоёрыг уг цацаргалтаар нь барьж авсан байж ч болох юм. Учир нь энэ чинь Theory of Everything нээгдээд даруй 20 гаран жил өнгөрчихсөн байгаа шүү дээ. Харин Cooper-ийн залуу байгаа нь хар нүхэн дотор цаг хугацаа зогсоно.

      Man of Steel-ийн хувьд миний буруу байж ээ, Zack Snyder-ийх юм байна, баярлалаа.

      Delete
    2. Бидний төсөөлж чадахгүй 5 хэмжээст ертөнц

      Delete
  2. Надад анх өтний нүхийг хэн нээсэн бэ гэдэг сонирхолтой санагдсан. Миний ойлгосноор бүүр анх Б төлөвлөгөө хэрэгжсэн ямар нэг байдлаар капсул амьдрах боломжтой гаригт хүрээд өсөж үржсэн илүү хөгжсөн тэгээд өөрсдийн эцэг өвгөддөө амьд үлдэх бололцоог нээхээр нүхийг нээсэн юм болов уу гэж бодсон...

    ReplyDelete
    Replies
    1. Тэгвэл цаг хугацааны парадокс болох биш үү? Хэрвээ тийм бол өтний нүх байж байж л B төлөвлөгөө хэрэгжинэ, B төлөвлөгөө хэрэгжиж байж л өтний нүхийг нээнэ. Гэтэл нэгэнт өтний нүх байхгүй үед B төлөвлөгөө хэрэгжихгүй, нэгэнт B төлөвлөгөө хэрэгжихгүй бол өтний нүх нээгдэхгүй?

      Delete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. ...Ээж болохыг хүсдэг нэг залуу байж ээ. Түүнийг нялх байхад асрамжийн газрын үүдэн дээр орхиод явсан байсаныг олсон ба тэр асрамжийн газраа өсчээ. Ийнхүү том болоод тэр залуу цаг хугацааны машин бүтээж, түүгээрээ өнгөрсөн үерүү очиж гэнэ. Эргэж ирээдүйрүү очих боломж байхгүй болсон байсан ба үүнийг мэдээд тэр залуу сэтгэлээр унаж уушийн газар орж, текен дээр суун юм уунгаа бармен бүсгүйтэй танилцаж, бүх үнэнээ хэлжээ. Тэгээд тэр хоёр бие биедээ хайртай болж хүүхэдтэй болсон юмсанж, харамсалтай нь бүсгүй нь төрөлтийн хүндрэлээ дийлэлгүй нас барж залуу нь ганцаараа хүүхэд өсгөж чадахгүйгээ мэдээд асрамжийн газрын үүдэнд орхиод, хувь тавилангаа хараан зүхсээр нэгэн өдөр өөрийн хүслээ биелүүлэхийн тулд хүйсээ солиулж эмэгтэй хүн болж ээ. Ингээд амь зуухаар анх очиж байсан уушийн газраа бармен хийх болсон ба тэр үедээ өөрийгөө ирээдүйгээс ирсэн ч энд гацсан гэх нэгэн залуутай танилцаж гэнэ...

    Дээрхтэй адил зүйлийг цаг хугацааны хязгааргүй давталт гэх ба ийм юманд эхлэл болон төгсгөл гэж байдаггүй, тиймдээ ч шалтгаан, урьтач нөхцөл бас байдаггүй. Тэр залуу өөртэйгөө гэрлэж, өөрийгөө төрүүлсэн байгаа юм, нэг ёсны хязгааргүй цус ойртолт, генетикийн ижилсэл явагдаж байсан ч хамаагүй залуу маань тэнэг болж болохгүй, тэнэг болоогүйн шалтгаан нь, мөн баталгаа нь тэр өөрөө одоо оршин байгаа нь юм. Энэ оршин байгаа үйл явц мөнхөд давтагдаж байсан ба давтагдсаар ч байх ёстой. Тиймээс үүнд урьтач нөхцөл нь байх урьтач нөхцөл байхгүй гэсэн үг. Магадгүй дээрх Shaggybat-ын үнэн ч байж болох юм, "they" бол B төлөвлөгөөний үр дүн ба тэд ирээдүйгээс биднийг аварч өөрсдийгөө аврахын тулд өтний нүхийг манай нарны аймагт бий болгоод нөгөө үзүүрийг өөрсдийн гаригруу заасан, дээр нь Күүперт зориулж Тессеракт бэлдэж, Т.А.Р.С-д нэгдсэн онолыг өгсөн ч юм билүү. Тэгэхээр яаж гэдэг асуулт хязгааргүй цааш хөвөрсөөр, хэзээ нэгэн цагт хариу нь олдлоо ч эргэж бидэн дээр ирэхээсээ өнгөрсөн хол очсон байх болов уу.

    Энэ кинон дээр одоогоор шинжлэх ухаан хараахан тогтоогоогүй байгаа сиймхийнүүдийг ашиглан уран сайханы аргаараа чигжиж, үүгээрээ л шалдан Айнштайны онолоос хавьгүй үзүүштэй болсон болов уу. Өндөг анхдаг ч уу тахиа анхдаг ч уу гэдэгтэй адил асуулт тул хариулахгүй байх нь илүү зөв байх, бас асуухгүй байх нь ч соёлтой хэрэг болж магад. Юмыг яаж мэдэхэв, бас хариултыг нь олчих ч юм бил үү, бодоод, бясалгаад үзэхэд болохгүй зүйл бас байхгүй шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Chi Shaggybat-d hariulahdaa "Тэгвэл цаг хугацааны парадокс болох биш үү? Хэрвээ тийм бол өтний нүх байж байж л B төлөвлөгөө хэрэгжинэ, B төлөвлөгөө хэрэгжиж байж л өтний нүхийг нээнэ. Гэтэл нэгэнт өтний нүх байхгүй үед B төлөвлөгөө хэрэгжихгүй, нэгэнт B төлөвлөгөө хэрэгжихгүй бол өтний нүх нээгдэхгүй?" gesen bn. Ene chin Dane Dashiel-d ugsun hariultaas chin zuruud bn. Bas iim asuult asuuhgvi bh ni soyoltoi hereg gesniig vnendee oilgosongvi. Niitleliig dagaad asuult gardag ni zvi yosnii hereg shvvd ee

      Delete
    2. Бүх цаг үед хариулагдаагүй парадоксууд их олон бий. Хязгааргүй тооны тухай Хелбертийн зочид буудал, рациональ тооны тухай Ахил яст мэлхий хоёрын уралдаан, мөн цаг хугацааны аялалын тухай парадокс их алдартай, гэх мэт. Цаг хугацааны аялалд бас нэг сонирхолтой парадокс байдаг нь Айнштайны онолоос ургаж гарч ирсэн ихэрийн парадокс ч гэж бий. Ер нь л бүх цаг үед шийдэгдээгүй, шийдэгдчихвэл орчин үеийн шинжлэх ухаанд их том алхам болохыг нь тодорхойлсон мянганы 7 бодлого ч бий, аль нэгийг нь бодох юм бол сая долларын эзэн болно. Эднээс нэг нь бодогдсон, ихэнх нь ямар нэг парадокс юм уу хязгааргүйтай мөргөлдөөд зогсчихсон, тэр нь яг сансар судлал, квант физикт тулгамдсан асуудлууд нь болсон байдаг. Нэгэнт бодлого болоод гараад ирсэн, газар аваад хэдэн зууныг өнгөрөөчихсөн ч хариулт нь олдож бодогдоогүй байгаа зүйлийг энд дахиж эхлүүлээд хэрэггүй л гэсэн санаатай. Өтний нүх үнэхээр байдаг эсэх нь батлагдаагүй, зөвхөн онолын хувьд л олдсон, сайн ярьвал хар нүхийг ч яг илрүүлээд зураг хөргийг нь дарчихсан тохиолдол байхгүй, гэхдээ зайлшгүй байгаа гэсэн ажиглалтууд маш их хийгдсэн. Гэхдээ хар нүх, өтний нүхнүүд нь бүгд өөрсдийн гэсэн парадокст очоод шинжлэх ухаанд гүйцэгддэггүй. Магадгүй би Shaggybat-д буруу хариулт өгсөн байж ч мэднэ, үүндээ хүлцэл өчье, харин Dashiel-д өгсөн хариулт дээрээ үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Нэгэнтээ хэдэн зуун жилийн өмнө одоо ч бидний дунд төрөөгүй байгаа аугаа сэтгэгчид уг асуултын бүхий л нарийн ширийн, нандин зүйлсийг нь хамаад бодчихсон тул уг сэдвүүд алдартай байдаг. Магадгүй бүх зүйлийн онолтойгоо цуг уг парадоксууд хэзээ ч шийдэгдэхгүй байж магад, ийм л зүйлийг чанартай шинжлэх ухааны sci-fi зохиолууд ашигладаг шүү дээ, учир нь аль нэг онолын нээлтээс болж хуучрах нь бага.

      Delete
  7. cooper har nvhnees garch ireed hugshin bolson ohintoigoo uulzah ved delhii shoroo shuursaar bgaad agaargvi boloh ve deeree irtsen bgaa yu?

    ReplyDelete
    Replies
    1. Дэлхий бараг сөнөсөн байхөө, амьдралгүй болоод. Тэр очдог нь Cooper Station гээд Санчир гаригийн орбитод байрлуулсан түр буудал, тэнд охин нь байдагшд. Дэлхийн бүх хүмүүсийг тэр цилиндр хэлбэртэй түр буудалруу нүүлгэсэн байдаг. Тэндээс хар нүхээр дамжиж шинэ амьдралтай гаригруугаа нүүх юм.

      Delete
  8. Айнштайн гэрэл бөөм ч мөн, долгион ч мөн гэж хэлж байсан хэдий ч насан эцэслэх хүртлээ квантын онолыг хүлээн зөвшөөрч чадаагүй гэдэг.

    ReplyDelete
    Replies
    1. Ямар ч байсан харьцангуйн онолтойгоо цуг гаргасан атомын болон фотоны тухай хоёр ажил нь харьцангуйн онолоосоо дутахааргүй чухал зүйлс байсан юм байна лээ. Фотоны тухай ажлаараа сүүлд Нобелийн шагнал авсан гэсэн. Тэр нь квант онолын эхлэл болсон гэж дуулсан, гэхдээ энэ талаар би нээх судлаж үзээгүй. Бодвол гэрэлийг бөөмлөг гэдгийг баталсанаар гэрэл долгионы дуализм гэдэг ойлголтыг бий болгож, тэндээс нь квант механик хөгжсөн байхлдаа. Гэхдээ Айнштайны квант механикийг үгүйсгэх болсон шалтгаан нь quantum entanglement гэж байсан. Квант механикаас үүссэн энэ ойлголт батлагдчихаад байхад нь худлаа, тийм юм байхгүй гэж гүрийсээр байгаад үхсэн юм шиг байна лээ.

      Delete
    2. Ямар ч байсан квант механикийг үндэслэсэн хүн нь Айнштайн биш. Фотоэлектрик үзэгдэл нь метал мэтээс фотон хэмээх гэрлийн бөөм ялгардгийг нээж нобел хүртсэн чухал нээлт боловч квант механикийн үндэс болоогүй. Квант механикийн үндэс нь Нилс Бор мэтийн өөр эрдэмтэдийн судалгаанаас үндэслэсэн онол. Айнштайн квант механикийг хүлээн зөвшөөрөөгүй гол шалтгаан нь квантын орооцолдоон (quantum entanglement) биш. Түүний хэлсэн алдартай үг бий, "бурхан хэзээ ч шоо хаядаггүй" гэж. Энгийн ойлгомжтой тайлбар нь сартай холбоотой. Яригдаж буй сэдвийн талаар удахгүй энгийн хүнд ойлгомжтой нийтлэл бичиж оруулахаар бэлдэж буй. Сонирхвол "физик", "одон орон" ангиллаар үзээрэй. Харьцангуйн онолоос авахуулаад олон сонирхолтой нийтлэл бий.Зочлохыг хүсвэл "ЭНД ДАРААРАЙ"

      Delete
    3. Харьцангуйн онолыг ч яс ярьвал Айнштайнаас өмнө Макс Планк нээчихсэн байсан юм билээшд :P Нарийн ширийнийг нь бас тийм сайн мэдэхгүй ч ингэж ярихад бас нээх алдас болоод байхгүй л гэж бодоод ингээд биччихсэн ухаантай кк. Хаа байсан 1905 онд матер энерги хоёрыг нэгтгэсэн сэтгэлгээг бодоод олчихсоныг нь бодохоор 1930 онд дөнгөж хүлээн зөвшөөрөгдсөн Борын квант механикийн онол цаг хугацааны асуудал байсан юм уу ч гэж бодмоор. Түүнээс өмнөх Хайзенберг, Шёрдингер мэтийн нөхдүүд ч бас квант механикийг үүсгэгчид болох ёстой болно. Гэхдээ мөхөс би та хэдтэй (уншдаг блогуудынхаа авторуудыг хэлэв) яахан маргах билээдээ, та хэдийн бүтээлээр л өдий зэргийн мэдлэгхэнтэй болж яваа юм хойно :D

      Танай блогийн үнэнч фэншүү дээ би чинь кк. Robomec, туршилт, одонорон, тессеракт клуб гээд блогуудаар дамжуулж шинжлэх ухааны сонирхлоо дарж байна даа кк. Танай блог хамгийн дажгүй нь санагддаг шүү, чиний нийтлэлүүд тэр тусмаа, цаашдын нийтлэлүүдэд нь амжилт хүсье ;)

      Delete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. Маш сайхан нийтлэл байна. Киног нь үзээд тийм сайн ойлгоогүй явсан юм. Энэ л дутагдаж байв. Цаг зав, сэтгэл гарган бичсэн танд маш их баярлав. Комент бичсэн хүмүүс бас мундаг юм аа. Та бүхнээр бахархав.

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts