Үүлэн онол

Анхаар!!! Энд мэддэг бус сэтгэдэг хүний бичсэн зүйлс байх тул мэдлэгийг шүтэж, эх сурвалж хүсэгчид зайгаа барина уу.

Энд гурван төрлийн "үүл" ярих ба эхнийх нь үүл хэмээх ойлголтыг өгүүлэх бол удаах нь үүлэн тооцоолол буюу cloud computing, гутгаарт нь миний бие өөрөө бодож олсон орчлон ертөнцийн цоо шинэ онол байх юм.

Үүл
tl;dr Үүл - Нэгэн дор шавсан хэт олон зүйлсийн үүсгэж буй дүрс
Үүлийг бидний мэдэх тэнгэр бүрхэж хур оруулдаг хонин цагаан тэнгэрийн үүлнээс илүү ерөнхийд нь тайлбарлах аваас нэг газар бөөгнөрсөн хэт олон зүйлүүдийн бий болгосон тэр дүрсийг үүл хэмээнэ. Усны ууршиж дэгдсэн молекулууд хэт олуулаа агаар мандалд бөөгнөрөн тогтсон үүлийг бид үүл гэж дууддаг, үнэндээ энэ нь "усны" үүл юм. Хонинууд хэдэн мянгаараа нэг газар шавааралдан бэлчиж байгааг тэртээх уулын оройгоос үзвэл "хонин" үүл газар дээр бий болох нь тэр. Ингээд тэргүүн үүлний сэдэв дуусаж байна. Дараагийн сэдэв нэлээд улс төрлүү орох ч монголын улс төр, Бат-Үүл зэргээс тэс хөндлөн юм шүү.

Үүлэн тооцоолол
tl;dr Facebook, Twitter, Google гэх мэт нь хэрэглэгчидээ тагнаж дата цуглуулах улс төрийн зорилготой ба уг цуглуулсан дата дээрээ тулгуурлан "нийгэм" хийгээд байгалийн "зүй тогтол"-ыг олох оролдлогыг үүлэн тооцоолол, нано болон квант компьютер дээр тулгуурлан хиймэл оюун ухааны аргаар гаргаж авахыг эрмэлзэж буй билээ.
Удаах үүл бол тооцооллын салбар дахь үүл. Технологийн эриний тооллоор бол бид үүлэн технологийн эринд амьдарч байна. Таны үнэ төлбөргүй ашиглаж буй Twitter, Facebook, Google чинь яаж ашиг олдог гэж бодож байна. Зар сурталчилгаа гэх өнгөлөн далдлалтын хөшгийг хярваас цаана нь чухам юу байдгийг Edward Snowden-ы ачаар багахан ч атугай мэдсэн гэж найдаж байна. Хэрвээ үгүй бол товчхондоо дээрх гурав, нэмэгдээд маш олон онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ийн засгийн газарын NSA гэх байгууллагын PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн билээ. Ихэнх хүн "Гадны том улсууд өчүүхэн хумхын тоос миний бичсэн зүйлсээр үлийгээ хийх вэ" гэж эндүүрдэг, гэвч хумхын тооснуудын бөөгнөрлөөс үүл бий болж, тухайн үүл ямар хэлбэртэй байгааг холоос маш хялбархан ажиглачхаж болно. Тэр ч бүү хэл Монгол улсаас ийм төрлийн програмыг ашиглахын тулд 1.3 сая евро зарсан байсан нь Wikileaks дээр нийтлэгдсэн. Нэг үгээр Монгол улсын иргэн таны найзтайгаа ярьсан яриаг утас, хувийн чаат, ер нь интернет, цахим төрлийн бүхий л хэрэглээнээс чинь "шүүгээд" л гаргаад ирнэ. Ингэхээр бас л "Миний яриаг сонсоод суудаг завтай хүн хаана байхавдэ" гэж боддог. Гэвч нийт өгөгдлийн урсгал дундаас текстэн болон дуу авианы шүүрдлэг хийх нь хүн оролцоод байх шаардлагагүй ажил юм, ингээд л таны нэр дэлгэцэн дээр поп гээд л гараад ирнэ. Яагаад энэ бүхнийг сэдвээсээ хазайн нуршив гэхээр бидний цахим, олон нийтийн онлайн хэрэгцээг хангагч дээрх үйлчилгээнүүд нь санхүүгийн бус, улс төрийн ашиг сонирхолтой байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгвэл тэр ашиг сонирхол нь чухам юу юм бэ гэж та бодохыг ч зүрхлэхгүй байгаа биз? Хэрвээ бодож байгаа бол та тэдний хувьд надтай хамт устгагдах ёстой сөрөг эд эс юм.

Үүлэн компьютер гэдэг нь зүгээр л аварга том компьютер юм, таны төсөөлж байгаагаас ч том. Хялбараар бол яг таны компьютер шиг хэдэн компьютеруудийг холбож нэг компьютер мэт хүч нэмэгдүүлж ажиллуулахыг кластер тооцоолол (cluster computing) гэдэг. Үүнтэй ижлээр олон кластерыг холбоод нэг бодлого бодуулахыг грид (grid computing), харин олон грид нийлээд ирэхээр сая нэг үүлэн тооцоолол буюу cloud computing маань бий болж байгаа юм. Үүнийг вэб сервер байдлаар ашигласнаар 1 тэрбум хүнийг нэгэн зэрэг холбож буй Facebook-ийн үйлчилгээ биелэлээ олох боломжтой болно. Ингэж тэнгэр баганадсан хүчин чадлыг гаргаж авчихаад, түүнийгээ танд зүгээр л ашиглуулж байдаг гэж бодож байна уу? үгүй. Таны төлж байгаа төлбөр бол өгөгдөл буюу data юм. Таны бичиж байгаа, товшиж, чирж, хааж, нээж, гүйлгэж, уншиж, шээрлэж байгаа бүхий л үйлдлийг чинь дата гэж нэрлэнэ. Энэ бүхнийг чинь тэд үсэг, миллиметр, пиксел ч алдалгүй нарийн чанд бүртгэж авч байдаг. Тэгвэл энэ их датагаар тэд юу хийх юм бэ? Яг л дээр хэлсэнчлэн үүлний зургийг гаргахад одоогоор ашиглаж байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйд болох шинэ технологийн хувьсгалд зориулж энэ бүх мэдээллийг "зетта зетта"-гаар нь (1 zettabyte ≈ 1'000'000'000'000 gigabyte) хадгалж байдаг. Дээр бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн 5 дахь хувьсгалын үед амьдарч байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл бид усан, ууран, тогон, дотоод шаталтан гэх дөрвөн үндсэн технологийн эринүүдийг даван өнөөдөр бидний цахим эринд аж төрж байна. Тэгвэл энэ 5 дахь эриний дараа технологийн 6 дахь хувьсгал юу байх нь хэзээний тодорхой болж ээ. Үүнд нано, био, инфо гэх зэрэг маш олон зүйл хамаардаг ч би зөвхөн бичиж буй зүйлийнхээ хүрээнд нано, цаашлаад хэмжих боломжгүй жижиг ертөнцийн шинжлэх ухаан болох квант тооцооллын талаар бичье.

Moore-н хуулиар 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ гэж ээ. Яг үнэндээ жинхэнэ хууль нь 2 жил тутамд нэг чипэндэх транзисторуудын тоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг нь дээрхтэй төдийлөн ялгаагүй утгатай юм. Нэг үгээр 2 жил тутам чипний хэмжээ 2 дахин багасаж, үнэ нь 2 дахин хямдарна л гэсэн үг юм. Ийнхүү өнөөдөр цахиур буюу silicon хагас дамжуулагчаар хийх чип нь байж болох хамгийн жижиг хэмжээндээ үйлдвэрлэгдэх болсон. Тэгвэл үүнээс цааш яах вэ? Энэ хууль өдийг хүртэл хэрэгжсэн ч ингээд зогсох уу, эсвэл энэ хуулийг үргэлжлүүлэхийн тулд бид халаасандаа багтахгүй гар утас, өрөөндөө багтахгүй хувийн компьютертой эриндээ эргэж очих уу? (энэ байдлаараа транзисторын тоог нэмээд байвал хэмжээ нь ихсэхээс цаашгүй). Уг асуултын хариултыг нано компьютер, цаашлаад квант компьютер гэх цоо шинэ технологиуд өгнө хэмээн дэлхийн шинжлэх ухаан найдаж байна. Нано гэдэг нь ямар нэг цоо шинэ ойлголт биш ба зөвхөн хэмжээний л тухай нэршил юм. Майкро технологи бол микрометрийн хэмжээнд (мм/1'000) яригддаг байхад энэ хэмжээг нанометр буюу миллиметрийг 1'000'000 удаа хуваахад үүсэх хэмжээсээр ярьж эхэлбэл үүнийг нано технологи гэж нэрлэнэ, энэ нь атомын түвшинд яригдана гэсэн үг. Майкро технологийн гол түүхий эд нь хагас дамжуулагч буюу силикон байдаг бол нано технологийн гол түүхий эд нь нүүрс төрөгч буюу карбон болно. Энэ талаар илүү гүнзгий, тусдаа, маш сонирхолтой сэдэв тул энд нь үлдээе, гол сэдэв маань квант технологи юм.

Квант нь ердөө хэмжээс төдий ойлголт биш бөгөөд бүх цаг үеэс ялгарч чадах цоо шинэ, тун хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн зүйл юм. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Бид атомыг задалбал электрон, нейтрон, протон болдогийг сайн мэднэ. Тэгвэл нейтрон, протоныг задлавал юу байх бол? Эндээс кварк гэгч зүйл гарч ирэх бөгөөд энэ нь квантын онолын хамгийн суурь нэгж болдог юм. Нэг үгээр квант физикт үүнээс цааш задрах боломжгүй. Уг хэт бичил түвшинд бидний ярьдаг, боддог ойлголт, онолууд үйлчилдэггүй, бидний төсөөлөхөд ч бэрх, тэс өөр ертөнц тэнд буй. Тэнд бөөмүүд оршилгүйгээр оршдог, ө.х. тухайн бөөмийн байх боломжит бүх байрлалд зэрэг оршдог буюу магадлалын тархалт байдлаар биет бус, долгион хэлбэрээр оршдог байна. Харин бид хангалттай холоос хардаг учраас энэ нь бидэнд бөөм мэт ерөнхийлөгдөж харагддаг гэсэн үг юм, яг л бяцхан үүл шиг. Тэгвэл энэ зарчим дээр тулгуурлан квант тооцоолол хийгддэг. Электрон бит (bit) нь 1 эсвэл 0 гэсэн хоёр төлөвийн "аль нэгэнд" л оршиж чадна, тэгвэл 2 бит нийлбэл 4 өөр төлөвийн (00, 01, 10, 11) аль нэгэнд л оршино, ө.х. 2 битээр 4 төрлийн ялгаатай мэдээллийн аль нэгийг нь л дүрсэлж болно. Тэгвэл квант компьютерт ч бит гэсэн ойлголт байх ба түүнийг квант бит буюу кюбит (qubit) гэж нэрлэдэг. Кюбит нь дээр хэлсэнчлэн 1 эсвэл 0 хоёр төлөвт "нэгэн зэрэг" оршиж чадна. 2 кюбит нь 4 төрлийн өгөгдлийн аль нэгийг бус, 4-үүлэнг нь нэгэн зэрэг хадаглах боломжтой болно. 3 кюбит бол 8 ялгаатайг, 4 бол 16 гэх мэт n ширхэг кюбит нь 2n тооны ялгаатай мэдээллийг нэгэн зэрэг өөртөө хадгалж чадах юм. Энэ чанар нь хадаглахаас гадна тооцоолол хийхэд ч хүчинтэй байх ёстой. Нэг үгээр 2 ширхэг 2 хос кюбитийг хооронд нь үржүүлэхэд гарах хариу нь 4 өөр тоог тухайн 4 тоотой нь сэлгэж үржүүлсэн хариу гарах юм. Ганцхан бодолтоор 16 өөр төрлийн хариултыг нэгэн зэрэг гаргаж ирэх боломжтой. Үүнийг электрон компьютер дээр хийвэл ганц л үр дүн гарна, хэрвээ 16 үр дүнг бүгдийг нь гаргах бол 16 дахин их цаг авна гэсэн үг. Ийм үед кюбитийг 10, 100, 1000 гэх мэт хир олныг ашиглаж чадна, төдий чинээ гайхалтай үр дүнд хүрэх боломжтой юм. Гэвч одоо хирнэ уг технологи амьдралд нэвтрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Тэгвэл квант компьютер нь үүлэн технологи, технологийн дараагийн хувьсгалд ямар хамааралтай нь тодорхой болж байна. Гэхдээ илүү тодорхой тайлбарлъялдаа. Аливаа зүйлийн зүй тогтлыг зөв гаргахын тулд тухайн зүйлийнх нь тухай аль болох их хэмжээний мэдээлэл байх шаардлагатай байдаг. Жишээ нь шоо 6 нүдтэй талаараа буух магадлал 1/6 байдаг гэдэг бол энэ зүй тогтлыг олох гэж эрдэмтэд 100, 1000 ч удаа шоо хясан гэхэд хилсдэхгүй юм, учир нь туршилтын тоо олшрох тусам таамаглагдах магадлал илүү нарийн болж чадна. Оддын, гариг эрхсийн, цаг уурын гэх мэт маш олон салбарт маш их өгөгдөл дээр тооцоо хийх зарчмаар зүй тогтлыг нь таамаглах оролдлогуудыг хийдэг, мэдээж орчин үед үүнийг компьютер дээр хийнэ, түрүүн хэлсэнчлэн тэдгээр өгөгдлүүд нь хэдий чинээ их байна, төдий чинээ нарийн таамаглана. Үүний дараа бид энэ бүхэнд зориулсан зүй тогтлыг хайж, тэр их өгөгдлийг самнахын тулд програм бичиж байхын оронд програм нь өөрөө зүй тогтлоо хүнээс хамааралгүйгээр хайж чаддаг байх шаардлага урган гарсан юм. Нэг үгээр нээлт хийдэг програм, Эйнштэйн шиг (Айнштайн гэдэгсэн үү). Ингэхийн тулд хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг програмчлах шаардлагатай болдог нь өөрийгөө дахин програмчлах чадвартай, байнга суралцаж, сайжирч байдаг програм бичих явдал юм. Харамсалтай нь орчин үеийн компьютерийн архитектур дээр үүнийг хийх нь шаардлагатай хэмжээнд боломжгүй гэж үздэг ба одоогоор зөвхөн хязгаарлагдмал хүрээнд л үүнийг хийн ашиглаж байна. Харин квант компьютерийн хувьд үүнийг боломжтой гэж үзэх нь бий. Учир нь хүчин чадал ихтэйгээс гадна ажиллах горим нь одоогийн компьютерийн шийдэж чадахгүй маш комплекс асуудлуудыг шийдэхэд тусалдаг. Нэг үгээр та байруу нум сум харвахад голд нь онох магадлалыг 100 удаа харваж байж мэдэх, эсвэл ганцхан ширхэг квант сум харваад л мэдэх хоёрын хооронд хурдны хийгээд ажиллах зарчмын маш том ялгаа гарч ирж буй юм. Ийнхүү хиймэл оюун ухаан бүтээгдлээ гэхэд байгаль хийгээд "нийгмийн" зүй тогтлууд буюу онол, нээлтүүд ар араасаа нээгдсээр, олдсоор байх юм, маш хурдан, маш ихээр. E=mc2 гэх онолыг түрүүлж мэдсэн, эзэмшсэн улс цөмийн нүсэр хүчийг олж авч чадаж байхад ар араасаа нээгдэх тэдгээр онолуудыг эзэмших нь хязгааргүй хүчийг олох луугаа байх нь лавтай, үүний л төлөө, үүнийг харж чадсан улс болгон одоо өгөгдлийн араас шунахайран гүйцгээж байна. Учир нь тухайн квант хиймэл оюун ухаан бэлэн болоход аль болох их өгөгдөл цуглуулж чадсан орон нь түрүүлж зөв нээлтүүдийн эзэн болно. Хөгжингүй улс орнуудын өрсөлдөх чадварт инноваци гэдэг үг үргэлж явж байдгийг та мэдэх байх, тэгвэл энэ инновацийг чинь яг л үйлдвэрийн машин шиг машиндаад байдаг төхөөрөмжтэй болвол ертөнцийг эзэгнэх хүчтэй болох нь ч хайшаа юм, лав л энгүй их хүчийг өөрийн болгосон гэсэн үг. Энэ мэдээж аюултай сонсогдож байгаа ч хэн ч үүнийг зогсоож чадахгүй, нэгэнт уралдаан эхэлсэн л бол эхэлсэн, барианд түрүүлж ортлоо бид гүйсээр л байх болно, учир нь  хэн ч хожигдохыг хүсэхгүй. Хэрвээ энэ бүхэн үнэхээр үнэн, бодит болох боломжтой бол бид яг ирмэг дээр нь байна, хэрвээ боломжгүй бол бид цаашдаа өөрсдийнхөө хуруу хумсыг хугалан байж тэдгээр зүй тогтлыг нээж суух умбарсан ажилдаа дарагдаад л хоцорно.

Энэ бүхний эцэст та дээрх олон нийтийн сүлжээ сайтууд яагаад танд үнэгүй үйлчлээд байдгийг бага ч гэсэн ойлгосон байх. Ингээд уг удаах үүлний сэдэв өндөрлөж байна. Гутгаар үүлний сэдвийг та мартчихаагүй бол энд өчүүхэн миний эргэцүүлэл, сэтгэмж төдий "онол"-ын тухай өгүүлэх юм. Ер нь бол үүнээс доош уншаад хэрэггүй л гэж зөвлөмөөр байна, хайран цагаа дэмий үрээд яахав ;)

Үүлэн онол
tl;dr Хүний бодол, сэтгэлгээ нь хоорондоо холбогдож өөр нэг том сэтгэлгээг бий болгодог ба түүн дотор явагдаж буй процесс нь бидний бодит байдал мэт ажиглагддаг юм биш байгаа?
Нютоны гравитацийн онол, Айнштайны харьцангуйн онол, хар нүх, их тэсрэлт, квант механик, параллель ертөнц, олон ертөнц, цахилгаан соронзон гээд бидний орчин үеийн урбан, модерн хэв маягийн амьдралд гүн нэвчсэн технограт нийгмийн суурь болсон "тусгай" онолууд өч төчнөөнөөрөө байдаг, тэд бүгд өөрсдийн үйлчлэх хүрээнд л үнэн байж, тухайн хүрээн доторх асуудлуудыг л шийдэхэд бидэнд тусалдаг, бусад онолуудтайгаа зөрчилддөг, тийм ч учираас тусгай онол гэдэг биз. Харин шинжлэх ухааны туйлын зориго бол орчлон ертөнцийн хамгийн жижиг эгэл бөөмөөс (долгионоос ч юм уу) сансар огторгуй, ертөнцийн хязгаар хүртэл (хязгааргүй бол хязгааргүй хүртэл) бүх нөхцөлд биелэх тэр нэг цогц онолыг олох байдаг. Суурь дөрвөн хүч болох гравитац, цахилгаан соронзон, цөмийн их, цөмийн бага хүчнүүдийг нэгтгэж чадвал супер нэгдлийн онол болдог бол дээрх бүх онол, ойлголтуудыг нэгтгэж чадвал "бүх зүйлийн онол" болох учиртай (хэхэ, нээгээчгүй байгаа онолдоо нэр өгчихсөн ч байх шиг, уул нь муу ёр гэдэг биздэ, төрөөгүй хүүхдэд алдар хайрлахыг), үүнийг Theory of everything гэж хэлдэг, энэ л онол шинжлэх ухаан ч хүн бүрийн эцсийн зогсоол нь юм. Тэгвэл миний гаргаж ирэх гэж байгаа онол бол Theory of everything байх байхгүй нь цэвэр бидний сэтгэлгээний цогцоос хамаарна гэх үндсэн санаан дээр тулгуурлан гарсан юм. Үүнийг би "Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц" гэж нэрлэнэ. Харин үүл гэдгийн учир нь та бидний төдийгүй бүх ертөнцийн оюун сэтгэлгээний цогц нь нэгэн оюун ухаан, нэгэн сэтгэлгээ мэт ажилладаг аварга том бүтэц юм. Нэг үгээр та бидний оюун сэтгэлгээ дээшээ очиж нэг газар холбогддог ба тэр холбогдсон газраа сая саяараа шамбааралдан, бие биедээ нөлөөлж, нэгэн үүл мэт хэлбэрийг үүсгээд байж байдаг. Энэ цогц үүлэн бүтцийг бурхан ч гэж болох юм. Энд яригдаж буй зүйл нь аль хэдийн байдаг зүйл байхыг үгүйсгэхгүй ч өөрийнхөө зүгээс бичсэнээ сийрүүлье.

Хэрвээ бид нийт ертөнцийн оюун сэтгэлгээний цогцыг бурхан гэж үзвэл тэр бурханы сэтгэлгээ нь таны яаж сэтгэхээс хамаарна, гэхдээ бас бурхан яаж сэтгэхээс таны сэтгэлгээ ч хамаарах тийм харилцан шүтэлцсэн нэгэн цул зүйл байх юм. Сар дэлхийг тойрч, дэлхий нарыг тойрч, нар Сүүн зам галактикийн төвд орших хар нүхийг тойрч, тэр хар нүх нь сорж буй оддынхоо бөөгнөрөл болох Сүүн зам галактиктайгаа цуг өөр хэдэн галактикуудтай нийлж галактикуудын бүлгийн төвөө тойрч, тухайн галактикуудын бүлгүүд нь өөр бусад галактикийн бүлгүүдтэйгээ нийлж супер галактикийнхаа төвийг тойрч гэх мэтчилэн одоогийн мэдэгдээд буй сансар оторгуй нэг тийм суунагласан утаа, үүл мэт бүтэцтэйгээр оршиж байдаг, нэг үгээр энд бид, тэнд ертөнц гээд өөр нэг зүйл байдаггүй, ертөнц биднээс тогтдог ба, бид ертөнцөд байдагтай ижил. Тэгвэл бидний оюун санаануудын цогц ч бас яг ийм байдлаар, аль хүчтэй нь бусдынхаа төвд оршиж, өөр нэг илүү хүчтэйгээ тойрох байдлаар нэг үүл мэт суунаглаж байдаг гэж төсөөлж болно, тэгэхээр бид нийтээрээ юу гэж сэтгэх нь бурханы сэтгэлгээ болох ба бурхан юу гэж сэтгэнэ, чиний сэтгэлгээ бас тийм байна гэсэн үг юм. Хоорондоо мөн л гравитацийн мэт холбоосоор холбогдсон, илүү өндөр сэтгэлгээтэй хүн нь илүү их масстай буюу бусад сэтгэлгээнүүдээ өөртөө татаж, заримыг нь залгиж, заримыг нь дагуулаа болгож, заримд нь өөрөө сорогдож, тойрч эргэх гэх мэтээр яг л бидний одот ертөнцтэй ижил зүйл тэнд болж буй. Үүнд хэлэх гээд буй хамгийн чухал санаа нь бидний ертөнцийг үзэх үзэл, бидэнд мэдрэгдэж, бодогдож, хүртэгдэж, үнэртэж, амтагдаж, сэтгэгдэж буй бүх зүйлс нь Ертөнцийн оюун сэтгэлгээний цогцоос хамааралтай юм. Нэг үгээр Бат энд юу бодож, юуг яаж мэдрэх нь тэнд байгаа Болд юу гэж бодохоос шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Хэрвээ миний ойр хавийн хүмүүс ертөнцийн бүх зүйлс куб хэлбэрээс бүрдэнэ гэж сэтгээд эхэлбэл би өөрийгөө, гадаах моддыг, үүлийг, нарыг, сарыг, таныг гээд бүгдийг нь куб мэтээр хардаг, боддог, сэтгэдэг болно гэсэн үг (яг л minecraft тоглоом шиг), гэхдээ яг л угаасаа ийм байсан юм шиг л бүх зүйлс хувирсан байх ба өмнөх төсөөлөл, мэдрэмжийн талаарх бүх ойлголтууд ч ийм хэлбэртэй болж хувирна. Өнгөрсөн, одоо, ирээдүй минь бүгд куб болох учир би куб болсныг ч мэдэлгүй, угаасаа л ийм байсан юм шиг оршсоор байх болно. Тэгвэл дээрх, хоорондоо авцалддаггүй, шинжлэх ухааны олон тусгай онолууд нь Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц дотор тус тусдаа супер галактикийн бүлгүүдэд хуваагдсан сэтгэлгээнүүдийн дундаас гарч ирсэн гэсэн үг юм. Таны сэтгэлгээ ямар сэтгэлгээний ойр хавьд байна, таны ажиглалт тийм л байх болно, тэгээд таны итгэл үнэмшил, бодол, ой ухамсар ч гэсэн тийм байх учиртай. Бас нэг сонирхолтой зүйл бол хүн бүрийн сэтгэлгээ нь хоёр үндсэн давхраас бүтнэ. Нэгд анхдагч буюу суурь сэтгэлгээ, энэ сэтгэлгээ нь таниас үл хамаарах ба таны ойр хавийн сэтгэлгээнүүдийн дундаж байх юм. Дээд талд нь таны хувийн сэтгэлгээ буюу тухайн суурь сэтгэлгээн дээр тулгуурлан өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж болох орон зай юм. Ийнхүү таны чөлөөт сэтгэлгээ чинь эргээд бусад хүмүүсийнхээ суурь сэтгэлгээнд нөлөөлнө, энэ байдлаар нийт Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц ажиллана. Та хэрвээ зүүдээ удирдаж үзсэн бол зөвхөн таны хяналтад байгаа хэсгээс бусад зүүд өөрөө цаанаасаа өрнөдөг шүү дээ, яг л үүнтэй ижил. Тэгэхээр зүүдийг бид хийсвэр төсөөлөл гэж боддогтой ижил, бидний бодит амьдрал дээрх бидний мэдрэмж ч мөн хийсвэр байх боломжтой юм. Таны тархи яг л бодит мэт тийм зүйлийг зүүдэндээ симуляцлан рэндэрлэж чадаж байхад бодит ертөнцийг яагаад болохгүй гэж. Хэрвээ матрикс гэдэг кино үзсэн бол үүнийг төсөөлөхөд илүү хялбархан байж болох юм.

За дээрх зүйлээс ямар нэг зарчмын парадокс байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ энэ онол үнэн болохыг нотолж чадвал (үнэндээ үнэн бол бид нотлъё гээд л нотлочих юм) бид өөрсдөө ертөнцийн цоо шинэ Theory of everything-ийг бүтээх боломжтой болно, тиймээс параллель ертөнцийн хэнд ч хэрэггүй онол шиг хэрэгцээгүй зүйл гэж бодохгүй байна. Баярлалаа.

Comments

  1. Сонирхолтой!!
    Гэхдээ "Ертөнцийн оюун сэтгэлгээний цогц" онол ёсоор бол оюун сэтгэлгээ хүн үүсэхээс өмнө өөрөө байсан болж таарч байна уу? Эсвэл хүн үүсэхэд хамт үүссэн болж таарч байна уу? Ч.Дарвины "Зүйлийн үүсэл"-н онолоор сөргүүлж авч үзвэл хүн үүсэхээс өмнө байсан орон зай, онол нь өөрөө хүнийг үүсгэсэн санагдах юм..

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.

      Уг онолын хувьд "оюун сэтгэлгээ"-г зөвхөн хүн бус бүх зүйлд, мөн тэдгээр зүйлсийн нэгдэлүүдэд ч бий гэж авч үзсэн юм, тиймдээ ч ертөнц тэр чигтээ нэгэн цогц, бүх оюун сэтгэлгээнүүдийнхээ нийлмэл оюун сэтгэлгээ байх ёстой гэж авч үзээд "Ертөнцийн" гэдэг тодотгол авсан юм аа. Хүн ганц сэтгэдэг үү? Хаа нэг газар өөр сэтгэдэг харь гаригийнхан бий юу? зэрэг асуултуудыг алгасаж, ерөөсөө бүх зүйл цогцоороо нэгэн сэтгэлгээг бий болгох юм гэсэн санаа юм.

      Нэгэнт хүний тархины нейронуудын цогцоос "би" гэдэг сэтгэлгээ бий болж чадаж байгаа юм чинь чулуу, ус, мод, шороонуудын дунд ч үүнтэй ижил сэтгэлгээ бий болж буйг үгүйсгэх аргагүй. Энэ мэтчилэн сансар огторгуйн гариг эрхэс бүр, цаашлаад тэд нь хоорондоо нийлээд аймаг аймгаараа, галактик галактикаараа нэгэн төрлийн сэтгэлгээнүүд бий болж байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Харин ч ингэж сэтгэж чадвал дээрх зүйл өөрөө ургаж гарж ирэхээс гадна маш олон тайлагдашгүй зүйлсийг тайлбарлах боломжтой болж эхэлнэ.

      Delete
  2. Хэрэгтэй, уншууртай нийтлэл болжээ, баярлалаа. Сонирхолтой ч бичсэн байна. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, сэтгүүлч хүнд магтуулж байгаадаа баяртай байна :D

      Delete
  3. Гоё нийтлэл болсон байна. Амжилт хүсье

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа багш аа :D Энэ бүхнийг дотроос нь, илүү шинжлэх ухаанчаар мэддэг тан шиг хүний хувьд ичмээр л юм байгаа. Өөрийнхөө хялбаршуулсан мэдлэгийн хүрээнд л хялбаршуулах гэж оролдлоо. Танд ч бас амжилт хүсье.

      Delete
  4. Энэ тэгээд ямар салбарын онол болох вэ? Физикийн онол?

    ReplyDelete
    Replies
    1. Яахав миний үзэж байгаагаар бүх л зүйлийг онол болох ёстой. Гэхдээ батлахын тулд эхлээд нилээд социологийн туршилтуудыг хийх шаардлагтай. Хоорондоо төдийлөн холбогдоод мэдээлэл солилцоод байхааргүй хоёр бүлэг хүмүүсийг сонгоно, гэхдээ энд аль болох олон хүн байвал зүгээр. Тэгээд төдийлөн тайлбарлагдаагүй ч туршилтын аргаар гаргаж авах боломжтой ажиглалтыг тус тусад нь хийлгэнэ. Тэгээд хоёр бүлэг тус бүрт тэдгээр ажиглалтынх нь зүй тогтлыг өөр өөр, хоорондоо зөрчилдөхүйц, ажиглалтад мэдэгдэхүйцээр тайлбарлах юм.

      Жишээ нь дээр үед байсан гэвэл хүнд хөнгөн хоёр бөмбөлөгийн аль нь түрүүлж унах вэ? гэсэн туршилтыг 100 100 хүнтэй хоёр бүлэгт ажиглуулна. Түүний дараа нэг бүлэгт нь "Хүнд нь түрүүлж унадаг", нөгөө бүлэгт нь "Ижилхэн унадаг" гэж итгүүлээд, дахиад яг адилхан туршилтыг ажиглахдаа тэд яаж яаж ажигласаныг нь амаар асууж статистик гаргаж авах юм. Ингэсэнээр хүн нийгмийнхээ чиг хандлагаас хамаарч ажиглалт нь өөрчлөгддөг эсэхийг мэдэж авах боломжтой.

      Мөн өөр нэг энгийн туршилт байж болох ч энэ нь боломжгүй. Энэ туршилтыг хийх үндэслэл нь "Хүний ой тогтоолт сэтгэл санааны байдал, цаг хугацааны нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгддөг" гэсэн туршилт юм. 9/11-ний үйл явдлыг хэдэн жилийн зайтайгаар нэг хүнээс хэд хэдэн удаа асуусан тэмдэглэлийг хооронд нь харьцуулж үзэхэд тухайн үеийн ажиглалт нь тэс өөр болж ой тойнд нь үлдсэнийг илрүүлсэн. Харин би энэ туршилтыг эхлээд нэг бүлэг хүмүүст ажиглалт хийлгэнэ, эдний дийлэнх хэсэг нь манай талын жүжигчид байна, дараа нь үүнйигээ ямар нэг зүй тогтол, онолоор батлаад, дараа нь "Өө, биш байж ээ, ийм байсан байна" гэж ажиглалт дээр ажиглагдахуйцаар онолоо өөрчлөнө. Түүний дараа дахин ажиглалтыг хийлгэх ба өмнөх ажиглалтаас өөрөөр ажиглаж байгаа эсэхийг тогтоох юм. Жаахан жаалыг төрөнгүүт нь trueman show шиг орчноос тусгаарлаад, баахан жүжигчидийн дунд, улаан өнгийг цагаан, бөөрөнхийг гурвалжин гэх мэтээр тэс өөрөөр заагаад, ажиглалтыг нь тэмдэглэж авахтай ижил юмуудаа.

      Delete
    2. Сэтгэлзүйн судалгаанууд биш үү? Ямар нэгэн үр дүн гарлаа гэхэд тэр нь хүний тархи яаж ажилдаг тухай л дүгнэлтүүд байхаас биш, дээр бичсэн онолтой холбогдох уу?

      Delete
    3. Уул нь социологийн туршилт гэж би бодоод байгаа юм. Гэхдээ социологи хэрхэн хүний сэтгэл зүйд нөлөөлж байгааг судлаад байгаа болохоор сэтгэл зүй ч бас мөн. Бас тэр нь хэрвээ хүний бодит ажиглалтад нөлөөлдөг бол яах вэ гэсэн хардалт нь байгалийн шинжлэх ухаанруу ч оруулаад ирнэ.

      Ямар нэгэн үр дүн гараад, бүх хүний тархи ингэж ажилладгийг тогтоочихвол бидний физик ажиглалт нь өөрөө тэс өөр өөр байх боломжтой болоод ирнэ, эргэн тойрны "социологи"-оосоо шалтгаалаад. Тэгэхээр ямар сэтгэлгээний бүст байгаагаас шалтгаалаад хүний ажиглалт, сэтгэн бодох чадвар нь өөрчлөгдөх боломжтой, хэрвээ бүх хүмүүсийн тархи ингэж ажилладаг бол энэ ганц хүний тархины тухай биш, нийт нийгэм хийгээд ертөнцийг ч бид нийтээрээ хүлээн зөвшөөрөөд өөрчлөх боломжтой гэсэн үг юм.

      Хамгийн идеальны зүйл нь материйг хүний сэтгэлгээнд рэндэрлэгддэг зүйл гэж авч үзээд байгаа юм л даа. Гэхдээ тэр хүн бусдаас тусгаар биш, яг тэр сэтгэлгээний түвшиндээ бол нэг цул зүйл болчих юм. Бүдүүлгээр бол бид бүгд нэг үүлэн свервэртэй вайрлесаар холбогдчихсон байж байдаг, яг л матрикс шиг.

      Яагаад байж болохгүй гэж?

      Delete
    4. Миний бодлоор, хүмүүсийн үйл хөдлөл эргэн тойрноосоо хэрхэн хамаарч байгаа хамаарлыг тогтоох бол социологийн (сэтгэлзүй ч юм уу) судлагдахуун.
      Харин бүх хүний тархи ямар нэгэн үүлтэй холбоотой байдаг эсэх тухай таамгийг судлах бол физикийн салбарын судлагдахуун. Үнэхээр тийм физик үзэгдэл байгааг олж тогтоох хэрэгтэй.
      Социологи талаасаа бол, энэ чинь нээх тийм цоо шинэ зүйл ч биш, ерөнхийдөө тийм л биз дээ? Хүний үйл хөдлөл, бодол сэтгэлгээ ихэнхдээ өсч бойжсон орчин тойрноосоо л хамаарч төлөвшдөг (Эмпиризм).
      Физик талаасаа бол харин оогт ийм таамаг олж сонсоогүй юм байна. Бараг л нөгөө Avatar дээр Пандора гаригийн бүх амьтад нэг модтой холбоотой байдаг шиг, тиймэрхүү санаа биз дээ?

      Delete
    5. Яг тийм. Физик талаас нь нотлох хамгийн энгийн арга бол "гравитацийн үйлчлэх хүрээ хязгааргүй" гэх зарчим дээр тулгуурлаж, сансар огторгуй, ойр тойрных нь масс ихтэй биес зэрэг нь хүний би мах бод, түүнчлэх тархины эд эсүүдийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг л байх ёстой, энэ нь бас сэтгэц, мэдрэхүй зэрэгт ч нөлөөлөх учиртай биздэ. Энэ зүгээр л таамаглал төдий ч энэ онол нь өөрөө үнэн байж таарах юм бол бид үнэн гэж бодоод нотлох гэж зүтгэвэл болохгүй зүйлгүй гэсэн үг юм :D Гэхдээ үүнээс үүдэх хамгийн том парадокс нь үнэхээр энэ онол үнэн бол бид "энэ онол худал" гэж итгэж чадсанаар бас үгүйсгэчихэж болох юм :P

      Гэхдээ энэ цаашаа яавбал орон зайнаас гадна цаг хугацааны тэнхлэгд ч нөлөөлдөг байх ёстой. Карма, үйлийн үр зэрэг асуудлыг ч бас ингээд тайлбарлачихаж болох юм. Одоохондоо бодогдож санагдаж байгаа зүйлс энэ л байна, надад их сонирхолтой санагдаад байгаа юм аа.

      Delete
    6. Зуу дахь сармагчингийн онол гэж юм олж уншлаа. Энэ нилээд алдартай ажиглалт ба бүлэг сармагчингууд буюу яг 100 сармагчингууд нэгэн бодолтой (mind) байж чадвал тэр бодол нь эргэн тойрны сармагчингууддаа ч нөлөөлсөн байгаа юм. Бас өөр нэг эх сурвалж дээр үүнийг ажигласан улс төрчид сонгуулийн ажилдаа амжилттай ашигласан түүхүүд ч байдаг гэнэ. Хэрвээ энэ үнэн бол нэг хүний оюун ухаан бусдынхад нөлөөлөхөөр хүчтэй байж чадахгүй ч нэг газар бөөгнөрсөн бүлэг оюун ухаан нийлвэл нөлөөлөхүйц хуйлралыг үүсгэх боломжтойг батлана. Харин энэ нь материаллаг зүйлд нөлөөлөх үү гэдгийг л батлачих юм бол миний онол батлагдана :D

      http://www.wowzone.com/monkey.htm

      Delete
  5. Сонирхолтой, мэдлэг өгсөн, сэрэмжлүүштэй нийтлэл байна. баярлалаа.

    ReplyDelete
  6. Сайн байна уу? Таны амьдралын зорилго юу вэ?

    ReplyDelete
  7. http://robomec.blogspot.com/2016/02/blog-post_21.html?m=1

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts