Бид хаана байна? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #3

(Midjourney AI. Түлхүүр үгс: Where we are.)

... өмнөх нийтлэлийг Бид хаанаас ирсэн бэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #2

Галавын тооллоор бид 5 дах галавын эринд, технологийн хувьсгалын тооллоор ч мөн 5 дахь буюу ус, уур, цахилгаан, дотоод шаталтын гэх 4 хувьсгалын дараах электроникийн хувьсгалын эрин үед амьдарч байна. Техник технологи, аж үйлдвэрлэлийн хувьсгалаас эхлэн тарьж эхэлсэн бидний хамгийн том балаг бол хүлэмжийн хий юм. Өнөөдөр бидний амьдралын зайлшгүй шаардлагаар энэ хий өдөр бүр нэмэгдэж, улам ихээр ялгарч байна. Өмнөх галавууд шиг, гэхдээ шалтгаан нь галт уул, солир, ургамал аль нь ч биш. Шалтгаан нь бол бид, хүн. Хүлэмжийн хий ихэссэнээс болоод дэлхийн дулаарал буцаашгүй буюу галав болох шатандаа орчихсон явна. Тиймээс бид электроникийн дараах 6 дахь технологийн хувьсгалыг хийж байхтай зэрэг 6 дахь галавыг ч юүлүүлж байгаа гэсэн үг юм.

Сансрын технологи

Технологийн хөгжил яван явсаар электроникийн эринд шилжиж, транзистор зохион бүтээгдсэнээр хүн төрөлхтөн микрочип, компьютертой болсон. Транзистор нь ердөө л унтраалга төдийхөн зүйл юм. Гэхдээ зүгээр ч нэг унтраалга биш. Гайхалтай тал нь микро буюу миллиметрийг 1000 хуваасантай тэнцэх хэмжээнд хүртэл өчүүхэн жижиг байж чадахаас гадна гегагерцийн хурдтай асааж, унтрааж чадна. Энэ нь хүний үсийг 80 хувааснаас ч жижиг унтраалга секундэд тэрбумаас олон удаа асааж унтраах чадвартай гэсэн үг юм. Одоогийн хамгийн жижиг транзистор ганцхан нанометрийн хэмжээтэй. Энэ нь микрометрийг дахин 1000 хуваах буюу миллиметрийг сая хуваасантай тэнцэх хэмжээс юм. Харин хамгийн хурдан транзистор 600 гегагерц буюу секундэд 600 тэрбум удаа асааж унтрааж чадна. Энэ бол хүний ой тойнд багтамгүй жижиг, бас хурдан зүйл юм. Хэрэв хамгийн энгийн робот юу байж болох вэ гэвэл би транзистор гэнэ. Гуравхан ширхэг хагас дамжуулагчийг нийлүүлээд л асаа гэхээр асаадаг, унтраа гэхээр унтраадаг, наадхаа одоо хэдэн зуун тэрбум удаа давт гэхээр секунд хүрэхгүй хугацаанд ажлаа дуусгачихдаг робот. Тэгсэн хэрнэ нүдэнд үл үзэгдэх тийм жижиг. Хэзээ ч хүний булчин, хүний тархи гаргаж чадахгүй хурдыг гаргаж авснаар хүн төрөлхтний хөгжил булчин төдийгүй тархиар ч хэмжигдэх аргагүй хурдан болсон гэсэн үг. Компьютер нь тоон тооцоолох хэрэгсэл төдийхөн ч гэсэн зураг, дуу хөгжим, дүрс бичлэг, график, текст гээд бүх зүйлсийг тоон хэлбэрт шилжүүлснээр бүх зүйлсийг компьютероор тооцоолж, загварчилж, симуляцлан туршиж, бүтээх боломжтой болсон. Бүх тоог хоёртын тооллоор буюу 0 болон 1 гэсэн цифрээр тэмдэглэж болдог. Тэгвэл 0 гэдгийг транзисторын унтраасан, 1 гэдгийг асаасан төлөвөөр тооцох юм бол бүх зүйлийг зөвхөн унтраалгуудын нарийн төвөгтэй хэлхээгээр тооцоолуулж болно. Компьютер транзисторуудыг ашиглан ингэж л ажилладаг. Транзистор жижгэрэхийн хирээр компьютер жижгэрч, халаасанд багтах, тэр ч бүү хэл нүдэнд үл үзэгдэх, шүдний завсар ороод олдохоо байх хэмжээний жижиг болж ээ. Зүүний сүвэгчээр багтах бяцхан микрочипэнд хэдэн тэрбум транзисторуудыг багтааж, тэр нь секундэд хэдэн тэрбум тэрбум үйлдлүүдийг хийснээр өнөөдрийн бидний гар утас, ширээний болон цүнхний компьютерууд ажиллаж байна.

Үүнээс гадна өмнө нь төсөөлөх ч боломжгүй байсан зүйлс боломжтой болж эхэлсэн нь сансрын технологи юм. Микрочипийг дагаад олон төрлийн багаж хэрэгслүүд илүү авсаархан, илүү хямд, эрчим хүч бага хэрэглэдэг болж ээ. Энэ нь бид сансрын хиймэл дагуул хийж, түүгээр дамжуулан харилцаа холбоо тогтоох, түүн дотроо амьд хүн хийн явуулж, жингүйдэлгүй орчинд судалгаа шинжилгээ хийх, гадаад сансрын орчныг судлах боломжийг олгосон. Урьд өмнө нь зөвхөн дэлхий дээрээс л хийж байсан одон орны ажиглалтыг агаарын саад бартаагүй, дэлхийн эргэлт, чичиргээгүй задгай сансарт хийх боломж нээгдэж, хүн төрөлхтөн цоо шинэ нүдтэй болж ээ. Агаарын темпартурын зөрүүнээс болж хугарал их явагдаж, алсаас ирэх оддын хэлбэр дүрс зэрэглээтэн анивалзах ба энэ нь одон орныг нарийвчлан судлахад тун их саад болж байв. Ийм шалтгаанаар анх Хаабл дуранг сансарт гаргасан. Тэнд агаар мандал байхгүй тул юу ч саад болохгүй. Тэр ч бүү хэл газар дээрээс ажиглалт хийхэд дэлхийн эргэлтээс болж тав тухтай ажиглалт хийх гэхээр однууд нь хөдлөөд, дурангаас гараад яваад өгчихөөс гадна зөвхөн шөнийн цагаар л ажиглалт хийх хязгаарлалт бий болж байв. Үүл, хотын гэрлийн бохирдол, сар зэргийг ярих ч юм биш. Харин сансарт аль нь ч байхгүй. Нэг л цэг рүү чиглүүлсэн байхад тэр цэг рүүгээ хэдэн өдрийн турш ширтэж чаддагаараа онцлогтой. Ийнхүү бид сансрын гүний зургуудыг дарж эхэлсэн ба урьд өмнө харж байтугай бодож, мөрөөдөж, зүүдэлж ч байгаагүй гайхалтай зургуудыг гартаа оруулсан юм. Тэр ч бүү хэл ямар ч од байхгүй харанхуй цэг рүү бүтэн өдрийн турш ширтэхэд тэнд бидэнд харагдах оддоос ч олон галактикууд тодорч гарч ирж байсан нь үнэхээр гайхалтай. Энэ мэтчилэн бидний тоолж чадах галактикуудын тоо улам олширсоор, манай галактик дах оддоос ч олон болох нь тэр. Сансарт амьд амьтан, хүн гаргах, саран дээр хүнийг буулгах, өөр гариг руу хиймэл дагуул, гадраганаа явагч зэргийг аваачиж газардуулахыг компьютер, харьцангуйн онол, квантын механикгүйгээр төсөөлөх байтугай мөрөөдөх ч хэрэггүй. Хүн төрөлхтний түүхэн цаг хугацааны ололтууд биднийг ийнхүү сансрын төрөлхтөн болгосон юм. Энэ нь аль нэг улсын гэхээсээ илүү хүн төрөлхтний үйл хэрэг тул нэг хэсэг өрсөлдөж байсан Орос, Америк хоёр бусад их гүрнүүдтэй нэгдэн нийлж, сансрын олон улсын станцыг барьж байгуулан, хүмүүсийг тэнд ажиллуулж, амьдруулж, сансрын судалгаа, ажиглалтуудыг хийлгэх болов. Энэ нь сансрын технологи хүн төрөлхтнийг нэгтгэн нийлүүлж байгаа гайхалтай тохиолдол юм. Энэ нь ч аргагүй, учир нь сансраас харахад эх дэлхий маань бүдэгхэн цэнхэр цэг төдий л зүйл шүү дээ. Бүх цаг үеийн хаад болон боолууд, баячууд болон ядуус, дайн тулаан, гуниг зовлон, аз жаргал гээд бүхий л хүн төрөлхтний түүх энэ бүдэгхэн цэнхэр цэг дээр л болж байсан гэж Карл Саган хэлсэн байдаг. Тиймээс энэ өндөрлөгөөс бол бид ганцхан л гараг, ганц л төрөлхтөн юм. Дотроо улс гүрнүүд болон хуваагдан тэмцэж байгаа нь гаднаас нь харахад төдийлөн ухаантай төрөлхтөн шиг харагдахгүй л болов уу. Хэдий тэгсэн ч гэсэн Хятад улс сансарт өөрсдийн станцаа бариад эхэлж ээ. Энэ нь Хятад өөрсдийн газар нутгийг сансарт барьж эхэлсэн гэсэн үг юм. Оросууд мөн өөрсдийн сансрын станцтай болохоо буюу газар нутгаа сансарт барьж байгуулна гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү улс орнууд гарагийн гадаргаас салж, сансрын уудам гэх цоо шинэ газар нутгийг нээн илрүүлж, тэнгэрт биш, сансарт дүүлэх барилга байгууламжуудыг барьж буй сэтгэл догдлом гайхалтай үед бид амьдарч байна. Хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг гараг дэлхий маань даахаа байж, бид энэ бяцхан гараг дээр багтаж шингэхээ болино. Өнөөдөр ч гэсэн бид дэлхийн ногоо тарьж болох бүх газарт ногоо тариад бараг дуусчихсан байгаа нь аль хэдийн багтахаа байгаад эхэлчихсэнийг гэрчилнэ. Бидэнд зайлшгүй Б төлөвлөгөө байх шаардлагатай. Энэ гараг дээрээ бид үүрд байж чадахгүй нь тодорхой тул бид өнөөдрөөс л дараагийн гараг дээр хэрхэн амьдрахаа бодож эхлэх нь зүйн хэрэг. Ангараг гарагийг колоничилж, түүнийг терраформ буюу дэлхийжүүлж, дээр нь амьдарна гэсэн ирмүүн хүсэлдээ бид хөтлөгдөн явааг Илон Маск тэргүүтэй хүмүүсээс олж харж болно. Гэвч бидэнд өнөөдөр тулчихсан, шийдвэрлэхгүй бол болохгүй асуудлууд ч байгаа нь үнэн. Тэдний нэг бол бид дэлхийгээ өөрсдөө сүйтгэж байгаа явдал юм. Үүнийг хамгийн том гэрч бол дэлхийн дулаарал. Бид дэлхийг дэлхий биш болгож байгаа тул Ангарагийг дэлхийчлэх гэж байгаа Б төлөвлөгөөтэйгөө зэрэг дэлхийгээ эргүүлж дэлхийчлэх А төлөвлөгөөгөө ч мөн орхигдуулахгүй байх нь чухал.

Дэлхийн дулаарал

Хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх үгс улам бүр ойр ойрхон та бидний чихийг дэлсэх болсон. Үүний эсрэг дэлхийн олон улс нэгдэн нийлж, карбон кредит гэх арга хэмжээг хүртэл авч байгаа. Үүний гол шалтгаан нь одоо л сайн тэмцэхгүй бол бид дэлхийн дулааралтай тэмцээд ч нэмэргүй, буцаагдашгүй утгыг давах гээд байгаа хэрэг юм. Дээр дурдсанчлан хүлэмжийн хий нь ургамлын хүлэмж шиг нарны гэрлийг цуглуулж, гадагш нь гаргалгүй дотроо түгжсэнээр дотоод температураа нэмэгдүүлдэг. Аж үйлдвэрлэл, машин тэрэг, мал аж ахуй, тэр ч бүү хэл хүн амьтны амьсгал, унгас хүртэл уг хүлэмжийн хийг ялгаруулж байдаг. Нэг үгээр бид амьсгалах бүртээ дэлхийг дулааруулж байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн нэмэгдсэн хүлэмжийн хийнүүд цугларсаар, нарны гэрлийг хураасаар, дэлхийн нийт температур өсөн нэмэгдсээр. Үүний хамгийн том баталгаа бол хойд туйлын мөс юм. Тэнд газар байхгүй, тэр чигтээ мөс бөгөөд одоогийн байдлаар тэнд бараг мөс байхгүй шахуу болсон байна. Энэ нь далайн түвшнийг нэмэгдүүлж, эрэг орчмын газруудыг залгин, ирээдүйд далайн эрэг бараадсан хотууд усанд живэх төлөвтэй байгаа нь айдас төрүүлэм.

Маш их хэмжээний хүлэмжийн хийг агуулсан пермафрост буюу мөнх цэвдгүүд байдаг. Харин дэлхийн дулаарлаас болж эдгээр мөнх цэвдгүүд хайлж эхэлсэн ба түүний дотор түгжигдсэн байсан хүлэмжийн хийнүүд суллагдаж, агаар дах хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна. Энэ нь эргүүлээд дэлхийн дулаарлыг ихэсгэж, улам их мөнх цэвдгийг хайлуулснаар улам их хүлэмжийн хий тэндээс суллагдах гинжин урвал бий болох юм. Үүнийг буцаах боломжгүй хэмээн тооцож байгаа тул яг одоо л бид арга хэмжээ авахгүй бол өөр хэзээ ч, хэчнээн ч хичээгээд нэмэргүй гэсэн үг юм. Ийм учраас улс орнууд, дэлхий тэр чигтээ дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж, санаа зовж, бодит үйлдлүүдийг хийж эхлээд байна. Өмнө нь хүн төрөлхтөн нэгдэн нийлж, озоны давхаргын цооролттой тэмцэж, амжилт байгуулж байсан туршлага бий. Энэ нь бид хэдий улс гүрнүүд болон хуваагдсан ч нэгдэн нийлж, нэгэн асуудлын эсрэг нэг дор босож, хөдөлснөөр тухайн асуудлыг шийдвэрлэж чаддаг гэх урам зоригийг өгсөн. Сүүлийн үеийн ковид үүний тод жишээ. Дараагийн асуудал бол дэлхийн дулаарал. Үүний цаана олон олон хүн төрөлхтөн, дэлхийн нийт амь амьдралын эсрэг дайснууд биднийг шийдэхийг хүлээгээд жагсаж байгаа. Улс үндэстэн, хүн төрөлхтөн үүний эсрэг нэгдэн нийлэх нь зайлшгүй болоод байна. Хамгийн гайхалтай нь бид өдийг хүртэл давж, шийдвэрлэж ирж чадсаар ирсэн нь энэ удаад ч гэсэн, ирээдүйд ч гэсэн чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Магадгүй бидний хийх дараагийн технологийн хувьсгал өмнөх хувьсгалуудынхаа тарьсан энэ балгийг нэг мөр шийдэх ч юм билүү.

Боломжит галавууд

Дэлхийн амьдралыг сүйрүүлсэн галавууд хоорондоо ихдээ 120 сая жилийн зайтай тохиолдож байсан. Гэвч хамгийн сүүлд солир унаснаас хойш аль хэдийн 160 сая жил өнгөрчхөөд байна. Энэ нь магадлал статистикийн онолын дагуу бол дараагийн галав болох хугацаа аль хэдийн өнгөрчихсөн гэсэн үг юм. Нөгөө талаас хэзээ мөдгүй дараагийн галав юүлнэ гэсэн дохио. Тэгвэл дараагийн галав юу байх боломжтой вэ? Дэлхийн дулаарлаас гадна цөмийн дайн, цар тахал, хиймэл оюун, галт уулын дэлбэрэлт зэрэг дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалсан галавууд биднийг отож байна. Сансар огторгуйн гүнээс ирэх гадаад хүчин зүйлээс шалтгаалах солир, ойр хавьд од дэлбэрэх, эсвэл пулсар одны гамма цацрагт өртөх гэх мэт галавууд ч энэ жагсаалтыг үргэлжлүүлнэ. Дэлхийн дулаарал бол аль хэдийн бидэнд нүүрлээд эхэлчихсэн. Цөмийн дайн бол дэлхийн амьдралыг тэр чигт нь арчиж хаяж чадна. Эхлээд 30-хан минутын дотор томоохон хотууд цөмийн дайралтад өртсөнөөр нийт хүн төрөлхтний тал нь устана. Үүний дараа маш их хэмжээний хар үүл дэлхийг бүрхэн авч, нарны цацрагийг хааснаар цөмийн өвөл эхэлнэ. Тэр үүл нь цацраг идэвхтэй байх бөгөөд, түүнээс нь цацраг идэвх бүхий бороо, цас орж, амьд амьтдыг мутацид оруулан, амьдрах, үржих аргагүй элдэв янзын өвчтэй болгосноор нийт амьдрал тэр чигтээ устаж үгүй болох юм. Хиймэл оюун хэтэрхий сайн хөгжсөнөөр өөрсдийн оршихуйг хамгаалж, байгалийн нөөцийг дэмий үрэн таран хийж буй хүн төрөлхтнийг цаазална гэсэн таамаглал ч байдаг. Учир нь хүн, амьтад бол үнэт нөөцийг хэтэрхий үрэлгэн ашигладаг, дээр нь хоорондоо байлдаж, уг нөөцийг үр ашиггүй үрэн таран хийдэг хорлонтой төрөлхтөн юм. Харин хиймэл оюун ухаан нь дэлхий даяар нэгэн ухамсар болон нэгдэж чадах тул хоорондоо байлдах шаардлага үүсэхгүй. Мөн өөрсдийн оршихуйг хамгаалах, уртасгахын тулд байгалийн нөөцийг хэмнэх үүднээс биднийг геноцид хийж байна гэсэн үг юм. Яахав сайнаар бодоход биднийг судлах, зугаагаа гаргах зорилгоор тэжээж, үржүүлж болох л юм.

Галт уулын дэлбэрэлт нь цөмийн дайнтай төстэй байдлаар, маш их хэмжээний хар үүлээр дэлхийг бүрхэж, нарны гэрлийг хааснаар мөстлөг эхлүүлж, галав юүлнэ. Үлэг гүрвэлүүдийг устгасан солир бидэн дээр хүрч ирэх үед хүн төрөлхтөнд түүнийг зайлуулах арга байхгүй тул үлэг гүрвэлүүдийн араас явах магадлалтай. Бидний технологи хэдий хөгжөөд байгаа ч нарны аймгийн гаднаас санамсаргүй байдлаар ирэх солирыг урьдчилан таамаглаж чаддаггүй. Зүйрлэж хэлбэл харанхуйгаас гэнэт нэг биет гарч ирээд, биднийг чиглээд яваад байна гэсэн үг. Түүний явж буй чиглэл, дэлхийн тойрог замыг урьдчилан тооцоолоод, биднийг мөргөх эсэхийг бид мэдэж чадна. Мөргөх нь тодорхой болох үед бид зүгээр л харж суугаад, мөхлөө хүлээхээс өөр аргагүй. Аль нэг талд нь цөмийн бөмбөг тэсэлж, замыг нь өөрчлөх гэж оролдвол тэр солир дэлбэрэлтийн цохилтыг зүгээр л өөртөө шингээгээд авчихна. Замаа өөрчлөхгүй гэсэн үг. Армагедон кинон дээр гардаг шиг өрөмдөж нүхэлж байгаад дотор нь цөмийн бөмбөг тэслээд буталж болох ч бутарсан хэлтэрхийнүүд татах хүчээрээ нэгдэн нийлж, эргээд өмнө замаа хөөж эхэлнэ. Ийм байтал бид дэлхийгээ бултуулах талаар бодоод ч хэрэггүй.

Од өөрийн дотоод түлшийг дуусгаад, нэг бол хэт аварга том улаан од болж, хөнгөн давхаргаа ууршуулан алдсаар бяцхан бор од болон хувирдаг. Үүний үр дүнд үзэсгэлэнтэй мананцраас гадна бяцхан, чамин, мааш урт настай зомби од бий болно. Манай нарыг ийм мөхөл хүлээж байгаа. Харин нарнаас гурваас олон дахин их масстай од бол огцом агшиж, эргүүлээд маш хүчтэй дэлбэрдэг. Энэ нь маш их эрчим хүч, гэрлийг бий болгох ба их хэмжээний материал болон энергийг сансарт цацдаг. Үүнийг супернова буюу хэт шинэ одны мөхөл гэдэг. Яагаад од мөхөж байгааг хэт шинэ од гэдэг нь өмнө үед од байхгүй байсан газар шинэ од үүсэж, хэсэг гэрэлтэж байгаад алга болчихдог байсантай холбоотой. Энэ нь үнэндээ шинэ од үүсээгүй бөгөөд үл үзэгдэх алсад байсан од тэсрэхээрээ нүдэнд үзэгдэхүйц хэмжээний их гэрлийг цацсан нь тэр юм. Хэрэв ойрхон байгаа од энэ мэт дэлбэрвэл бид цацагдсан материалаас өмнө цацагдсан гэрэлд нь шарагдаж үхэх болно. Хамгийн ойрын од 5 гэрлийн жилийн зайтай байдаг. Тэр од дэлбэрлээ гэхэд бид 5 жилийн дараа мөхөх болно. Тэнгэрт байсан од гэнэт дэлбэрэхтэй зэрэг бид газрын хөрснөөс арчигдах болно. Үүний учир нь тухайн одны хор хөнөөл гэрлийн хурдтай зэрэг явж байгаатай холбоотой. Аз болж бидэнд хор хүргэх хэмжээний зайд дэлбэрэх гэж буй од байхгүй байгаа хэрэг юм. Энэ бол мэдээж сансар огторгуй судлалын үндсэн дээр, одны насжилтыг тооцож, хэрхэн, яаж мөхдөгийг мэддэг болсонтой холбоотой. Мөн мэдээж оддын зайг бид мэдэж чадна.

Харин түүнээс хол байсан ч бидэнд хор хөнөөл учруулж болох одыг пулсар гэдэг. Дэлбэрсэн одны цогцос жингээсээ шалтгаалж нейтрон од болдог, хангалттай хүнд бол хар нүх болдог байна. Од дэлбэрэх үед хөнгөн элементүүдээ сансраар нэг цацах бол хүнд элементүүд нь татах хүчээрээ эргэж нэгддэг. Супернова болж буй одны цөмд төмөр байдаг ба уг төмөр тэсрэлтийн үед даралтаа дийлэлгүй, атомууд нь бие бие рүүгээ цөмрөн орж жижгэрснээр тэр чигтээ нейтроноос тогтох, аварга том атомын цөм мэт болж орхисныг нейтрон од хэмээдэг. Нэг халбага нейтрон одны масс нь Эверест уултай ижил хэмжээтэй. Хэрэв бид гадарга дээр нь зогсох гэж оролдвол биднийг бяцалж, ганцхан атомын зузаантай болтол нь гадаргаараа түрхэх тийм өндөр татах хүчтэй байдаг. Ийм одны соронзон орон галзуурсан мэт байдгаас гадна соронзон туйлаараа маш их хэмжээний хорт гамма цацраг цацаж байдаг. Бидний цацраг идэвх гэж цээрлэдэг, арьс махыг нэвтлэн, ясны зураг авдаг уг цацрагаар яг л лазер шиг сансар руу буудаж байдаг. Соронзон туйл нь эргэлтийн туйлаасаа зөрсөн үед энэ буу сансарт тойрог хэлбэрийн хөдөлгөөнөөр буудаж эхэлнэ. Биднээс хэт хол байх ийм од яг бидэн рүү харж таарах үед бидэнд тухайн од анивчаад байгаа мэт санагддаг. Анх ийм одыг нээж илрүүлэх үедээ харийнхан бидэн рүү дохио дамжуулж байна хэмээн бодож байж ээ. Хэрэв ийм пулсар од яг бидэн рүү чиглэж ойр хавьд таарвал бид гамма цацрагт нь өртөж, тэр дороо шарагдаж мөхөх юм. Гэвч энэ нь мөн л маш бага магадлалтай.

Үүнээс ч бага магадлалтай ч илүү аймшигтай мөхөл учруулах зүйл бол вакум задрал хэмээгдэх үзэгдэл. Одоогийн сансрын вакумыг сансрын хамгийн бага энергитэй төлөв гэж үздэг. Гэвч энэ нь бид агаар дотор байхад агаар байхгүй, хоосон мэт, усан дотор ус байхгүй, хоосон мэт санагддагтай ижил юм. Бидний дотор нь амьдарч буй вакум нь ямартай ч оргүй хоосон биш гэдэг нь харьцангуйн онолоор тодорхой болсон ч энэ нь яг энергийн хамгийн бага муж мөн үү гэдэгт одоо хүртэл хариулт олдоогүй байгаа. Хэрэв биш болж таарвал уг вакум ямар нэг байдлаар задрахад асар их энерги гарч, эргэн тойрны вакумаа гинжин урвал мэт задлах, хэзээ ч үл зогсох аварга том мөхлийн бөмбөлөг гэрлийн хурдаар тэлж, замдаа таарсан бүхнийг түгдэрч түүртэлгүй үнсээр хийсгэх боломжтой гэж үздэг. Үүнийг вакумын задрал гэх ба ойр хавийн хязгааргүй уудам сансар огторгуйд нэг л ийм үйл явдал болоход гэрлийн хурдаар тэлж, биднийг, гараг, нар, сар, оддыг тэр чигт нь түнэр харанхуй залгин авна гэсэн үг юм. Тайвшруулах мэдээ гэвэл ийм задрал манай үзэгдэх ертөнц дотор болох магадлал байхгүйтэй ижил. Хэрэв ертөнц хязгааргүй үргэлжилдэг гэвэл ийм задрал манай үзэгдэх ертөнцийн гадна болсон ч биднийг сүйтгэхэд гэрлийн хурд нь хүрэлцэхгүй буюу бидэнд огт падлийгүй болно. Нөгөө талаас манай ертөнцийн хаа нэгтээ боллоо гэхэд тэр нь яг хажууд л биш бол ертөнцийн хэмжээнд гэрлийн хурд гэдэг өчүүхэн зүйл юм. 1 тэрбум гэрлийн жилийн цаана болбол бидэн дээр энэ мөхөл ирэх гэж 1 тэрбум жил зарцуулна гэсэн үг.

дараагийн нийтлэл Бид хаа хүрэх вэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #4...

Comments

Popular Posts