Өөртөө онцгой байдал зарлав (repost)

Нилээн дээрийн, устгаж орхисон блогтоо, жил гарангийн өмнө бичиж байсан нэг нийтлэлээ жаахан ч гэсэн урам зориг өгөөд байхаар нь хааяа уншиж урам орох гээд дахин нийтэлчихлээ.

Өглөө арай гэж сэрээд өдөр нь орноосоо өндийхөөрөө л Twitter, Blogger, YIM, Gtalk, Google Reader гээд л бүрэн донтсон хар тамхиа татаж татаж ханасан бололтой гэрийнхний шаардлагаар өглөөний цайг халтар хултар иднэ. Халтар аяга таваг, талхны хатсан үртэстэй ширээ бол ёстой үстэй толгой арзас хийм зүйлс. Учир нь тэднийг цэвэрлэж угаах гэдэг бол ийм том (харжийна уу, нэг иймэрдүү том) ажил. Тэгээд юу бодоод байгаам нэг л их зүйл бодоод байгаа юм шиг байгаам, гэнэт л нэг өдөр цэмцийгээд л, тэнгэрлүү нисээд явчих ухааны юм бодсоор л жорлон орж хүнд/хөнгөн бие засчихаад угаалгын өрөөнд бага сага ариун цэвэрээ хангаж, эрүүн дээр хэдэн ширхэг сахал ургасан байгааг нь тоолж аваад нөгөө хөг муутай гитараа байрьж аваад учир утгагүй нүдчихнэ. Холлой нь хошногоноос арай л дээр дуугарч байна гэсэн шиг л гашгирч өгнө. Хичээл, хүнд өгсөн амлалт, хийх ёстой ажлууд, хэтийн зорилго гээд л бодох тусам стресстэнэ. Хааяа юу ч хийж чадахгүй байгаадаа гутраад дипресс болно. Тэгээд нэг л өдөр тэд нь өөрсдөө хийгдээд дуусчих юм шиг хараад л суугаад байна. Нусаа татаад л, даарсан хирнээ прочкоо хаачихаас залхуу хүрэн сугаад л, суугаад л. Нөгөө чихэвч шиг юмаа хоёр чихнийхээ амсарт углачиха. За тэгээд гэрт солгой хоолойгоороо солонгорон хашигчдаг гитарчин сармагчин дүлий царайлаад бүтэн өдрийг Монитор гэдэг юмыг ширтээд суучихдаг олон олон өдрүүд урсан хөвөрсөөр өнөөдөр энэ өчүүхэн постыг улиглаж сууна.


Өглөө, өдөр, орой, шөнө тэгээд залгуулаад өглөө... Энэ цикл яг л дуусашгүй рекурс болчихсон. Ийн хүү тэрэгчин Хасаагийн залхуугийн инстект улам улам архагшин, удамшлын генэнд нь бичигдэх шахаж. Хэрэв тэгвэл миний үр удам үеийн үед ийм рекурс дотор явна. Тэгэхгүйн тулд би одоо өөртэйгөө дайн зарлаж байна.

Шөнийн нойрмог онгодыг умартан унтаж, өглөөний нартай зэрэгцэн босоод хэсэг ододтой хөх тэнгэр юулуугаан харан мэдэлчихээд үүрийн үнэн онгодтой зэрэгцэн хүссэн зүйлээ амжуулж, шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй. Дуртай зүйлээ хий, гэхдээ л Twitter, Blogger, Guitar гээд чиний цагийг алд алдаар нь хумасладаг хорон сүгнүүдтэй багахан зууралд, болж өгвөл холуур яв. Биеээ барьж тэвч. Чамд чиний хийх ёстой хирнээ чи өөрөө ч дуртай зүйлс байгаа, тэрийгээ бод, хий, таашаал ав.

Ер нь юу гээч, муу бүхнээ зоригтойгоор таягдан хая. Сайн бүхнээ ухан уудлаж гаргаж ирээд өөрийн дадал, зуршил болго. Чи анх арван хуруугаар бичиж сурч байхад, хөлд орж байхад, коонтор тоглож байхад, гитар сурч байхад хэзээ амархан байлаа. Гэвч чи эцэлгүй, эцэс төгсгөлгүй хичээн оролдсоор оролдсоор одоо юу болж байгааг хар. Бүх зүйл чиний гарт орж, дадал зуршил чинь болж болдог. Алдартай, авъяастай, агуу хүмүүсийн нууц ердөө л энэ. Чи өөрийн чадна гэсэн, мөн дуртай зүйлээрээ эцэс төгсгөлгүй оролд, алхам тутамдаа бод, үргэлж сайжруул, илүү гүнрүү нь шигд, хэн ч чамайг гүйцэхгүй болтол нь, ёроолыг нь гартал түүнийгээ өөрийн болго. Энэ л бүх асуултын хариулт шүү дээ.

Чи хааяа ажил дээрээ тамхи татдаг. Одоо битгий, чи тамхи татах хооронд өөрийн чинь амжилтанд хүрэх хугацааг төдий чинээ хойш татаж байгаа. Хэрвээ арван тамхи татах юм бол арав, цаашлаад зуун тамхи татах юм бол зуу дахин цагнаас чинь, мөн эрүүл мэндээс чинь хумаслана. Зүгээр л тамхины тухай битгий бод. Чи хааяа хичээлээ таслачихдаг. Хичээлээ таслах нь чиний залхууг улам лавшруулан идээшүүлж байгаа. Хичээлээ битгий тасал, энэ нь чи цаашдаа тогтвортой сууж чаддаг болоход чинь их нөлөөтэй. Номыг нь сурахгүй юм аа гэхэд номхоныг нь сур. Таслахгүйн тулд эрт бос, мөн битгий залхуур, зоригтой бай. Эрт босохын тулд сэрсэн л бол хүчээр өндий, удахгүй чи сэрэнгүүтээ үсрээд босоод ирдэг болох вий. Чи хааяаа их орой унтдаг. Орой унтаж болно, гэхдээ хичнээн эрт унтана төдий чинээ чи хангалттай амрана. Шөнө амрах нь өдөр амрахаас хэд дахин илүү гэдгийг чи мэдэж байгаа. Чи хааяаа ухамсарласан ч биелүүлж чаддаггүй. Бодсон л бол хий, хэзээ ч хамаагүй бодсон зүйл чинь нисээд явчихна шүү. Гэвч нисээд явсан бодол чинь яг л бумеранг шиг маш хүчтэй эргэж ирээд чиний толгойг хага авч ч магад.

Муу бүхнээ таягдан хая, битгий эргэлз, битгий ай, зоригтой бай. Сайн бүхнээ ухан гарга, алхам бүрдээ бод, үргэлж түүнийгээ сайжруул, хэнээс ч илүү бай. Байгаа байдалдаа хэзээ ч битгий хана. Чамд үхэл гэдэг бурханаас өгсөн хосгүй том бэлэг байна. Энэ чиний боломж. Үхэл чамайг хүссэн хүсээгүй л авах болно. Тэр хүртэл чи гарынхаа арьсыг зулгартал, нүднийхээ болорыг манантал, толгойныхоо үсийг бууралтан унатал өөрийгөө хөгжүүл. Зогсох л юм бол тэр ямар амьдрал болон хувирдагийг чи одоо гэмээнэ мэдрэсээр байна. Яг одоо хөдлж эхэл.

Comments

  1. Онцгой байдал ч хаа сайгүй л хэрэгтэй бна даа. Би ч бас тэмцсээр л байна, хэн нь ялахыг харъя л даа муу залхуурал кк

    ReplyDelete
  2. Хаяа бол сайхан бүхнийг хаячаад алхайж хэвтэх сайхан шт хэхэ

    ReplyDelete
  3. ~хахахаха наддад л хэлээд бгаа юм шиг бндаааа...

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts