Tenet-н шинжлэх ухаан


Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Тенет гэх киног зарим хүн боевик кино гэж үзэж байхад зарим нь уйтгартай гээд их сэтгэл дундуур байх. Энэ нь уг киноны ард буй нарийн нандин шинжлэх ухааны зангилааг тайлаагүйгээс болж киноны үнэ цэнийг бүрэн мэдэрч чадахгүй, зүйрлэвэл давсгүй хоол идэж байгаатай ижил гэж мөхөс би муйхарланам. Уг нийтлэлийг киногоо үзэхээсээ өмнө ч уншиж болохоор, спойлгүй бичсэн байгаа. Миний хувьд үзэхээсээ өмнө нэг уншчихыг зөвлөж байна. Мэдээж дараа нь уншсан ч болно. Өмнө нэг уншсан ч дараа нь дахиж уншмаар санагдах вий. Үзчихээд уншсан бол киногоо дахиж үзмээр санагдах нь гарцаагүй. Хэнд ч хэрэггүй олон зүйл энэ хүртэл нуршсаны эцэст гол яриандаа орцгооё.

Интерстелларын шинжлэх ухаан дээр ажилласан Кийп Тоорн Тэнэт дээр ч гэсэн Ноланд тусалсан тул уг кино шинжлэх ухааны үндэслэл сайтай болсон байхаас зайлахгүй. Сонирхуулахад Кийп Тоорн таталцлын долгионыг илрүүлэх аргыг нээснээрээ Интерстеллар киноны дараахан нобелийн шагнал хүртсэн юм.

Кристофер Ноланы кинонууд бүгд цаг хугацаагаар тоглодгоороо онцлог. Цаг хугацааны аялал, удаашрал, эсвэл онд ондоо цаг хугацаануудыг холих гэх мэт. Инсепшн дээр зүүдний ертөнцөд цаг хугацаа удааширдаг бол Интерстеллар дээр Эйнштейний харьцангуйн онолын дагуу удааширдгийг санаж байгаа байх. Харин Тенетийн хувьд эгэл бөөмийн онол дах тэгш хэмийг ашиглан өнгөрсөн рүү “ухарч” очдогоороо урьд өмнө нь кино ертөнцөд байгаагүй шинэлэг шийдэл болсон. Ихэнх өнгөрсөн рүү аялдаг кинонууд “үсэрч” буюу телепорт хийж очдог бол Тенет дээр цаг хугацаагаа урвуулж байгаад, өөрөө явж очдог. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнөх рүү очихын тулд 15 жилийн турш ухрах шаардлагатай гэсэн үг.

Орчин үеийн физикт тэгш хэм гэх маш чухал ойлголт бий. Цэнэгийн буюу C (charge), толин буюу P (parity) болон хугацааны буюу T (time) тэгш хэмүүд. Эдгээрийг нийлүүлээд CPT тэгш хэм гэдэг. Жишээ нь цэнэгийн тэгш хэм гэдэг нь манай ертөнц дээрх бүх цэнэгтэй бөөмсийн цэнэгийг нэгэн зэрэг сольчихвол хэн ч юу ч мэдэхгүй, бүх юм цаашаа юу ч болоогүй юм шиг хэвийн үргэлжлэхийг хэлдэг. Ямар ч цэнэгтэй бөөмийн цэнэгийг солиход тэр нь анти бөөм болдог. Жишээ нь электрон хэдий сөрөг цэнэгтэй ч цэнэгийн тэгш хэмийн хувиргалтын дараа эерэг цэнэгтэй болчихно. Тэгээд түүнийгээ анти-электрон буюу позитрон гэж нэрлэдэг. Яагаад анти гээд байгаа вэ гэвэл электрон анти-электронтой мөргөлдвөл хоёулаа устаад алга болчихдог. Яг л эерэг, сөрөг тоонууд шиг.

Дараагийн тэгш хэм нь толин тэгш хэм. Толинд харж байхад би өөрөө толин доторх тусгалынхаа тусгал нь шүү дээ, яг аль нь жинхэнэ би юм бол гэж бодож байсан уу? Магадгүй би өөрөө толин дотор байгаа тусгалынхаа тусгал нь байвал яана? Үүнд хариулт өгөх бараг л боломжгүй. Үүнээс үүдэн ертөнц толины аль талд байхаас үл шалтгаалж хэвийн ажиллана гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үүнийг толин тэгш хэм гэдэг.

Гэвч нэгэн туршилтын дараа толин тэгш хэм байдаггүй нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл бид толины аль талд байхаас шалтгаалж физикийн хууль өөрөөр үйлчлэх ёстой болсон гэсэн үг. Аль нь жинхэнэ нь вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болж байна. Гайхалтай биш гэж үү? Манай ертөнцөд баруун гарын дүрэм гэх чухал онцлог бий. Цахилгаан цэнэг болон соронзон орнуудын хоорондын үйлчлэлийн чиглэлийг атгасан баруун гараараа төлөөлүүлж ойлгож болдог. Нэг үгээр цахилгаан-соронзон орны хувьд толин тэгш хэм байхгүй гэсэн үг. Хаашаа эргэж байгаагаас шалтгаалж цацаргалт нь тодорхой зүг рүү хийгддэг атом байдаг ба уг цацаргалтын толинд ойсон дүрсийг бичиж аваад тоглуулж үзэхэд атом эсрэг зүг рүү эргэж байгаа юм шиг харагдах ч ижил зүг рүү цацаргалт хийж байв. Толин тэгш хэм үнэн байсан бол толин тусгал эсрэг тийшээ цацаргалт хийх ёстой буюу толинд ойсон дүрс биш болж хувирах байсан.

Ингээд л эгэл бөөм, квант физикийн тулгуур болсон тэгш хэмийн онол нурчих нь тэр. Энэ үед тэгш хэмийн онолыг аварч үлдсэн зүйл нь цэнэгийн тэгш хэм болон толин тэгш хэм зайлшгүй зэрэг хийгдэх ёстойг олсон явдал байв. Дээрх туршилтын бичлэгийг дахиж тоглуулж үзэхдээ цэнэгийн хувиргалт хийсэн гэж тооцвол бодит байдалтай яг таарсан байна. Үүнээс хойш цэнэгийн тэгш хэм, толин тэгш хэм хоёр тус тусдаа биш, нэг дор байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрнэ. Нэг ёсондоо толин дотор байгаа дүрснүүд бүгд анти гэсэн үг.

Хугацааны тэгш хэм илүү сонирхолтой. Уг тэгш хэм нь цаг хугацааг ухраахад физикийн хууль зөрчигдөхгүй буюу ямар нэг бичлэг хийгээд тоглуулахад физикийн хувьд урагш тоглож байна уу, ухарч тоглож байна уу гэдгийг ялгах боломжгүй гэсэн үг юм. Энэ нь мэдээж хачирхалтай сонсогдож байгаа байх. Жишээ нь бөмбөг унаж байгаа, эсвэл газар байсан бөмбөг дээшээ нисээд унаж эхэлсэн газар луугаа хөөрч байгаа хоёр бичлэгийг бид шууд ялгана. Унаж байгаа нь жинхэнэ, хөөрч байгаа нь ухраасан гээд. Хачирхалтай нь ухраасан бичлэгийн хувьд физикийн талаас буруу зүйл байхгүй. Ухрааж байгаа бичлэгийн хувьд тал бүрээс дууны долгионууд ирээд, яг бөмбөг, газар хоёр нийлж байгаа цэг дээр бүгд давхцаж, бөмбөгийг цохиод дээш нь шидэж байгаа хэвийн л нэг физикийн үзэгдэл юм.

Хамгийн хачирхалтай нь хугацааны тэгш хэмийн хувиргалт буюу аливаа үйл явдлыг ухраахад цэнэгийн болон толин тэгш хэмүүдийг зэрэг хийсэнтэй тэнцүү болдог явдал юм. Өөрөөр хэлбэл аливаа бөөмийн цаг хугацааг ухраавал тухайн бөөмийн цэнэг солигдож, анти болно гэсэн үг. Электроны цаг хугацааг ухраавал уг электрон бидэнд анти-электрон буюу позитрон болж харагдана. Нөгөө талаас позитрон нь цаг хугацаагаар ухарч яваа энгийн электрон юм.

Хэрвээ дээрх бүх тэгш хэмүүдийн хувиргалтыг дараалж хийвэл анх ямар байсан дээрээ эргээд оччихдог. Мөн позитрон гэдэг нь толины цаанаас гараад ирсэн электрон гэж ойлгож болох юм. Үнэхээр гайхалтай.

Эдгээр зүйлс нь квантын ертөнцөд огтхон ч сонин үзэгдэл биш бөгөөд тэдэнд Тенетийг үзүүлбэл тэд огт гайхахгүй. Харин манай ертөнц тэр чигтээ ийм квантын төлөвтэй байсан бол бидэнд маш хачирхалтай зүйлс тохиолдох байсан. Атомыг цэнэгийн тэгш хэмийн дагуу сольчихвол анти-атом болно. Сөрөг цэнэгтэй цөмийг эерэг цэнэгтэй электрон тойрч эргэж байгаа. Хүнийг ингээд хувиргачихвал анти-хүн болчихно. Сонирхолтой нь анти-хүний зургийг хараад хүн үү, анти-хүн үү гэдгийг ялгах боломжгүй. Учир нь гэрэл буюу фотонд цэнэг гэх ойлголт байхгүй тул фотон нь өөрөө өөрийнхөө анти нь болдог. Тиймээс энгийн матери, анти-материаас ирсэн гэрлийг бид ялгаж чадахгүй гэсэн үг. Гэвч бодит амьдрал дээр анти-хүн явж байвал бидэнд маш хачирхалтай санагдана. Хамгийн наад зах нь тэр хүн ухарч явж байх болно. Арагшаа алхаж, бидний үл мэдэх, ухраасан хэлээр ярина. Бичлэгийг нь хийгээд, ухраан тоглуулж байж юу яриад байгааг нь, хаашаа яваад байгааг нь мэдэх боломжтой. Мөн өөр нэг сонирхолтой зүйл нь матери, анти-матери хоёрыг заагладаг ямар нэгэн арга олохгүй л бол тэр хүн шууд устаж үгүй болно. Жишээ нь өөртэйгөө гар барьчихвал их хэмжээний тэсрэлт болж, тэр хоёр хоёулаа үгүй болно.

Хэрвээ бид квантын ертөнцөд байсан бол ийм л хачин байх байсан гэдгийг Нолан киногоороо гаргах гэж оролдсон нь илт. Жишээ нь квантын ертөнцөд бид цаг хугацааг ухраахаар физикийн зөрчил олохгүй байсан ч бидний үлэмж макро ертөнцөд цаг хугацааны урсгалыг мэдэж болох нэгэн сэжүүр бий. Энэ аргын ачаар бид бичлэг ухарч байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах юм. Үүнийг термодинамикийн хоёр дугаар хууль гэдэг.

Манай ертөнцийн нийт эмх замбараа үргэлж алдагдана. Цэвэрлэхгүй удахаар өрөө замбараагүй болдог, хариулахгүй бол мал замбараагаа алдана, замын гэрэл унтарчихвал замын хөдөлгөөн замбараагаа алдана. Манай ертөнцийн төрөлх чанар нь ямагт замбараагүй рүү тэмүүлдэг. Үүнийг энтроп өсөх үзэгдэл гэдэг. Энтроп нь эмх замбараагүй байдлыг заасан хэмжүүр ба хэчнээн эмх замбараагүй байна, төдий чинээ өндөр энтроптой байна гэж ярина. Жишээ нь кофе, сүү хоёр тус тусдаа байвал энтроп нь хамгийн бага байна буюу хамгийн өндөр эмх замбараатай байгаа гэж үзнэ. Тэгээд нэг аяганд хийж холиход тэр эмх замбараа аяндаа алдагдаж, энтроп өсөж эхэлнэ. Энэ процессыг зөнд нь орхивол кофе сүү хоёр холилдож дууссаны дараа дахиж илүү их замбараагүй болох боломжгүй нөхцөлд хүрэхийг энтроп хамгийн их утгадаа хүрлээ гэж үзнэ. Үүнийг термодинамикийн тэнцвэрийн цэг буюу эквилибриум гэдэг.

Энтроп ямагт өснө гэдэг нь цаг хугацааны урсгалын чиглэлийг зааж өгөх луужин болдог. Луужин гээд байгаагийн учир нь энтропыг цаг хугацаа гэж шууд ойлгож болохгүй гэсэн үг. Жишээ нь хөлдөөгч бол замбараагүй байсан усны молекулуудыг талстжуулан, эмх цэгц, замбараатай болгож байгаа. Энд энтроп буурч байгаа ч цаг хугацаа ухраагүй. Бид шар бананыг хөргөгчид хийхэд эргээд ногоон болохгүйтэй ижил. Мөн хөргөгч ажиллахдаа тог зарцуулж, тэр тог нь цахилгаан станц дээр нүүрс түлснээр гарсан буюу тэнд төдий зэргийн энтроп ихэссэн гэж үзвэл ертөнцийн нийт энтроп буураагүй, харин ч илүү өссөн хэрэг юм.

Харин бичлэг дээр хэн нэгэн кофе сүү хоёрыг халбагаар хутгаад ялгаж байвал бид шууд ухраасан бичлэг гэдгийг хэлж чадна. Тиймээс макро ертөнцийн хувьд толин тэгш хэм байх боломжгүй болж хувирна.

Үүнийг боломжтой болгох ганц арга бол энтропыг багасгах биш, жинхэнээс нь цаг хугацааг ухраах явдал юм. Цаг хугацааг ухрааж чадвал энтроп дагаад багасах ёстой. Хэрвээ тухайн хүнийг цэнэгийн болон толин тэгш хэмийн хувиргалт хийвэл тухайн хүн анти-хүн болно. Дээрх квантын зарчмаар бол анти-хүн гэдэг бол цаг хугацаагаар ухарч яваа энгийн хүнтэй адил байх ёстой. Тиймээс тэр анти-хүний хувьд ертөнцийн энтроп буурах ёстой болно. Нэг ёсондоо энтроп нь буурдаг ертөнцөд амьдарч байгаа мэт. Ингээд бид анти-хүний зургийг хараад ялгах боломжгүйтэй гээн адил бичлэгийг ухрааж тоглуулж байна уу үгүй юу гэдгийг ялгах боломжгүй болчхож байгаа юм.

Дээрх энтроп, CPT тэгш хэм зэргийг Нолан кинондоо ямар гайхалтай ашигласныг харж болно. Уран бүтээлч хүний сэтгэлгээгээр онолын физик тэгж л яруу тансаг, гайхалтай, фантастик харагддаг бололтой. Жишээ нь цаг хугацаагаа хэрхэн урвуулах вэ буюу хэрхэн анти болох вэ? Матери, анти-матери хоёр нийлбэл усталцдаг гэж дээр дурдсан. Үүнийг анигляц гэдэг. Үр дүнд нь их хэмжээний гэрэл буюу фотон үүснэ. Тэгвэл Фейнманий онолоор бол эгэл бөөмийн буюу квант ертөнцөд цаг хугацаа гэж байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид дээрх анигляцыг цаг хугацааны эсрэг талаас нь харвал оргүй хоосноос матери, анти-матери хоёр гараад ирж байгаа юм шиг харагдана гэсэн үг. Үүнийг pair production гэдэг. Хос үүсэх ч гэж нэрлэж болох юм. Тенет кинон дээр нэг төхөөрөмж рүү энгийн болон ухраасан (анти) хоёр хүн ороод алга болчихдог. Бас хоосон байсан төхөөрөмжөөс энгийн болон ухраасан хоёр хүн гараад ирдэг дээ. Энэ нь ердөө дээрх анигляц болон хос үүсэх үйл явц л явагдаад байна гэсэн үг.

Дээрхээс харахад энгийн хүн, ухарсан хүн хоёр төхөөрөмж рүү оронгуутаа анигляц болоод усталцчихаж байгаа мэт харагдаж байна. Нэг ёсондоо манай ертөнцөөс үүрд алга болчхож байгаа мэт. Тэр төхөөрөмж рүү орох үед нь хойдхыг нь уншиж, алтан хайрцгийг нь нээх хэрэгтэй мэт санагдаж байгаа биз? Тэр нөхөд хаашаа явчихсан бэ? Үнэхээр цогцос ч үгүйгээр гэрэл болоод хувирчхаж байгаа хэрэг үү? Ум money бадме хум, амен. Үгүй ээ, зүгээр л тэр ухарчихсан юм, ертөнцөөс биш, зүгээр л бидний цаг хугацаанаас ухраад явчихсан хэрэг. Харин бид цаг хугацаандаа хэвээр үлдэх тул түүнийг харж чадахаа байчхаж байгаа юм л даа. Түүнтэй анигляцад орсон анти буюу урвуу нь түүний ухарсан хувилбар бөгөөд өнгөрсөн цаг хугацааны гүн уруу яваад өгчхөж байна л гэсэн үг. Энэ талаар доор илүү ойлгомжтой тайлбарлана.

Квант ертөнцөд цаг хугацааны чиглэл ямар ч утгагүй гэж хэлсэндээ. Тэгэхээр бид анигляц болж буйг зөвхөн эсрэг талаас нь биш, шал өөр өнцгөөс ч тайлж уншиж болно. Жишээ нь нэг электрон явж байнгуут нэг фотон ирж шингээд, электроны замыг өөрчилж байна гэж бас уншиж болдог. Энэ нь атомын электронд фотон шингээд, тухайн электроныг өдөөж байгаа физикийн бодит үзэгдэл юм. Тэгвэл үүнийг нөгөө тийш нь уншвал электроноос нэг фотон цацраад, электроны зам мурийж байгаа үзэгдэл болно. Энэ нь дээрх өдөөгдсөн электрон спантан буюу аяндаа фотон цацаргах мөн л бодит физик үзэгдэлтэй яв цав таарна. Дээрх анигляц, хос үүсэх, фотоны шингээлт, спантан цацаргалт зэрэг нь бүгд нэг квантын үзэгдлийг л олон цаг хугацааны чиглэлд уншаад байгаа хэрэг.

За тэгэхээр эндээс тэр хүн хаашаа яваад байгааг тайлахад бэлэн болоод ирж байна. Бидний цаг хугацааны чиглэлээс харахад л тэд оргүй хоосноос гэнэт хосоороо гарч ирээд, эсвэл хос хосоороо ор мөргүй алга болоод байгаа мэт боловч тэдний өөрсдийн цаг хугацаан хувьд тэд зүгээр л цаг хугацаагаар буцаад яваад өгч байгаа, эсрэгээрээ ухарч явж байгаад эргээд энгийн цаг хугацааны урсгал руугаа орж ирж байгаа хэрэг байх нь. Яг л фотон шингээж аваад, эсвэл цацаргаад чиглэлээ өөрчилж байгаатай ижил, цаг хугацааны урсгалаа өөрчлөөд байгаа гэсэн үг. Ухарсан хүн бидэнд ухарч байгаа нь мэдэгдэх бол тухайн хүнд өөрт нь ертөнц тэр чигтээ ухарч байгаа мэт санагдана.

Үүнийг ойлгоход Фейнманы диаграмм гээч зүйл их тус болно. Энэ нь физик, математикийн их төвөгтэй, хүн аймар томьёог маш хялбар диаграммаар илэрхийлэх арга юм. Доорх зураг бол уг диаграммын үндэс нь болдог. Уулзвар зангилаан дээр (хар) заавал гурван зураас холбогдсон байх ёстой ба нэг нь гарч байгаа, нөгөө нь орж байгаа чиглэлтэй, гурав дахь нь ямар нэг чиглэлгүй байх ёстой. Чиглэлгүй гэдэг нь өөрөө өөрийнхөө анти болдог фотон, эсвэл нейтрон гэх мэт эгэл бөөмүүд. Чиглэлтэй нь электрон, протон мэтийн цэнэгтэй бөөмс гэж ойлгоно. Чиглэлийг сумаар тэмдэглээд, чиглэлгүй бол долгионоор тэмдэглэдэг. Илүү ч үгүй дутуу ч үгүй бүх зангилаанууд ийм л байх ёстой. Энэ дүрмээр хүссэн зангилаануудаа хүссэн аргаараа холбож болно. Ингээд та хаа нэг газар Фейнманы диаграмм харвал одоо шууд зөв бурууг нь шалгаж чадахаар боллоо.

Дээрх зургийг зүүнээс баруун тийш уншихад нэг электрон (цэнхэр), нэг позитрон (улаан) ангигляцад ороод фотон (ягаан) болж байгааг харуулж байна. Позитрон гэдэг нь цаг хугацаагаар ухарч буй электрон гэж бид мэддэг болсон. Тиймээс позитроныг хөдөлж буй чиглэлийнх нь эсрэг тийш нь сумтай зураад байгаа хэрэг. Үүн дээр бага зэрэг толгой эргэж магадгүй юм. Тэгвэл баруунаас зүүн тийш буюу эсрэг тийш нь уншвал хос үүсэж байна. Фотон (ягаан) явж байснаа электрон (улаан), позитрон (цэнхэр) болоод салчхаж байгаа нь. Яагаад өнгө, чиглэл нь солигдчихов гэхээр цаг хугацаагаа ухрааж уншиж байгаагаа санах хэрэгтэй. Хэрвээ үүнийг цэнхэр сумны чиглэлийн дагуу уншвал нэг электрон (цэнхэр) явж байгаад, өөрөөсөө фотон (ягаан) цацруулаад, зам нь мурийж байна (улаан). Нөгөө спантан цацаргалт чинь. Одоо улаан сумны дагуу уншвал нэг электрон (цэнхэр) явж байснаа нэг фотоныг (ягаан) шингээж аваад зам нь мурийж байгаа (улаан) фотон шингээх үзэгдэл болно.

За одоо арай төвөгтэй диаграмм авч үзье. Доорх диаграмм нь их түгээмэл тааралддаг. Зарим хүн гаран дээрээ хүртэл шивүүлсэн байдгийг мэдэх нэг нь мэднэ дээ. Энэ үзэгдлийг дээрх мэдлэгээ ашиглаад өөрөө тайлж уншиж үзээрэй.

Фейнманы диаграммыг ашиглаж Тенет шиг зохиолыг бичиж болно. Жишээ нь нэг нөхөр ухарсан бол анхнаасаа түүний ухарсан нөхөр нь өнгөрсөн цаг хугацаанд байж байх ёстой болно. Нэг ёсондоо өнгөрсөнд нэг нөхөр нэг цаг хугацаанд хоёр хувилагдсан мэт нэг дор оршин байх шаардлагатай ба нэг нь ухарсан буюу анти байдалтай байх ёстой. Ухаандаа дээрх Фейнманы диаграмм биелж байх ёстой. Тэгж байж Тенет шиг зохиол алдаагүй болно оо гэсэн үг. Үзсэн хүмүүс санаж байгаа бол нэг цаг хугацаанд, нэг газарт, нэг хүн гурав болчихсон байгаа хэсэг гардаг шүү дээ. Тэгэхээр тухайн хүн, тухайн цаг хугацаанд хэдэн удаа ухарч, урагшилснаараа хэд л бол хэд л гарч ирж болохоор байгаа юм.

Жишээ нь доорх диаграммд нэг хүн ухраад, дахиж энгийн цаг хугацаа уруугаа буцсан гэж бодоход зураас татсан цаг хугацаанд нэг хүн нийтдээ гурав гарч ирж байгааг харж болохоор байна. Хоёр энгийн, нэг анти.

Заяа төөрөг гэж байдаг уу, бидний зам мөр аль хэдийн зурагдчихсан уу, бидэнд чөлөөт сонголт бий юу гэх мэт хариулт нь олдоогүй, физикийн ч гэмээр, философийн ч гэмээр асуултууд байдаг. Харин Нолан өөрийн бүтээсэн киноны ертөнцөд эдгээр асуултуудад аль хэдийн хариулт өгчээ. Заяа төөрөг гэж байдгаар барахгүй бидний зам мөр аль хэдийн зурагдчихсан байдаг. Өнгөрсөн одоо ирээдүйн бүх газар болсон үйл явдлууд бүгд бичээстэй байдаг аварга том судар л гэсэн үг. Зохиолын баатрууд өөрсдийгөө тухайн ертөнцөө л жинхэнэ гэж бодож байгаа. Гэвч тэр ертөнц нь аль хэдийн бүх зүйл болж өнгөрөөд, бичигдчихсэн зохиол төдий. Кинотой л адил. Бид хэдий зогсоож, ухрааж, гүйлгэж чадах ч үйл явдлыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Эйнштейн ийм ертөнцийг блок ертөнц гэж нэрлэсэн байдаг ба харьцангуйн онолд ирээдүй, одоон, өнгөрсөн бүх цаг хугацаанууд ижил тэгш эрхтэйгээр, ийнхүү аль хэдийн оршин байдаг. Учир нь классик физикт одоог сайн хэмжиж чадвал өнгөрсөн болон ирээдүйг алдаа мадаггүй тооцоолж болно гэж үздэг юм. Үүнийг детерминизм гэнэ. Хэрвээ би лав ийм ертөнцөд байгаагаа мэдвэл миний заяа төөрөг аль хэдийн маш гунигтайгаар зурагдчихсан байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Сайн байна уу? Энэ удаад та бүхэнд Тенет киноны шинжлэх ухааныг сийрүүлэхээр шийдлээ.

Comments

Popular Posts