Чингис зоос хэвлэцгээе

2013 онд бичиж байсан нийтлэлээ оруулж байна. Тухайн үедээ хөрөнгө оруулагчдад танилцуулаад ил тавихгүй явж байгаад, хөрөнгө оруулагчаа олсоноор Эгэрэг төслийг эхлүүлж байж ээ.

Монголын эдийн засагчид, санхүүчид, хуульчид, компьтерийн аюулгүй байдлын инженерүүд, форексчид, програмистууд, онлайн худалдаа наймаа эрхлэгчид болон эрхлэхийг хүсэгчид, мөнгөө найдвартай, өсөлттэй хадгалуулахыг хүсэгч баячууд, долларын өсөлтөд нэрвэгдэгч биснесмэнүүд ээ, мөн үргэлж шинийг эрэлхийлэгчид, аливаа янзтай зүйлийн анхдагчид нь байхыг хүсэгчид ээ, надад янзтай санаа байна, түүнийгээ хуваалцах гэсэн юм, наашаа сууцгаа.

Bitcoin

Интернэт үүсэн бий болсон цагаас л энэ аврага сүлжээг ашиглан гүйлгээ хийх боломжийг инженер, санхүүчид эрэлхийлсээр ирсэн ч өдийг хүртэл амжилтыг эс олсон байна. Харин саяхан буюу 2008 онд Сатоши Накамото гэгч нууц ноёнтоны интернэд нийтлэсэн өгүүлэл нь дээрх боломжгүй байсан зүйлийг боломжтой болгох гайхалтай санааг агуулж ээ. Энэ санаа нь зүгээр ч нэг интернэт гүйлгээ төдийгүй санхүүгийн ертөнцөд цоо шинэ ойлголтыг нэвтрүүлэх ид шидийг агуулж байсан нь "төвлөрсөн бус" гүйлгээний систем юм. Та ямар ч банкнаас хамааралгүйгээр, хэдхэн хормын дотор, дэлхийн хаа ч байгаа нэгэнрүүгээ мөнгө шилжүүлж болно, бүр ямар ч шимтгэлгүй гэвэл та итгэх үү? Ийнхүү жилийн дараа буюу 2009 онд техникийн талаасаа бодит амьдрал дээр бэлэн болсон систем ажиллаж эхлэсэн нь анхны "биткойн" (bitcoin) хэвлэгдсэн тохиолдол болсон юм. Ийнхүү өнөөдрийг хүртэл ажилласан энэ системийн одоогийн нийт үнэ цэнэ 13 тэрбум ногооныг ч өлхөн давна. Цаашдаа ч ширхэг бүрийнх нь үнэ цэнэ анх 0.03$-аас 1000$ хүртэл өссөн шигээ өссөөр байх хандлагатай. Та гайхаж байна уу? Таны нэг биш удаа сонсож байсан ч төдийлөн ойлгож судлаагүй энэ зүйл бол BTC гэх гүйлгээний нэртэй Bitcoin юм.

Ерөнхий ажиллах зарчим нь банкныхтай төстэй, энэ нь хүн бүр данстай ба данснаас дансны хооронд гүйлгээ хийгдсэн бүх мэдээлэл хадгалагдсан бүртгэл тооцоо байдаг ба банкнаас ялгагдах зүйл нь энэ хүү бүртгэл тооцоо төвлөрсөн ганц банк дээр биш, харин хүн бүрийн компьютер дээр хадгалагдаж, хүн бүрээр хянагддаг явдал юм. Энэ системд ийнхүү оролцогч хүн бүрийг "пийр" гэх ба нийт систем тэр аяараа хэнээс ч үл хамаарах, адил тэгш эрх бүхий "пийрээс пийр" (P2P) сүлжээгээр хоорондоо холбогдсон байна. Нэг үгээр бол Bitcoin-ыг хэнч зогсоох, унтараах, хянах, хязгаарлах, эвдэх, удирдах боломжгүй юм. Яг л BitTorrent шиг, хичнээн засгийн газрыг зовоож байгаа ч хэн ч түүнийг таслан зогсоож чадахгүй л байна.

Дэлхий даяар хийгдэж буй гүйлгээнүүдийн ширхэг бүрийг үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай нь мэдээж ба энэ ажлыг сайн дураар хийдэг хүмүүсийг "олборлогчид" (miners) гэдэг. Ягаад олборлогч гэдэг вэ гэхээр тэд энэ ажлыг хийснийхээ шанд шинээр хэвлэгдсэн зоос авдаг, нэг үгээр тэд биткойн олборлодог.

Товчхондоо бол Bitcoin нь технологийн төгс шийдлээр хэн нэгний (банк, олигарх, төр г.м.) бус, бүх хүнээр хянагддаг, оролцогч бүрийн оролцоон дээр ажилладаг төлбөр тооцооны эко тогтолцоо юм. Хүн бүрийн оролцоон дээр ажилладаг гэдгийг өөрөөр хэлбэл ажиллагааг нь зогсоохын тулд тэдгээр бүх оролцогчдыг зогсоох хэрэгтэй гэсэн үг. Гэвч дэлхий даяар тархан байрласан олон мянган оролцогч бүр нь өөрсдийн дансан дахь bitcoin-уудыг хамгаалахын тулд системд оролцог нь үүнийг зогсоох ямар ч боломжгүй болохыг харуулдаг ба энэ нь хүмүүсийг Bitcoin-д итгэх хамгийн том шалтгаан болдог. Өөр нэг итгэх шалтгаан нь хэн хүссэн нь bitcoin-ыг хэвлэх боломжгүй ба гүйлгээний хэмжээнээс хамаарах маш чанд математик тооцооллын дагуу, маш бага хэмжээгээр хэвлэгддэг явдал болно.

Ийнхүү Bitcoin гэгч шинэ зүйл анх хэвлэгдэж эхэлсэнээсээ өдийг хүртэл буюу 5 жилийн турш амжилттай ажиллаж, улам чангарсаар байгаа нь санхүү, эдийн засгийн салбарт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх нь цаг хугацааны асуудал болсон гэлтэй. Гэвч энэ асуудал дэлхий дахинаа хамгийн том маргааныг дагуулж байгаа нь АНУ Bitcoin-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байхад Хятад албан ёсоор хорьж байгаа жишээгээр нотлогдох биз.

Давуу талын хажуугаар саар зүйл байгаа нь гүйлгээнд нууц ноёнтон (anonymous) байдлаар оролцох боломжтой нь хууль бус, хар зах зээлийг интернэт ертөнцөд өөгшүүлж байгаа явдал. Гэвч энэ төрлийн зах зээл нь bitcoin-ы нийт зах зээлийн өчүүхэн хувийг л эзэлдэг нь тийм ч мууд тооцогдохгүй.

Хамгийн гайхалтай нь технологийн ямар ч өндөр мэдлэгтэй хакерт өөлөгдөхөөргүй энэ систем нь "итгэхгүй бол харахгүй юу" гэсэн шиг эх кодоо хүртэл нээлттэй тавьж ээ. Тэгсэн ч хакеруудад боломж олдсонгүй, одоо ч гэсэн цоо эрүүл энэ аврага механизм ажилласаар байгаа нь хэр найдвартайг нь илтгэнэ. Харин эх кодын эл нээлттэй байдал нь нэр, тоо хэмжээ гэх мэт хэдхэн параметрийг нь өөрчлөн өөр нэг гүйлгээний тэмдэгтийг бий болгох хялбархан боломжийг олгож байна. Ийнхүү LiteCoin, QuarkCoin, PeerCoin гэх мэт хэчнээн зуун төрлийн онлайн тэмдэгт интернэтийн сүлжээнд эргэлдэж байна.

Чингис зоос

Ерөнхий санаа нь Bitcoin-ы эх кодыг хуулбарлан, нэрийг нь GenggisCoin (GGC, GHC, CHC...) болгож өөрчлөөд Монголын интернэт зах зээлд нийлүүлэх явдал юм. Харин гол санаа нь онлайн төлбөр тооцоо. Жаахан тодорхойгүй байна уу? Гэхдээ цааш нь заавал уншаарай, учир нь нэгт энэ бол цоо шинэ, гайхалтай (disruptive) санаа, хоёрт үүнийг бодит болгохын тулд таны оролцоо маш их хэрэгтэй.

Ямар ч алт, мөнгөн баталгаагүй буюу оргүй хоосноос бий болсон, технологийн мэдлэггүй хүнд яаж ажиллаад байгаа нь тодорхойгүй энэ зүйлийг шинээр эх барьж, төрүүлэх үед хамгийн түрүүлж ямар нэг байдлаар зах зээлийн эргэлтэнд оруулж чадах эсэх нь чаашдаа энэ нярайг орших, эс оршихыг тодорхойлно. Үүнийг хийхэд эрэлтийг бий болгох шаардлагатай ба эргэлтэд орж, эрэлттэй болсон хийсвэр тооцох нэгж буюу Чингис зоос маань төгрөг, цаашлаад доллар, иень мэтийн бусад валюуттай харьцах бодит тооцох нэгж болон хувирна. Нэгэнт ингэж чадвал бусад онлайн тооцох нэгжүүд болох Bitcoin, LiteCoin шиг эрэлт нийлүүлэлтийн хуулиар өссөөр байх нь бичигдээгүй хууль.

Харин тэр эрэлтийг бий болгох хамгийн том хүчин зүйл нь Монголын онлайн худалдааны зах зээлийн эрэлт юм. Нэг талаас гэрээсээ худалдан авалт хийхийг хүссэн интернэт хэрэглэгчид, нөгөө талаас онлайн худалдаа, үйлчилгээ хийдэг бизнесийн байгууллагууд. Хэрвээ онлайн төлбөр тооцоо хийх хялбар арга л байх юм бол аль аль талаас нийлүүлэлтээ хүлээсэн эрэлт бий болчихсон байна. Гэвч монголд онлайн төлбөр тооцоог хийх хялбар боломж байхгүй байгаа нь энэ зах зээлийг удаашруулж байна. Онлайн худалдаа хийхийн тулд заавал аль нэг банктай гэрээ хийх шаардлагатай, энэ нь хүссэн бүхэн хялбар хийх боломжгүй, яршигтай зүйл. PayPal мэтийн олон улсын үйлчилгээг ашиглаж болох ч энэ нь хэрэглэгчдэд яршигтай, нөгөө талаас тэр бүр хүмүүст олон улсын онлайн төлбрийн карт байдаггүй нь эргээд үйлчлэгчдэд ашиггүй. Нэг үгээр энэ зах зээлийг идэвхитэй эргэлтэд оруулах ганц зүйл нь хэн хэн нь хялбар, хөнгөхөн ашиглаж болох онлайн төлбөр тооцооны систем буву ийм л зүйл байвал энэ зах зээл салхин сэнс мэт эрчлэн эргэх юм.

Тэгвэл бидний шинээр хэвлэх Чингис зоос нь энэ шаардлагыг хангаж чадна. Хялбархан, хурдан, шимтгэлгүй, аль нэг банк, санхүүгийн үйлчилгээнээс хамааралгүйгээр онлайн гуйвуулгыг хийх боломжтой. Цөөн үгээр тэнд байгаа эрэлтийг бид нийлүүлж чадах бол бидэнд хэрэгтэй эргэлтийг тэд бий болгож чадна. Салхин сэнсийг эргүүлэх салхи нь чингис зоос юм. Сэнс эргэж байж л тог гарна.

Түлш, дулаан, хүчил төрөгч гурвыг галын гурвалжин гэдэг, энэ гурав байгаа газар гал асдаг бол аль нэг нь л байхгүй бол гал асдаггүй, унтардаг. Энэ зарчим дээр гал сөнөөгчид ажилладаг. Тэгвэл чингис зоосыг анхлан хэвлэж эхлэхэд шаардлагатай галын гурвалжингийн гурван орой нь "олборлогчид", "ченжүүд", "хэрэглэгчид" юм. Аль нэг нь л байхгүй бол Чингис зоос асахгүй. Энэ гурав зэрэг бий болж байж л тэнд гал асч түймэр мэт дүрэлзэнэ. Нэг үгээр нэг нэгнээсээ маш өндөр хамааралтай. Гүйлгээ байхгүй бол олборлолт явагдахгүй, олборлолт байхгүй бол эксченж хийгдэхгүй, эксченж хийгдэхгүй бол онлайн арилжаа явагдахгүй гэх мэт.

Анхданч ченжүүд чингис зоосыг төгрөгтэй, төгрөгийг чингис зоостой арилждаг, нэг үгээр валиутын арилжаалагч байх юм. Өнөөдөр авах үнэ тэд, зарах үнэ тэд гээд л сууж байна. Хэн нэг найман шарга дээр ажилладаг та үүнийг уншиж байвал нэгдээрэй, яаж эхлүүлэх санаа оноогоо хуваалцах биз ээ. Санхүү, эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс нь үүний үнийг яаж тогтоох талаар алтан зөвлөгөөгөө хайрлана хэмээн найдна. Магадгүй ханш нь яг төгрөгтэй дүйцдэг, төгрөгийг дагадаг байвал илүү хялбар, зөв ч байх юм бил үү, мөхөс би хэрхэн мэдлээ. Бүр өөрийн ханштай "Чингис зоос", төгрөгийг дагадаг "Төгрөг зоос" гээд тус тусад нь хэвлэсэн ч болохгүй зүйлгүй шүү дээ.

Харин анхдагч олборлогчид бол техникийн талын мэдлэгтэйгээс гадна гайгүй сайн график карт бүхий компьютертэй байхад л болно, энийг сайн дураараа хийх залуус маш олон байгаа гэж найдаж байна. Эхний нэг жилийн хугацаанд өндөр хүчин чадалгүй, график картгүй компьютераар ч олборлох боломжтой, гэвч таны урдуур илүү хүчин чадал сайтай олборлогч дайрах тул найдах хэрэггүй. Сонирхол төдийгөөр хийсэн энэ олборлолт чинь ирээдүйд өөрийг тань тэрбумтан болго л гэж бод. Бас хавьгүй сонирхолтой шүү. Дараа техникийн ажиллагааных нь талаар илүү дэлгэрэнгүй нийтлэнэ, энд нуршихыг хүссэнгүй.

Мэдээж хэрэглэгчид буюу онлайн худалдаа эрхлэгчид, мөн түүнийг нь худалдан авагчид. Онлайн үйлчилгээ үзүүлэгч сайтуудыг энэ хөдөлгөөнд идэвхитэй нэгдэнэ гэж бодож байна, хэрвээ тэгэж чадвал худалдан авагчид төдий чинээгээр ченжүүдээс чингис зоос худалдан авч, гүйлгээ төдий чинээ их хийгдэж, олборлолт төдий чинээ нэмэгдэж, таны бизнес төдий чинээ хэрэглэгчдэд ойр болж, дансан дахь чингис зоосын тань үнэ цэнэ төдий чинээ өсөх юмшүүдээ.

Санаа бол ийм байна. Надад хэдий сонирхол их байгаа ч таны оролцоо энд ус агаар шиг л хэрэгтэй, олны хүчинд дулдуйдаж сая амьсгалж эхлэх тул бүгд ам хэл, гар бие, оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчилцгаана уу! Хүн бүрт ямар боломж байгаагаа бичиж, яах ёстойгоо ам уралдуулан ярьцгаая. Олуулаа хэлэлцвэл буруугүй, зөв зохион байгуулалтад орж, даруйхан онлайн худалдааг балчигаас гаргангаа сонирхолтой, ашигтай зүйлийг эхлүүлэх боломж таны гарт байна. Эцэст нь бүгд л энэ тогооноос хувиа хүртэх тул хойш суух хэрэггүй.

Comments

Popular Posts