Солонгосд аялсан тэмдэглэл №6

Олон хоног хүндэтгэхгүй шалтгааны улмаас бичихийн хүслэн болсон блогоо бичсэнгүй. Яагаад би бичихийг хүсээд байгаа вэ гэхээр мэдээж сайхан дурсамжууд, би өөрөө ч гэсэн өчнөөн зүйлсийг мартана байх, дараа санана. Нөгөө талаас нүд тайлж, ухаан тэлж байгаагийн үүднээс үзэл бодлоо илэрхийлэх, мөн мэдээж явж үзээгүй хүнд төсөөлөл өгөхөөс гадна мэдээж өчүүхэн зүйлээрээ гайхуулах :P Юу вэ гэхээр дуулгах сонин ихтэй...

Товчхондоо бол LG-гийн хамгийн том үйлдвэрлэлийн салбар болох GS coldax-ийн үйлдвэрлэлийн нугатай танилцсан, мөн хамгийн сонин зүйл нь ажил хийж байгаа :D Гэхдээ мэдээж хар ажил. Өөр чинь юу байлаа, тухай бүрт нь тэмдэглэж авч байхгүй бол ийн хүү мартдаг гэмтэй. Иймээс хармаандаа тэмдэглэлийн дэвтэртэй явж заншина аа.

LG бол дэлхийд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг асар том корпараци гэдгийг хүн бүр мэднэ. Харин түүний асар том салбар болох GS group-ийн үйлдвэрлэлийн салбар GS coldax нь Солонгосын хамгийн том үйлдвэрлэлийн гүрнийг эзэмшдаг асар том хөрөнгөтэй компани юм байна. GS group-ийн хөрөнгө нь Солонгост дээрээсээ VI ордог ба 31 триллион солонгос воноор хэмжигдэнэ. Үйлдвэрлэлийн нуга нь Yeosu хотод байрлах ба дайлайд түшиглэсэн болон төмөр, загас, усан онгоц гэх зэргээрээ дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэлүүд энд бий. Үзэсгэлэнт шөнийн Улаанбаатрыг хэдэн арав нуглахаар энэ том нуга нь Yeosu-д байрладаг учираас Yeosu-г үйлдвэрлэлийн хот хэмээн нэрлэнэ. Тэр олон төрлийн үйлдвэрлэлийн байгалд үзүүлэх нөлөө мэдээж бий боловч өндөр хөгжлийн ачаар хэдэн мянган үйлдвэрийн хаягдлийг байгалд учруулах хор хөнөөлгүй шахуу шийдэж чаджээ.

Бид нэг шөнө болон маргааш өдөр нь тэр гүрэн дотуур хоёр удаа аялаж үзсэн ба хамгийн үзэсгэлэнтэй нь мэдээж шөнө. Зах хязгаар нь үл үзэгдэх далай мэт давалгаалах тэр олон гэрлийг зөвхөн эндээс л олж харах боломжтой. Тэр үед би "Энд лав 100-н Улаанбаатар байна аа" хэмээн уулга алдаж байлаа. Өдөр нь ч мэдээж сүртэй, ирээдүйг зөгнөсөн, үгүй бол саран дээрх хот гэх мэт кинон дээр л гардаг дүр зургийг эндээс харах боломжтой. Турбаны хот, яндагийн хот, аврага том цлиндр савнуудын хот гээд л, алингаар нь нэрлэхийг тэр гэмээр. Хамгийн гайхалтай зүйл нь УБ-гээс хэд дахийн том энэ үйлдвэрлэлийн нугад шөнө ч, өдөр ч тэр, ганц ч минутын тасалдалгүйгээр үйлдвэрлэл явагдана, дэлхийн өмнө хүлээсэн үүрэг нь энэ үйлдвэрүүд зогсох эрхгүй. Бүр түүнээс ч сонин зүйл нь ийм агуу том нуга дотор хэдхэн мянган ажилчинтай, нуга дүүрэн үйлдвэрлэл, уул нь дотор нь хэдэн арван сая хүн ажиллаж баймаар, гэтэл арван мянга ч хүрэхгүй хүн ажилладаг гэж бодохоор автоматжуулалтыг мэдрүүлэх шиг болж байгаа биз.

Өдрийн аялалаар хоёр үйлдвэрээр аялж үзсэн ба нэг нь L гэсэн үсгэн логотой, 8-хан хүн ажилладаг, мөн л аврага том үйлдвэрлэлийн хот. Бид хуванцар үрэл савлаад хадгалах үйлдвэр болон 1000 целсийн халуунтай зуухруу шагайж үзсэн. Нөгөөдөх нь гадаадаас нефтийг усан онгоцоор авч ирдэг компани ба далай дээгүүр аялулан, аврага том усан онгоцнуудаа гайхуулсан. Тэр үед азтай нь Лос Анжлесийнх шиг дүүжин гүүр баригдаж байхыг харсан. Солонгост аман ярианаас сонсоход нефьт, ер нь газрын баялаг гэх зүйл байхгүй гэж сонссон. Ихэнхдээ далай, газар тариалан дээрээ түшиглэсэн мэт санагдсан.

Дээрх үйлдвэрлэлүүдийн нарийн ширийн мэдээллэл болон эх сурвалжуудыг судлаж байгаад бармттай нийтлэлүүдийг оруулна аа. Учир нь би тэр үйлдвэрүүдийг үнэхээр тийм, ийм эсэхийг мэдмээр байна, Солонгосууд худлаа шаасан байвал яана гэж хардах сэтгэгдэл төрж байна :P Учир нь би хэзээ ч Солонгост төмрийн, усан онгоцны, бензиний дэлхийн номер нэг үйлдвэр байдаг гэж дуулж байгаагүй. Мөн бас нэг итгэхгүй байгаа зүйл нь тэр том нугыг ердөө жил хагасын дотор босгосон гэж ярих юм билээ.

Гэвч би агуу зүйлсийг харсан юм чинь жижигхэн зүйл яахин мөрөөдөж чадах билээ. Ийн хүү тэрэгчин Хасаа агуу том мөрөөдөлтэй нэгэн болллоо. Мянга сонсохоор нэг үз ээ гэж үнээр үнэн үг юм. Хүн бүр гадаад явж нүд тайлна, харах өнцөг өөрчлөгдөн гээд л байсан, үүнийг л хэлээд байсан юм байна гэж бодсон. Гайхамшиг, мөн үүнээс ч илүү гайхамшигууд байдаг гэж бодохоор дэлхийн өнцөг булан бүрийг үлдээлгүй аяламаар.

За дараагийн дээр дурдсан сэдэв болох хар ажил хийсэн тухай. Бидний буцах билет хаа байсан VII/20-ны Инчеон-Улаанбаатарын нислэг ба биднийг дааж яваа сүмийн ивээн тэтгэгэч (солонгосоор чипсоним гэнэ) биднийг зүгээр байхаар зүлгэж сууг, ядахдаа хэд гурван тоолдог юм олж байг гэж бодсон бололтой биднийг 7 хоног ажиллаж үзэхийг санал болгосон. Амралтын өдрүүдээр амраад, ажлын долоо хоног ажлын газраа ажиллаж амьдрана. Энд гадаадуудын ажлын бриж гэж байх ба Монгол, Непал, Индонез, Ветнам, Хятад нөхдүүдийг зуучилдаг. Бидний амьдарч байгаа газар Хятадаас бусад нь байх ба мөн мэдээж нутгийн ажилчид нь бий. Ажлын байр ер нь таалгадаж байгаа, мөн ажил ч гэсэн төсөөлж байсанаас амархан байсан ч яг Солонгос хүмүүстэй тулж ажиллахаар жаахан ядарлаа.

Солонгосууд солонгосудын дэлхийд илэрхийлэгдэх имиж бол балли, балли гэх үг байдаг гэж бодоцгоодог ба энэ нь хурдан, хурдан гэсэн үг юм. Мөн би Монгол гэсэн нэрийг зүүж яваа тул Монгол хүн та нөхдөөс ч хурдан гэдгийг мэдрүүлэхийг хүссэн учир өглөө 8-аас орой 7 хүртэл ажиллахдаа Солонгос ажимаа (нас тогтсон авгай нарыг хэлнэ) нарыг удаан ажилла гэж гуйтал нь хурдан ажилласан ба бүтэн өдөржин тэд намайг эрхий хуруугаа гаргаад л магтаад байсан, мэдээж би их урам орж илүү сайн ажилласан. Гэхдээ бас баярлах болоогүй гэдэг шиг солонгосчууд хүнийг хөөргөх их дуртай, тэр тусмаа ажимаа нар нь. Хөөрхөн байна, мундаг байна, ухаантай байна гэдэг үгнүүдийг худлаа ч, үнэн ч байнга хэлээстэй. Гэхдээ би солонгос хүмүүс яаж ажилладгийг мэдэхийн тулд, ажил хийж байхдаа зүрх сэтгэл дотор нь юу байдгийг мэдэхийн тулд, мөн мэдээж хөлсөө гаргаж турахын тулд, жаахан ч гэсэн мөнгө босгочихын тулд, амьдралын халыг мэдрэхийн тулд, яагаад ихэнх монголчууд Солонгос явж мөнгө хураахыг хүсдэгийг, энэ бүхнийг мэдэхийг хүссэн тул улам сайн ажиллах болно оо.

Бидний ажил бол далайн бүтээгдэхүүнийг уутлаж, савлаж, хайрцаглаж, баглаж, багцлах ба бүх ажил урсгалаар явагдана. Энд олон сар ажилласан хүмүүс ядрахыг үл мэднэ. Ажлын байрын тоног төхөөрмж, хувцас, дүрэм журам, ариун цэвэр гээд л Монголын хамгийн сайн эмнэлгээс ч илүү сахиж байна уу гэмээр. Миний ажил бол уутласан бүтээгдэхүүнүүдийг уутанд боож, хөөсөнцрөн хайрцганд хайрцаглаад өрж тавих. Хамгийн хөдөлгөөнтэй ажил нь. Бусад маань дандаа хөдөлдөггүй усргал ажил дээр байгаа ба их хэцүү гэлцэнэ. Гэвч би хөдлөлгүй ажиллаж үзмээр байна. Манай ажлын байр асар том хөргөгчтэй ба тэр хөргөгч нь хоёр давхартай тэнцэхээр өндөр, бараг га том байх. Хөлдөөгч агуулах ч гэх юм уу. Тийм учираас их сэрүүхэн, тэр тусмаа миний ажиллаж байгаа газар мөс шиг хүйтэн, ядаж байхад яр гэдэг шиг би тэр хөргөгч рүү нь байн байн орох ажилтай. Тэр хөргөгчинд лав л -50 целс хүйтэн байх, лав л Монголын хүйтэнээс хүйтэн. Гэхдээ миний хувьд хар халуунд, наран доор шаргадаж байхаас зуун хувь илүү. Миний ажил их хөдлөдөг болохоор хүйтэн жаварт дийлдэхгүй, харин ч хөлс гараад сүйд.

Олон хоног хуримтлуулсан санаа оноонуудад ярих зүйл зөндөө л байна, даан ч одоо санаж байгаа нь цөөн бололтой, ажлыг бүү овооруулж бай гэж. Амралтын хоёр өдрөөр бид хотын төвд гэртээ байгаа ба нэгдэхээс ажилдаа орохоороо тэндээс олон зүйл бичинэ ээ.

Comments

  1. бичлэгийн хэлбэр чинь их таалагдаж байна ^^ үнэхээр сонирхолтой аялаад иржээ ^^

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts