Үүлнээс квантруу буюу их гүрнүүдийн дата уралдаан
Үүлэн технологи, үүлэн тооцоолол гэх үгс сүүлийн үеийн медиа сувгуудаар, тэр ч бүү хэл олон нийтийн кино, шар мэдээний салбарт ч сонсогдох болсон. iPhone дээрх iCloud гэх үйлчилгээгээр дамжуулж хакерууд оддын нүцгэн зургийг олон нийтэд дэлгэсэн нь нэлээдгүй шуугиан тарилаа, тэдний нэгийг дурдвал Hunger Games киноны гол баатрын дүрийг бүтээсэн Jennifer Lawrence юм. Мөн Sex Tape гэх кино ч үүлтэй холбоотой асуудлын талаар гардаг, хижээл насны хосууд өөрсдийн сексийн амьдралаа сонирхолтой болгохын тулд бичлэг хийгээд компьютер дээрээсээ устгасан ч тэр нь үүлрүү нэгэнт хуулагдаж, интернетээр нэг цацагддаг тухай энэ кинонд өгүүлдэг. Үнэндээ үүл нь ийм эмзэг, хакеруудын бэлэн хоол болчхоод байдаг зүйл ч бишлдээ, харин ч бүр эсрэгээрээ, дэвшилтэт, шинэ, найдвартай технологи билээ. Харамсалтай нь уг технологийн дэвшлийн талаар тодорхой мэдлэггүй байгаа хэрэглэгчдийн “алдааг” хакерууд ашигласан хэрэг. Технологи хэдий хамгаалалт сайтай байлаа гээд түүнийг хэрэглэгч хүн нь өөрөө ам султай бол яах ч аргагүй шүү дээ, өөрөөр хэлбэл та өөрийнхөө Facebook-ийн нууц үгийг хүн бүрд ам алдан хэлээд явдаггүй л биздэ.
Технологийн сэдэврүү орохоос өмнө “үүл” гэх үгийн утган дээр нэгдсэн нэг ойлголттой болчихвол цаашид энэ нийтлэлийг уншихад илүү тустай болно. Үүлийг бид тэнгэр бүрхэж хур оруулдаг хонин цагаан тэнгэрийн үүлээр төсөөлдөг ч илүү ерөнхийд нь тайлбарлах аваас тодорхой нэгэн байршилд бөөгнөрсөн хэт олон зүйлсийн бий болгож буй тэр дүрсийг үүл хэмээдэг юм байна, нэг үгээр үүл бол зүгээр л суунагласан “дүрс” гэж ойлгож болно. Cloud гэх үгийг ингэж буулгасныг дурдах нь илүүц биз. Усны ууршиж дэгдсэн молекулууд хэт олуулаа агаар мандалд бөөгнөрөн тогтсон үүлийг бид үүл гээд дуудчихдаг, үнэндээ үүнийг “усны” үүл гэвэл илүү зөв болж таарна. Хонинууд хэдэн мянгаараа нэг газар шавааралдан бэлчиж байгааг тэртээх уулын оройгоос ажвал “хонин” үүл газар дээр бий болох нь тэр. Харин үүлэн технологи гэж чухам юу юм бэ гэсэн асуултад хэт технологижилгүй, хялбарчилсан ерөнхий хариулт өгөхийн тулд доор нэлээд улс төржиж магадгүй, гэхдээ дэлхийн хэмжээнд учраас Бат-”Үүл”-ийн талаар ярих нь гэж бодох хэрэггүй. Ингээд үүлэн технологийн талаар нүцгэн үнэнийг өчье.
Үүлэн компьютер
Юуны өмнө бяцхан түүх ярья. Бид өнөөдөр технологийн эринд амьдарч байна. Хүн бүр л ингэж ярьдаг, бараг амны уншлага болсон уйтгартай зүйл, гэвч… Чухам уг эриний тухай нарийн тодорхойлолтыг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Анх 1785 онд Англиас эхэлсэн уг хувьсгалыг бид түүхэн цаг хугацааны тэнхлэг дээр ерөнхийд нь таван дэд технологийн хувьсгалд хуваадаг. Эхнийх нь “усан” буюу усны урсгалын хүчийг эргэлтийн хүч болгон хувиргаж ээрмэлийн машинуудыг ажиллуулах үйлдвэрлэл явуулж эхэлснээр тухайн үеийн ээрүүлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдыг 40 дахин ихэсгэж, чанарыг нь ч нэгэн хэвийн, тогтвортой болгож чаджээ. Энэ бол технологийн анхны хувьсгал хийгээд, энд л анх машин, технологи, инноваци гэсэн үгнүүд гүйлгээнд орж эхэлсэн юм. Гэвч уг усанд суурилсан технологийн хувьсгалын асуудал нь үйлдвэрүүд заавал хүчтэй гол мөрөн бараадах, гол мөрний ширгэлт, газар зүйн баригдмал байдал гэх мэт байгалийн хүчин зүйлсээр хэт хязгаарлагдаж байсан нь дараагийн технологи болох “ууран” хувьсгалд хүргэх шалтгаан болжээ. Ууршуулсан л болохоос уур нь өөрөө ус байлтай, гэвч уурын хүч уснаас илүү ид шидтэй бололтой. Учир нь уг хувьсгалын ачаар үйлдвэрүүд ээрмэл зэргээр хязгаарлагдалгүй, бүхий л эргэлтийн хүчийг ашигласан, илүү хүчтэй машин механизмуудыг ашиглаж эхэлснээр аварга мануфактурууд бий болов. Энэ нь дээрх усны технологийн асуудлыг арилгахын сацуу илүү хүчирхэг, цаашлаад зөөвөрлөгдөх боломжтой хүчийг бидэнд өгсний тод жишээ нь уурын галт тэрэг билээ. Гэвч… дахиад л гэвч. Уурын технологи нь үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, суурин үйлдвэрлэлийг илүү олон төрөл болгож, тээврийн салбарт хүртэл хүрээгээ тэлсэн ч уг хүчийг ашигладаг машин, тоног төхөөрөмжүүдийн арчилгаа нь хүний хүчийг шаардсаар л байв. Хүний хүчийг орлуулж чадсан мэт боловч үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлснээс хүнийг халж чадсангүй. Өөр бас нэг хүндрэл нь гал тэрэг ч тэр, үйлдвэр ч тэр, бүгд өөрсдийн гэсэн ууршуулах зуухыг тасралтгүй галлах шаардлагатай байв, үүнд нь мэдээж галлах материал болох түлшний асуудлаа шийдэх нөр их ажил нэмэгдэнэ. Эдгээр асуудлуудын гарцыг дэлхий даяар хайсны эцэст хамгийн боломжит, хөдөлмөрийн цоо шинэ хуваарилалтыг санал болгох “цахилгаан” технологийн хувьсгал биеллээ олсон билээ, энэ нь технологийн гурав дахь хувьсгал болж байна. Өнөөдрийн хөдөлмөрийн хуваарь, үйлдвэрлэл, технологи, ерөөсөө бид бүхний амьдралын хэв маяг тэр чигтээ уг хувьсгалын үр дүн гэдгийг ойлгож ядах зүйлгүй. Үйлдвэр бүр зуух галлаж, галлах түлшээ зөөх нөр их ажлыг төвлөрсөн цахилгааны эх үүсвэр болох цахилгаан станцаар шийдэж, хүссэн газраасаа хэчнээн ч километрийн алсаас уг цахилгаан хүчийг металл утсаар дамжуулан авч болох эрх чөлөө бий болов. Нэг үгээр цахилгаан хүчийг ашигласнаар газар зүй, байршил, түлш, байгаль цаг уур, арчилгаа тордлогоо зэрэг үйлдвэрийн хамгийн хүнд ачаануудаас ангижирсан билээ. Гэвч энэ нь жинхэнэ утгаараа цоо шинэ мэдлэг, инновацийг шаардаж байв. Үүнтэй зэрэгцэн өөр нэг асуудал үүссэн нь уурын галт тэргийг цахилгаанаар ажиллуулж чадах инноваци төдийлөн үүсээгүй байснаас “дотоод шаталтын” гэх дөрөв дэх хувьсгал бий болов. Яг үнэндээ ч уурын галт тэргийг орлуулах гэсэндээ бус, зам тээврийн технологийг эдийн засгийн чухал зүйлд тооцсоноор уг хувьсгал биеллээ олж, нийгмийн амьдралыг ор үндсээр нь өөрчилж чадсан юм. Уг хувьсгалын ачаар явдаг, нисдэг, хөвдөг үйлдвэрүүд бий болох нь тэр. Уг технологийн эринд хүн бүр машинтай болж, орон зай, цаг хугацааг ялан дийлж, цахилгааны хэрэглээ айл бүрд хүрч өдөр шөнийг захирч эхэлснээр технологи айл өрх, хувь хүн бүрд хамгийн чухал зүйл болж хувирав. Цөмийн энерги ч мөн энэ хувьсгалд хамаардаг. Цахилгаан болон дотоод шаталтын технологиуд нь та бидний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж буй бөгөөд эдгээр хувьсгалын ач холбогдол нь өнөөгийн нийгмийн оршихуйтай ярьж чадах тийм хүчирхэг юм. Харин тав дахь хувьсгалыг та юу гэж бодож байна? Энэ нь таны уншиж буй уг нийтлэлийг дэлгэц дээрээ хэвлэж буй наад төхөөрөмжийн чинь талаар гэвэл та цахилгаан хувьсгалтай андуурахвий. Энд цахилгааныг ашигладаг ч дан ганц цахилгаанаас гадна цахилгааныг ашиглах цоо шинэ инноваци болох “электроникийн” хувьсгал яригдаж байна. Компьютер, тооцоолол гэх үгнүүд энэ үед гүйлгээнд орж эхлэв. Энэ хувьсгалыг бий болгосон, өдийг хүртэл гол дүр нь хэвээр байгаа хэргийн эзнийг транзистор гэдэг. Өмнөх бүх хувьсгалууд зөвхөн хүний булчингийн ажлыг орлуулж байсан бол уг хувьсгал нь хүний тархины ажлыг орлуулах, цаашлаад хүний булчин ч, тархи ч хийх боломжгүй цоо шинэ ойлголт бүхий технологийн хэрэглээг бий болгосон юм. Анх аварга том заалыг ч хөнгөхөн дүүргэчихдэг байсан вакуум лампан транзисторуудаар хийсэн компьютер өнөөдөр хагас дамжуулагч цахиурын тусламжтайгаар шүдний завсар орчихвол олдохоо байх тийм бичил хэмжээнд хүрч, хүчин чадал нь эртний вакуум ламптай компьютераар заал байтугай 40 км2, зүйрлэвэл Манхэттен дүүргийн талыг эзлэх хэмжээний аварга төхөөрөмжийг орлохуйц болж ээ. Энэ хувьсгалын ачаар хүн төрөлхтөн сансарт гарцтай болж, оюуны хүчийг илүү чухалд тавьж эхэлснээр үйлдвэрлэлийн автоматжуулалт бүрэн утгаараа хэрэгжив. Уг хувьсгалын ачаар хүнийг бараг бүр мөсөн халж чадлаа. Хүнгүй үйлдвэрлэл, хүнгүй тээвэр. Дээхэн үед үйлдвэрийн талаар ам дамжин ярьдаг байсан домог мэт зүйл өнөөдөр биеллээ олж ээ, энэ яриа нь “Гутлын үйлдвэрт хүн ажиллах шаардлагагүй болно, гэвч тэнд ажиллах байсан хүмүүс орлогогүй болж гутал авах чадваргүй болно, ингэснээр үйлдвэрийн орлого байхгүй болно, иймд хүнгүй үйлдвэр байх боломжгүй” гэсэнэрхүү зүйл байв, гэвч амьдрал илүү хөгжсөөр, хүний булчингийн бус оюун ухааны хэрэгцээ өсөн нэмэгдсээр. Одоо бол том үйлдвэрлэлийн түвшинд кочегар, грушзчик гэх хүмүүс хэрэггүй болсон ба зөвхөн хянагч гэх орон тоонд л хүний хэрэгцээ шаардагдаж байна, энд тээврийн хэрэгслийн жолоочийг ч хянагч хэмээн ойлгож болох билээ, учир нь тэнд хүний хүч бус оюун ухаан л хэрэг болж буй шүү дээ. Энэ нь яваандаа интернет бий болох үндэс болж, оюун ухааны хүчийг ашиглан оюун ухааны нөөц буюу интеллектуал ресоорсыг олборлох эхлэл болов. Уг интеллектуал ресоорсыг бий болгохын тулд даян дэлхийн интернетээр дамжуулж хүн төрөлхтний нийт мэдлэгийн санг олборлож чадах хүчирхэг тооцоолох технологийг бүтээх шаардлага урган гарсан юм. Ийнхүү жинхэнэ утгаараа аварга том заалыг ч дүүргэхүйц хагас дамжуулагч супер компьютеруудыг ажиллуулж байна. Үүнийг л “үүлэн тооцоолол” хэмээн нэрлэдэг билээ.
Тэгэхээр технологийн эриний тооллоор бол бид үүлэн технологийн эринд амьдарч байна гэж хэлж болох нь. Энэ эринд өнөөдөр таны үнэ төлбөргүй ашиглаж буй Twitter, Facebook, Google гэх мэт олон нийтийн цахим үйлчилгээний чинь цаанаа ямар бодит ашиг сонирхол байдаг гэж бодож байна. Зар сурталчилгаа, бизнес үйлчилгээн дээр тулгуурлан ашиг олдог гэж бүгд ярьдаг. Facebook-ийн page boost, Google-ийн ads, adword, Twitter-ийн promoted tweet гэх мэт. Гэвч энэ бүгд зүгээр л өнгөлөн далдлалт юм. Уг өнгөлөн далдлалтын хөшгийг хярваас цаана нь чухам юу байдгийг сонирхох боломжийг Edward Snowden бидэнд олгосон билээ. Энд дээр нэр нь дурдагдсан хийгээд тэдэнтэй адил маш олон онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ийн засгийн газрын NSA гэх байгууллагад үйлчилдэг, тодруулбал NSA-ийн PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн. Манайхан “Гадны том улсууд өчүүхэн хумхын тоос миний бичсэн зүйлсээр үлийгээ хийх вэ” гэж эндүүрдэг, гэвч тантай адил олон сая хумхын тооснуудын бөөгнөрлөөс үүл бий болж, тухайн үүл ямар хэлбэртэй байгаа нь хэн нэг Сергей Брин, Зукерберг мэтийн нөхдөд маш хялбархан ажиглагдах боломжтой болж байгаа юм. Ингээд л тэд Монгол гэдэг улсын нийгмийн байдал, улс төрийн хандлага, үзэл бодлыг нэгтгэн дүгнээд хялбархаан хэдэн өгүүлбэр болгоод NSA-д “зарчихна”. Үүнийгээ тэд “Нийгмийн аюулгүй байдлын төлөө бид АНУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна” гэж гэмгүй дүр эсгэн тайлбарлахаа ч бодоод олчихсон байх нь лав. Яг үнэндээ та ч тэр, Монгол улсын газар нутаг дээр ямар нэг сервер ажиллуулаад цахим үйлчилгээ явуулж байвал Монгол улсын хуулийн дагуу зохих байгууллагуудад хувь хүний мэдээллийг шахан шаардуулалгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй, “таны мэдээллийг чандлан хадгалах болно” гэж хэчнээн уриалсан ч тэр шүү дээ. Тиймээс ингэж хэлээд таны хувийн мэдээллийг шаардаж буй ямар ч үйлчилгээнд тэгтлээ итгээд байх хэрэггүй байх нь. Тэр ч бүү хэл Монгол улсаас ийм төрлийн цахим орчинг тагнах програмыг ашиглах лицензийг авахын тулд 1.3 сая евро зарсан нь Wikileaks дээр нийтлэгдсэн байсан ба энэ нь Монгол улсын иргэн надад гайхах, түгших хоёрыг зэрэг төрүүлнэ. Нэг үгээр таны найзтайгаа ярьсан яриаг монгол, хятад, англи зэрэг ямар хэл дээр байх нь хамаагүй, утас, хувийн чаат, ер нь интернет, цахим төрлийн бүхий л хэрэглээнээс чинь “шүүгээд” л гаргаад ирнэ. Яг нарийн яривал өнөөдрийн ухаалаг гэгдэх утаснууд унтарчихсан байсан ч хэн нэгэн эрх мэдэлтэн нөхрийн чагнах хэрэгсэл болох боломжтой гэвэл та итгэх үү? Ингэхээр бас л манайхан “Миний яриаг сонсоод, чагнаад суудаг завтай хүн хаана байхавдэ” гэж боддог. Гэвч нийт өгөгдлийн урсгал дундаас текстэн болон дуу авианы шүүрдлэг хийх нь хүн оролцоод байх шаардлагагүй, компьютержчихсан автомат ажил юм, ингээд л хар тамхи, хүний наймаа, садар самуун гэх мэт хар жагсаалтад орсон үг хэрэглэсэн л бол таны нэр дэлгэцэн дээр поп гээд л гараад ирнэ. Яагаад энэ бүхнийг сэдвээсээ хазайн нуршив гэхээр бидний цахим, олон нийтийн онлайн хэрэгцээг хангагч дээрх нэр нь дурдагдсан үйлчилгээнүүд нь санхүүгийн бус, улс төрийн ашиг сонирхолтой байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгвэл тэр ашиг сонирхол нь чухам юу юм бэ гэж та бодохыг ч зүрхлэхгүй байгаа биз? Хэрвээ бодож байгаа бол та тэдний хувьд надтай хамт устгагдах ёстой сөрөг эд эс юм.
Үүлэн компьютер гэдэг нь зүгээр л аварга том, илүү хүчтэй л болохоос бидний мэдэх компьютер юм, гэхдээ таны төсөөлж байгаагаас ч том. Хялбараар бол яг таны компьютер шиг хэд хэдэн компьютеруудыг холбож нэг компьютер мэт хүч нэмэгдүүлж ажиллуулахыг кластер тооцоолол буюу cluster computing гэдэг. Үүнтэй ижлээр олон кластерыг холбоод нэг бодлого бодуулахыг грид буюу grid computing, харин олон грид нийлээд ирэхээр сая нэг үүлэн тооцоолол буюу cloud computing маань бий болж байна. Үүнийг веб сервер байдлаар ашигласнаар 1 тэрбум хүнийг нэгэн зэрэг холбож буй Facebook-ийн үйлчилгээ биеллээ олох технологийн нөхцөл бий болно. Ингэж тэнгэр баганадсан хүчин чадлыг гаргаж авчхаад, түүнийгээ танд зүгээр л ашиглуулж байдаг гэж бодож байна уу? үгүй. Таны төлж байгаа төлбөр бол өгөгдөл буюу “дата” юм. Таны бичиж байгаа, товшиж, чирч, хааж, нээж, гүйлгэж, уншиж, шээрлэж байгаа бүхий л үйлдлийг чинь дата гэж нэрлэнэ. Энэ бүхнийг чинь тэд үсэг, миллиметр, пиксел ч алдалгүй нарийн чанд бүртгэж авч байдаг. Тэгвэл энэ их датагаар тэд юу хийх юм бэ? Тодорхой бүлгийг нийлүүлэн дүгнэж, үүлний зургийг гаргахад ашиглаж байгааг дээр дурдсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйд болох шинэ технологийн хувьсгалд зориулж энэ бүх мэдээллийг “зетта зетта”-гаар нь (1 zettabyte ≈ 1’000’000’000’000 gigabyte) хадгалж байдаг. Дээр бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн 5 дахь хувьсгалын үед амьдарч байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл бид усан, ууран, тогон, дотоод шаталтын гэх дөрвөн үндсэн технологийн эринүүдийг даван өнөөдөр бидний цахим эринд аж төрж байна. Тэгвэл энэ 5 дахь эриний дараа технологийн 6 дахь хувьсгал юу байх нь хэзээний тодорхой болж ээ. Үүнд нано, био, инфо гэх зэрэг маш олон зүйл хамаардаг ч би зөвхөн бичиж буй зүйлийнхээ хүрээнд нано, цаашлаад хэмжих боломжгүй жижиг ертөнцийн шинжлэх ухаан болох квант тооцооллын талаар энгийн үгээр сийрүүлэн бичье.
Moore-н хуулиар 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ гэж ээ. Яг үнэндээ жинхэнэ хууль нь 2 жил тутамд нэг чипэндэх транзисторуудын тоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг нь дээрхтэй төдийлөн ялгаагүй утгатай юм. Нэг үгээр 2 жил тутам чипний хэмжээ 2 дахин багасаж, үнэ нь 2 дахин хямдарна л гэсэн үг. Ийнхүү өнөөдөр цахиур буюу silicon хагас дамжуулагчаар хийх чип нь байж болох хамгийн жижиг хэмжээндээ үйлдвэрлэгдэх болсон. Тэгвэл үүнээс цааш яах вэ? Энэ хууль өдийг хүртэл хэрэгжсэн ч ингээд зогсох уу, эсвэл энэ хуулийг үргэлжлүүлэхийн тулд бид халаасандаа багтахгүй гар утас, өрөөндөө багтахгүй хувийн компьютертай “вакуум лампан” зэвсгийн үедээ эргэж очих уу? Учир нь энэ байдлаараа транзисторын тоог нэмээд байвал хэмжээ нь ихсэхээс цаашгүй юм. Уг асуултын хариултыг нано компьютер, цаашлаад квант компьютер гэх цоо шинэ технологиуд өгнө хэмээн дэлхийн шинжлэх ухаан найдаж байна. Нано гэдэг нь ямар нэг цоо шинэ ойлголт биш ба зөвхөн хэмжээний л тухай нэршил юм. Майкро технологи бол майкро буюу 1 миллиметрийг 1’000 хуваахад үүсэх микрометрийн хэмжээнд яригддаг байхад энэ хэмжээг нанометр буюу миллиметрийг 1’000’000 удаа хуваахад үүсэх хэмжээсээр ярьж эхэлбэл үүнийг нано технологи гэж нэрлэнэ, энэ нь атомын түвшинд яригдана гэсэн үг. Майкро технологийн гол түүхий эд нь хагас дамжуулагч буюу силикон байдаг бол нано технологийн гол түүхий эд нь нүүрс төрөгч буюу карбон болно. Энэ талаар илүү гүнзгий, тусдаа, маш сонирхолтой сэдэв тул энд нь үлдээе. Харин оронд нь квант технологийн тухай илүү сонирхолтой сэдэврүү орцгооё.
Квант компьютер
Квант нь ердөө хэмжээс төдий ойлголт биш бөгөөд бүх цаг үеэс ялгарч чадах цоо шинэ, тун хачирхалтай онол дээр тулгуурлан гарч ирсэн ойлголт юм. Атомоос ч жижиг хэмжээнд яригдах тийм өчүүхэн технологи. Бид атомыг задалбал электрон, нейтрон, протон болдгийг сайн мэднэ. Тэгвэл нейтрон, протоныг задалбал юу байх бол? Эндээс кварк гэгч зүйл гарч ирэх бөгөөд энэ нь квантын онолын хамгийн суурь нэгж болдог, үүнээс цааш задрахгүй гэж үзээд үүнийг эгэл бөөмс хэмээн нэрлэдэг ажээ. Уг хэт бичил түвшинд бидний ярьдаг, боддог ойлголт, онолууд үйлчилдэггүй, бидний төсөөлөхөд ч бэрх, тэс өөр ертөнц тэнд буй. Бид аливаа зүйлийг гэрлийн тусламжтай ажигладаг билээ. Хэрвээ гэрэл үгүй, харанхуй бол бид ажиглаж чадахгүй. Харин атом молекул гэх мэт нано төвшний зүйлсэд гэрэл томддог ба түүнээс ч нарийн ширхэгтэй долгионоор тэднийг илрүүлдэг. Харин кварк бол бидний ажиглах гэж илгээсэн долгионд хүртэл цохигдоод алга болчихдог тийм өчүүхэн эгэл зүйл юм. Нэг үгээр гэрэлд цохигдоод үсрээд алга болдог тул түүнийг ажиглах боломжгүй гэж үздэг. Үүнээс болж тодорхойгүйн зарчим буюу уг эгэл бөөм нь энд ч байж магад, эсвэл тэнд ч байж магад, ямар ч байсан энэ хүрээн дотор байхаас гарцаагүй гэсэн баахан магадлалын хязгаар дотор төсөөлөх болсон юм. Тэнд бөөмүүд оршилгүйгээр оршдог, өрөөр хэлбэл тухайн бөөмийн байх боломжит бүх байрлалд зэрэг оршдог буюу магадлалын тархалт байдлаар биет бус, долгион хэлбэрээр оршдог хэмээн төсөөлж эхэлсэн байна. Харин бид хангалттай холоос хардаг учраас энэ нь бидэнд бөөм мэт ерөнхийлөгдөж харагддаг гэсэн үг юм, яг л бяцхан үүл шиг. Гэтэл хамгийн гайхалтай нь уг төсөөлөл нь бодит практик туршилт дээр үнэн болж, гэрэл нь долгиолог хийгээд бөөмлөг шинжийг зэрэг агуулна, цаашлаад бүр кварк мэтийн эгэл бөөмс, электрон гэх мэт бидний мэдэх бөөмүүд хүртэл долгиолог шинж чанартай болох нь илэрч, төсөөлөл төдий бус, бодит ойлголт болсон юм. Нэг үгээр кварк, электроноос тогтох атом нь мөн л долгиолог шинжтэй, атом молекулаас тогтох та хүртэл долгиолог шинжтэй юм гэсэн бодит, туршилтаар нотлогдох барьцтай дүгнэлтэд хүрсэн билээ. Санаж байна уу, арван жилийн физикийн хичээлд гэрэл бол долгиолог, эсвэл бөөмлөг гээд л ярьдаг байсныг.
Тэгвэл энэ зарчим дээр тулгуурлан квант тооцоолол хийгддэг. Одоогийн бидний ашигладаг электрон бит нь 1 эсвэл 0 гэсэн хоёр төлөвийн “аль нэгийг” л хадгалж чадна, тэгвэл 2 бит нийлбэл 4 өөр мэдээллийн (00, 01, 10, 11) аль нэгийг хадгална. Тэгвэл квант компьютерт ч бит гэсэн ойлголт байх ба түүнийг квант бит буюу кюбит гэж нэрлэдэг. 1 кюбит нь квант онолоор бол 1 эсвэл 0 гэсэн хоёр мэдээллийг “нэгэн зэрэг” хадгалж чадна. 2 кюбит нь 4 төрлийн ялгаатай мэдээллийн аль нэгийг бус, 4-үүлэнг нь нэгэн зэрэг хадгалах боломжтой болно. 3 кюбит бол 23 буюу 8 ялгаатайг, 4 бол 24 буюу 16 ялгаатайг гэх мэт n ширхэг кюбит нь 2n тооны ялгаатай мэдээллийг нэгэн зэрэг өөртөө хадгалж чадах юм. Энэ чанар нь хадгалахаас гадна тооцоолол хийхэд ч хүчинтэй байх ёстой. Нэг үгээр 2 ширхэг 2 хос кюбитийг хооронд нь үржүүлэхэд гарах хариу нь 4 өөр тоог тухайн 4 тоотой нь сэлгэж үржүүлсэн хариу гарах юм. Ганцхан бодолтоор 16 өөр төрлийн хариултыг нэгэн зэрэг гаргаж ирэх боломжтой. Үүнийг электрон компьютер дээр хийвэл ганц л үр дүн гарна, хэрвээ 16 үр дүнг бүгдийг нь гаргах бол 16 удаа бодох буюу 16 дахин их цаг авна гэсэн үг. Ийм үед кюбитийг 10, 100, 1000 гэх мэт хир олныг ашиглаж чадна, төдий чинээ гайхалтай үр дүнд хүрэх боломжтой юм. Гэвч одоо хирнэ уг технологи амьдралд нэвтрэх боломжтой эсэх нь эцэслэн тодорхойлогдоогүй хэвээр л байна. Маш их хөрөнгө мөнгө хаясны үр дүнд тоотой хэдхэн газарт өчүүхэн ч гэсэн тодорхой хэмжээний бодит үр дүнд хүрч чадсан нь энэ салбар дахь хонгилын үзүүр дэх гэрэл нь болсон билээ.
Квант компьютерийг бодитоор бий болгож чадвал юу болох талаар математик анализаар гаргаж авсан дүгнэлтүүд ч байдаг. Наад зах нь хязгааргүй хэмжээтэй санах ой бий болно. Энэ нь таны флэш дискэнд хязгааргүй олон кино хуулсан ч өшөө цаана нь зай үлдэх юм. Мөн анхны тооны зүй тогтол олдох магадлал ихэснэ. Уг тоог та санаж байна уу, арван жилийн математикийн хичээлд үздэг, 1 болон өөртөө л бүхлээр хуваагддаг, бусад бүх тоонд бутархайгаар хуваагдах эерэг бүхэл тоог анхны тоо гэдэг. Тэгвэл энэ тооны хэрэгцээ өнөөдрийн бидний интернетийн ертөнцөд хэмжээлшгүй их юм. Нууцлал хамгаалалт буюу криптографийн найдвартай байдал нь бараг тэр чигтээ анхны тооны зүй тогтолгүй, эрэмбэ дараалалгүй байдаг замбараагүй байдлыг нь ашиглаж хийгдсэн байдаг ба уг зүй тогтол олдох аваас өнөөдөр та Facebook-рүүгээ нууц үгээр нэвтрээд байх шаардлагагүй болох буюу интернетийн нууцлал хамгаалал бараг бүхэлдээ эвдэрч, үүнээс үүдээд интернетийн бизнес доголдож, банк санхүүгийн системүүд халдлагад өртөн, улмаар онлайн үйлчилгээнүүд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллүүдээ бүрэн алдахаасаа өмнө үйл ажиллагаагаа зогсоож, нэг үгээр интернетийн аппаколипс болно гэчихвэл буруудахгүй юм. Үүнд өнөөгийн бидний нийгэм, эдийн засаг, өдөр тутмын амьдрал интернетээс хир хамааралтайг, хэрвээ интернет үгүй болчихвол юу болох талаар бодохоос ч айдас хүрмээр. Харин үүний хариуд математикчид “хэрвээ квант компьютер бүтээгдчихвэл” гэсэн нөхцөлтэйгээр квант криптографийг ч хүртэл боловсруулаад эхэлчихжээ. Нэг үгээр квант компьютер бий болох мэдлэг, инновацийн орчин бараг хангалттай байгаа ч зөвхөн бодит амьдрал дээрх физик платформоо л хүлээж буй хэрэг юм.
Тэгвэл квант компьютер нь үүлэн технологи, технологийн дараагийн хувьсгалд ямар хамааралтай нь тодорхой болоод ирлээ. Гэхдээ илүү тодорхой тайлбарлъялдаа. Аливаа зүйлийн зүй тогтлыг зөв гаргахын тулд тухайн зүйлийнх нь тухай аль болох их хэмжээний мэдээлэл байх шаардлагатай байдаг. Жишээ нь шоо 6 нүдтэй талаараа буух магадлал 1/6 байдаг гэдэг бол уг зүй тогтлыг олох гэж эрдэмтэд 100, 1000 ч удаа шоо хаях туршилт хийж мэдээлэл цуглуулсан гэхэд хилсдэхгүй юм, учир нь туршилтын тоо олшрох тусам таамаглагдах магадлал илүү нарийн болж чадна. Оддын, гариг эрхсийн, цаг уурын гэх мэт маш олон салбарт маш их өгөгдөл дээр тооцоо хийх зарчмаар зүй тогтлыг нь таамаглах оролдлогуудыг хийдэг, мэдээж орчин үед үүнийг компьютер дээр хийнэ. Түрүүн хэлсэнчлэн компьютерт өгөгдөж буй тэдгээр өгөгдлүүд нь хэдий чинээ их байна, төдий чинээ нарийн, зөв таамаглалыг компьютер гаргана. Энэ бүхний эцэст бид ийм их мэдээлэл, оюуны инеллектуаль ресоорс дотроос зүй тогтлыг хайхын тулд програм бичиж байхын оронд програм нь өөрөө зүй тогтлоо хүнээс хамааралгүйгээр хайж чаддаг байх шаардлага урган гарсан юм. Нэг үгээр нээлт хийдэг програм, Эйнштэйн шиг. Ингэхийн тулд хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг програмчлах шаардлагатай болдог нь “өөрийгөө дахин програмчлах” чадвартай, байнга суралцаж, сайжирч байдаг програмыг зохион бүтээх явдал юм. Харамсалтай нь орчин үеийн компьютерийн архитектур дээр үүнийг хийх нь шаардлагатай хэмжээнд боломжгүй гэж үздэг ба одоогоор зөвхөн хязгаарлагдмал хүрээнд л үүнийг хийн ашиглаж байна. Харин квант компьютерийн хувьд үүнийг боломжтой гэж үзэх нь бий. Учир нь хүчин чадал ихтэйгээс гадна ажиллах горим нь одоогийн компьютерийн шийдэж чадахгүй маш комплекс асуудлуудыг шийдэхэд тусалдаг. Жишээлбэл та байруу нум сум харвахад голд нь онох магадлалыг 100 удаа харваж байж мэдэх, эсвэл ганцхан ширхэг квант сум харваад л мэдэх хоёрын хооронд хурдны хийгээд ажиллах зарчмын маш том ялгаа гарч ирж байгаа юм. Ийнхүү хиймэл оюун ухаан бүтээгдлээ гэхэд байгаль хийгээд “нийгмийн” зүй тогтлууд буюу онол, нээлтүүд ар араасаа нээгдсээр, олдсоор байх ёстой. E=mc2 гэх алдарт эл онол хүн төрөлхтөнд аюул занал хийх цөмийн нүсэр хүчийг агуулдаг бол ар араасаа нээгдэх тэдгээр онолуудыг ямар их хүчтэй байхыг төсөөлшгүй. Уг хүчийг эзэмшихийн төлөө өрсөлдөх чадвараараа дээгүүрт ордог, шинжлэх ухаан, академик инновацийг нэгт тавьдаг улс бүр датагийн хойноос улаан өнгө харсан бух мэт улайран дайрч байна. Учир нь тухайн квант хиймэл оюун ухаан бэлэн болоход аль болох их дата цуглуулж чадсан орон нь түрүүлж зөв нээлтүүдийн эзэн болно. Хөгжингүй улс орнуудын өрсөлдөх чадварт инноваци гэдэг үг үргэлж явж байдгийг та мэдэх байх, тэгвэл энэ инновацийг чинь яг л үйлдвэрийн машин шиг машиндаад байж байдаг төхөөрөмжтэй болно гээд төсөөлдөө. Маш аюултай сонсогдож байгаа хэдий ч хэн ч үүнийгээ зогсоохыг хүсэхгүй, нэгэнт уралдаан эхэлсэн тул барианд хэн нь түрүүлж орж чадсан, тэр л бусдыгаа захирах эрхтэй болно, тиймээс хэн ч энэ уралдаанд сайн дураараа бууж өгөхгүй. Хэрвээ энэ бүхэн үнэхээр үнэн, бодит болох боломжтой бол бид яг ирмэг дээр нь байна, хэрвээ боломжгүй бол бид цаашдаа өөрсдийнхөө хуруу хумсыг хугалан байж тэдгээр зүй тогтлыг нээж суух умбарсан ажилдаа дарагдаад л хоцорно.
Энэ бүхний эцэст та дээрх олон нийтийн сүлжээ сайтууд яагаад танд үнэ төлбөргүй үйлчлээд байдгийг бага ч гэсэн ойлгосон байх. Яг үнэндээ тэд танд үйлчилдэггүй, та тэдэнд үйлчилдгээ ухаарсан хэмээн найдаж байна.
Баярлалаа. Гайхалтай бичжээ.
ReplyDelete👍
ReplyDeleteЁстой загатнасан газар маажих шиг хэлэхсэн гэж бодож явдаг зүйлийг маань тодорхой мундаг нэгтгэж, сайхан ч жишээлж тайлбарлан бичжээ, баярлалаа амжилт. Иймээс бид цөөхүүлээ тул энэнд бэлтгэж хүний хөгжлөө чухалчилж, үнэт зүйлсээ дата баялаг болгон үүлэн технолгийн технократууд бэлдэх чигт яаралтай явах ёстой л доо!
ReplyDeleteТэр их дата мэдээлэлээр ядаг юм бол гэж гайхдаг байсан юм. Зорилго ийм байж. Сайхан нийтлэл байна.
DeleteТэр их дата мэдээлэлээр ядаг юм бол гэж гайхдаг байсан юм. Зорилго ийм байж. Сайхан нийтлэл байна.
Delete