Бид хаа хүрэх вэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #4

(Midjourney AI. Түлхүүр үгс: Alien civilization colonizing entire galaxy. Photo realistic.)

... өмнөх нийтлэлийг Бид хаана байна? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #3

Хаабл дурангийн үргэлжлэл болох Жэймс Вэбб сансрын телескоп нь Хааблаас хэд дахин томоос гадна илүү нарийн технологиор хорвоо ертөнцийг тольдож эхэлсэн. Өмнө нь Хааблын хэдэн долоо хоног хийх ажлыг ганцхан өдөрт амжуулчих хэмжээний хурднаас гадна Хааблын харах боломжгүй сансрын гүний зургийг авч чадах болсон. Гэвч энэ нь тийм ч том үсрэлт биш юм. Ердөө л сайжруулалт төдий. Тэгвэл ирээдүйд бидний хүлээж буй жинхэнэ үсрэлт бол цоо шинэ нүд болох нейтрино болон таталцлын долгионы телескопууд юм. Анх Галилей дуран хөгжүүлснээс хойш өдийг хүртэл бид зөвхөн гэрэл буюу цахилгаан соронзон долгионоор л хорвоо ертөнцийг ажигладаг байсан. Уг долгион нь сансар огторгуйгаар чөлөөтэй явж чадах ч тоос тоосонцор, гараг эрхэст хялбархан сарнин шингэж алга болдог. Үүнээс нь болж бид өөрсдийн галактикийн түм буман одод, тоосонцроор цаад талын зүйлсээс нь халхлагддаг. Үүнийг даван гарахад бидэнд юунд ч торолгүй нэвт гарч чаддаг зүйлийг барьж авдаг телескоп хэрэгтэй. Энэ нь магадгүй парадокс мэт сонсогдож байгаа байх. Юунд ч тордоггүй зүйл манай телескопыг нэвт гарчих тул түүнийг барьж авах боломжгүй мэт.

Анх нейтрон гэх эгэл бөөм протон болон электрон болж задардгийг бид мэддэг байж. Харин уг үзэгдлийг илүү нарийн хэмжиж үзэхэд тэр хоёр задрахдаа багахан хэмжээний хазайлтыг үүсгэж байж ээ. Зарчмын хувьд бие биеэсээ чанх эсрэг тийшээ явах ёстой. Тэгвэл уг өчүүхэн хазайлтыг юу үүсгээд байгааг судлаад, бараг массгүй шахуу бяцхан бөөм мөн уг задралын явцад үүсэж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэв. Электрон болон протон нь цахилгаан цэнэгийн хувьд яг тэнцүү байдаг тул уг бяцхан бөөм нь цэнэггүй байх ёстойг нэмж таамаглав. Нейтроны задралын үр дүнд үүсэж байгаа, мөн нейтрон шиг цэнэггүй, дээр нь маш өчүүхэн гэдэг утгаар нь түүнийг нейтрино хэмээн нэрлэв. Цэнэггүй, мөн хэт өчүүхэн масстай тул түүнийг барьж авах бараг боломжгүй. Хэрэв үнэхээр ийм бөөм байдаг бол тэр нь нарнаас маш ихээр ирж байх ёстой хэмээн таамаглаж, түүнийг барьж авах туршилтыг хийж ээ. Тооцоолол ёсоор уг бөөм нь дэлхийг нэвт гарч чадах хэмжээний өчүүхэн. Тэгэхээр яаж үүнийг барьж авах вэ? Нейтрон мэтийн цэнэггүй бөөмс өөрийн хурдыг ямар нэг бодис дундуур явахдаа хэвээр хадгалдаг. Харин гэрэл бол ус, шил гэх мэт тунгалаг бодис дотор удааширч, илүү удаан явдаг. Хэрэв тухайн цэнэггүй бөөм усан доторх гэрлээс хурдтай хөдөлж байгаад, тухайн бодис доторх ямар нэг цэнэгтэй бөөмийг мөргөвөл тухайн цэнэгтэй бөөм усан доторх гэрлээс хурдан явснаар өөрөөсөө гэрэл цацруулдаг байна. Үүнийг цахилгаан соронзон орон доторх соник бүүм гэж ойлгож болно. Агаар дотор дуунаас хурдан явах үед асар хүчтэй тэсрэлт сонсогддог ба үүнийг соник бүүм гэдэг. Яг үүнтэй ижил, цэнэгтэй бөөм усан дотор гэрлээс хурдан хөдлөх үед гэрэл гараад байгаа гэсэн үг. Нарнаас ирж буй нейтрино нь усан дотор гэрэл тархах хурднаас хурдтай байх боломжтой ба усны аль нэг молекул дах электроныг очиж мөргөснөөр дээрх гэрлийг ялгаруулах ёстой. Үүнийг черенков цацаргалт гэдэг. Цөмийн реактораас мөн ийм гэрэл ялгардаг. Гэвч нейтрино нь дээр хэлсэнчлэн дэлхийг ч нэвтлээд явчихдаг тул усны аль нэг электроны мөргөлдүүлэх магадлалыг ихэсгэхийн тулд маш том усан сан хэрэгтэй. Ингээд маш том усан санг газар доор байрлуулж, ханаар нь черенков гэрэл мэдрэх сенсоруудыг байрлуулснаар бидний нейтрино барьж авах туршилтын төхөөрөмж бэлэн болно. Ингээд хүлээнэ. Маш бага магадлалаар усан сангийн хананд гэрэл мэдрэгдсэнээр нейтрино байдгийг баталсан байдаг. Үүний дараа уг усан сангаар хийсэн дараагийн гайхамшигтай туршилт бол нарны зургийг авсан явдал байв. Гэхдээ зургийг өдөр тэнгэр рүү харж байгаад биш, шөнө газар руу харж байгаад, дэлхийг нэвт авсан юм. Ийнхүү ирээдүйд бид нейтрино ашигласан анхны телескопоо бүтээх нь тэр. Энэ бол сансрын уудмыг саад тотгор, хаалт барцадгүй судлах цоо шинэ нүд гэсэн үг.

Харин одоо таталцлын долгионы талаар. 100 жилийн өмнө Алберт Эйнштэйн харьцангуйн ерөнхий онол дээрээ тулгуурлан хийсэн нэг таамаг бол таталцлын долгион байв. Орон зай, цаг хугацаа нь нэг зүйл төдийгүй сунаж агшдаг, хоорондоо хэлхэлдсэн даавуу шиг материал гэдгийг олж мэдсэн. Хэрэв бид татаж сунгасан даавуун дээр хүнд зүйл тавивал даавуу хонхойж, хонхорхой руу юм бүхэн өнхөрч орно. Энэ бол татах хүч. Хэрэв бид тухайн хүнд зүйлийг гэнэт алга болгочихвол юу болох вэ гэж Эйнштэйн бодсон ба хариулт нь таталцлын долгион үүсэх байсан юм. Хэрэв маш хүнд, жишээ нь нейтрон одод юм уу хар нүхнүүд бие биеэ тойрон эргэлдэх үед тэднээс маш хүчтэй таталцлын долгионууд үүснэ. Уг долгион нь сансар огторгуй дах ямар ч материалыг жишим ч үгүй нэвт гарч чадна. Хэрэв бид энэ долгионыг барьж авч чадвал мөн л нейтрино шиг цоо шинэ нүдтэй болж байгаа хэрэг юм.

4 км урттай, хоорондоо перпендикуляр, Г хэлбэрийн төхөөрөмжөөр анхны таталцлын долгионыг барьж авч ээ. Юуг ч нэвтлэх ийм долгионыг яаж барьж авав аа? Үүний нууц нь интерферометр гэгч маш нарийн, мэдрэмтгий багаж юм. Энэ нь гэрлийг салгаж, хоёр замаар явуулаад, эргүүлж нийлүүлэн харьцуулах маягаар ажилладаг. Энэ багажаар анх гэрлийн хурдыг хэмжсэн төдийгүй өнөөдрийн хамгийн нарийн нандин зүйлсийг уг багажаар хийдэг. Таталцлын долгионыг ч үүгээр барьж авч ээ. Гэрлийг хоёр болгож салгаад, перпендикуляр хоёр урт туннел руу тусгана. Туннелийн үзүүрт, 4км-н цаана толь байх ба тусгасан гэрлүүд тэдгээр толин дээр ойн буцаж ирнэ. Ингээд тэр хоёрыг хооронд нь интерференсэд оруулснаар тухайн хоёр гарын уртын ялгааг гэрлийн долгионы урт буюу миллиметрийг 1000 хуваасны нэг болох микрометрээс бага хэмжээнд мэдэрнэ. 4км урт гарууд хоорондоо микрометрийн төдий уртын өөрчлөлтөд ороход түүнийг мэдэрч чадах юм. Хэт мэдрэгээс ээ болж дэлхийн нөгөө талд давхиж буй галт тэрэгний чимээг хүртэл мэдэрч байсан гэдэг. Харин таталцлын долгион уг төхөөрөмжийг дайрч гарах үед гаруудын урт өөрчлөгдөж, түүнийг нь мэдэрснээр туршилт амжилттай болж, Эйнштэйний зөв байсан нь батлагдах болно. Бүх зүйл ном ёсоор болж, Эйнштэйний зөв байсан нь батлагдав, 100 жилийн өмнө таамагласан таталцлын долгион нь хэзээ ч баригдахгүй өчүүхэн зүйл хэмээгдэж байсан ч ийнхүү бодитоор оршин байдаг нь туршилтаар нотлогдсон юм.

Дэлхий дээр байрлах хэд хэдэн ийм төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид долгион сансрын аль хэсгээс ирснийг мэдэх боломжтой. Ингээд бидэнд өөр нэг нүд нээгдэх нь тэр. Ийнхүү бид одоогийн байдлаар нэг биш удаа таталцлын долгионыг бүртгэж авсан бөгөөд тэнгэрийн аль хэсэгт, хэр хол, ямар хэмжээтэй зүйлс мөргөлдсөнийг хүртэл хэлж чадах болсон юм. Энэ нь өмнөх оптик телескопуудын мөрөөдөөд ч хүрч чадахгүй том амжилт юм. Нейтрон одод юм уу хар нүхнүүдийн ийм мөргөлдөөн нь маш хүчтэй дэлбэрэлт бий болгодог ба энэ нь оддын суперноватай харьцуулшгүй хүчтэй байдаг тул хайпернова гэж нэрлэдэг аж. Хамгийн гайхалтай нь бид таталцлын долгионы тусламжтайгаар ийм хайпернова хаана, хэзээ болох гэж байгааг урьдчилан мэдэж чадах юм. Өмнө нь хаана, ямар од дэлбэрэх гэж байгааг урьдчилан мэдэх боломж байдаггүй байсан юм. Одоогийн байдлаар марлын одны ордны хамгийн тод буюу альфа од нь тодорхойгүй шалтгаанаар бүдгэрчихсэн байгаа ба хэзээ мөдгүй дэлбэрэх нь тодорхой болсон. Гэвч яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй. Өнөө маргааш ч байж болно, эсвэл бидний амьд байхад тэсрэхгүй ч байж мэднэ. Хэрэв тэсэрчихвэл тэнгэрт ганцхан цэгээс тэргэл сарны дайтай их гэрэл цацарч, харанхуй шөнө бидний сүүдэр газар үзэгдэх хэмжээний тод асна. Энэ бол үнэхээр гайхалтай хэрэг юм. Харин таталцлын долгион үүнээс ч аварга зүйлсийг яг хаана болох гэж байгааг бидэнд урьдчилан ховлоно. Энэ хооронд бид телескопуудаа тэр цэг рүү чиглүүлж амжих ба ажиглагдах ертөнцөд болох хайперноваг нүдээр үзэх боломжтой болж байгаа нь гайхалтай.

Гараг хооронд тархах

Дээр дурдсан галавууд биднийг хэзээ мөдгүй залгихаар отож байхад бид яахин зүгээр сууж болох билээ? Отож буй аюул заналыг зайлуулахаа байг гэхэд тэднээс ядаж бултах, түүнд сүйрэх магадлалаа багасгах нь хамгийн чухал юм. Бид өдийг хүртэл зөвхөн ганцхан гараг дээр үүсэж, амьдарсаар ирсэн. Зөвхөн энэ гарагийн ааш аяыг дагаж, энэ л гарагт тохиолдох эрсдэлүүдийг бүтэн төрөлхтнөөрөө үүрнэ. Энэ бол төрөлхтний хувьд маш том эмзэг байдал юм. Үүнийг төвлөрлийн эмзэг байдал гэж хэлж болно. Тэгвэл үүнээс зайлс хийхийн тулд төвлөрлийг буталж, олон гараг дээр, цаашлаад олон одод дээр аж төрөх нь биднийг бүр мөсөн мөхөж сүйрэхээс сэргийлэх хамгийн чухал алхам юм. Өдийг хүртэл арай гэж бий болсон энэ амьдрал, оюун ухаан, техник технологи, ололт нээлт, онол, яруу найраг, гоо сайхныг бид хамгаалж үлдэх үүрэгтэй мэт. Ингэхийн тулд бид сансрын технологио хөгжүүлж, гараг колондож эзлэх арга техникээ сайжруулж, цаашлаад одод хооронд аялах хөлөг хийх зэрэг дундаршгүй их ажлуудыг амжуулах шаардлагатай. Солир ирж мөргөөд, галт уул дэлбэрээд л бид тэр чигтээ арчигдана гэдэг бол маш гутамшигтай хэрэг. Бид өөрөө өөрсдийгөө л аварна. Биднийг аврах хэн ч эргэн тойронд байхгүй.

Кардашевийн шатлал

Физикт бүх зүйлийг энергиэр хэмжиж болдог. Алдарт E=mc2 томьёог хараагүй хүн бараг байхгүй байх. Энэ нь Алберт Эйнштэйний масс энергийн харьцаа юм. Энэ томьёо бидэнд энерги, масс хоёр нэг зүйл гэдгийг хэлж өгдөг. Ямар ч энергийг массаар, ямар ч массыг энергиэр илэрхийлж болно. Тэгвэл соёл иргэншлийг энергиэр илэрхийлж болох уу? Кардашев соёл иргэншлүүдийг энергийн ашиглалтаар нь шатлах оролдлого хийж ээ. Ямартай ч тухайн төрөлхтөн оюун ухаантай болоод, тухайн үүсэж бий болсон төрөлх гарагийнхаа боломжит бүх эрчим хүчийг ашиглаж чаддаг болсноор нэг дүгээр төрлийн соёл иргэншил болно. Үүнд гараг дээр ирэх нарны энерги, нүүрс, нефт, уран, ус төрөгч гээд ашиглаж болох бүх энергийг ашиглаж сурахыг хэлж байна. Жишээ нь Сахарын цөл дээр тусч байгаа нарны энергийг нарны хавтангаар хураахад бид хүн төрөлхтнийг эрчим хүчээр хангаж чадна. Нүүрс, нефтийг бид өдөр тутамдаа хэрэглэж байна. Ураны нөөцийг ашиглан цөмийн задрах урвалын хүчийг цөмийн цахилгаан станцууд ашиглаж байгаа. Харамсалтай нь эдгээр нь бүгд бидний засч залруулж чадахааргүй мөхөл рүү маань дуудаад байдаг. Үүнийгээ шийдэж чадахгүй байгаа бид кардашевийн шатлалаар нэг дүгээр төрөл ч болж амжаагүй яваа гэсэг үг. Багцаагаар 0.7 дээр яваа гэж үздэг.

Үүний цаана цөмийн нэгдэх урвал болох ус төрөгчийн атомуудыг нийлүүлж гелий гаргаж авах зарчмаар ажилладаг цахилгаан станцыг бид хийхээр чармайн ажиллаж байна. Энэ нь бидний эрчим хүчний асуудлыг орвонгоор нь шийдэхээс гадна хүлэмжийн болон цацраг идэвхт хаягдал гаргахгүй зэрэг давуу талтай. Түлш нь хорвоо ертөнцөд хамгийн түгээмэл бодис. Ганц грамм ус төрөгч нь нь 100 грамм уран, 1 тонн нүүрстэй тэнцүү хэмжээний эрчим хүч гаргана. Нар, одод өөрсдийн цөмд ийм цөмийн нэгдэх урвалыг хийж асдаг бөгөөд ертөнцийн хамгийн үр ашигтай, цэвэрхэн энерги гаргах арга юм. Үр дүнд нь үүсэх гелий нь бидний хөөрдөг шаарыг хийлдэг, уушгилаад хөгжилтэй хоолойтой болж тоглодог хий юм. Тухайн гарагаас авсан эрчим хүчээ бусад ойр хавийн гарагуудаа эзлэхэд зарцуулахаас гадна бусад гарагуудаас ч энэ мэт эрчим хүчийг нь авч, түүнийгээ тухайн одны системийнхээ одыг тойруулан нарны хавтан өрж, ганц ч гэрэл гадагш нь алдалгүй бүгдийг нь барьж авах шаардлагатай.Тухайн одны аймгийн энергийг тэр чигт нь ашиглаж чаддаг болсон соёл иргэншлийг хоёр дугаар төрлийнх гэх ба алсаас харахад тэр од унтарсан мэд харагдах болно. Энэ мэт эргэн тойрныхоо оддыг эзэлсээр тухайн галактикийг тэр чигт нь эзэлж чадвал гурав дугаар төрлийн соёл иргэншил болох болно. Алсын галактикаас ажиглавал тэр галактик тухайн соёл иргэншил үүссэн цэгээс унтарсаар тэр чигтээ унтарч байгаа мэт харагдах болно. Кардашев өөрөө эдгээр гурван төрлийг санал болгосон ч цаашлаад бусад галактикуудыг эзэлж чадвал дөрөв дүгээр төрөл, энэ маягаар бүтэн ертөнцийг эзэлбэл тав дах төрөл, олон ертөнцүүд байх мултиверс онолын дагуу бусад ертөнцийг энэ мэт эзэлсэн соёл иргэншлийг омега төрөл хэмээн нэрлэж байна. Үнэн хэрэгтээ манай ертөнц нь омега төрлийн соёл иргэншлийн бүтээл байх боломжтой ч гэж үзэх нь бий.

Харийнхан

Амьдрал үүсэхэд гурван хүчин зүйл хэрэг болдог. Шингэн, хүнд элемент, мөн мэдээж энерги. Бодис зөвхөн тодорхой температурын заагт л шингэн байдаг. Жишээ нь ус бол 0-100 цельсийн хэмд шингэн байдаг. Тэгвэл усыг шингэн байлгах бүсийг амьдрал тэтгэх бүс гэдэг. Ямар ч одны эргэн тойронд, тухайн одны температураас шалтгаалж тодорхой амьдрал тэтгэх бүс үүсдэг. Манай дэлхий нарны яг тэр бүсэд оршдог тул амьдрал үүссэн. Мөн заавал ус биш, бусад төрлийн шингэн байж болно. Жишээ нь манай нарны аймгийн хамгийн үзэсгэлэнтэй, магадгүй бүслүүртэй гэдгээр нь бид бүгдийн мэдэх Санчир гаргийн хамгийн том дагуул Титан дээр метан нуурууд оршин байдаг. Нарнаас хэт хол тул тэнд ус шингэн байх боломжгүй ч метан, бутан зэрэг гидрокарбонууд шингэн байх боломжтой. Түүнчлэн Санчирын дагуул Энцеладус, манай нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадийн сар Европа зэргийн гүнд шингэн ус байдаг. Тэнд ус шингэн байхад нарны эрчим хүрэлцэхгүй ч гэлээ татах хүчний даралтын ачаар халж, шингэн байх боломж үүсдэг. Тэнд газрын гүний эрчим хүчний тусламжтайгаар амьдрал үүсэх боломжтой. Энэ мэтчилэн тухайн одонд хэдэн гараг, тэдгээрийн саран дээр амьдрал үүсэх боломжтой байх магадлалыг эргэн тойрны оддынхоо гарагуудыг судалснаар гаргаж ирж болно. Үүнийг эксопланет (харь оддын гараг) судлал гэдэг ба цэг шиг жижиг одны гаргийг судлах нь боломжгүй мэт санагдаж болох юм. Тэгвэл тэдгээр однуудыг ажиглах явцад гэрэл нь тодорхой хугацаанд бүдгэрч байвал тэр нь эксопланетаас үүссэн хиртэлт гэж ойлгодог байна. Дээр спектрограмын аргаар одны бодисын бүтцийг судалж болж байсантай ижил, эксопланетаар хиртэх үед спектрограмын шинжилгээ хийснээр тухайн гарагийн агаар мандлын бүтцийг судалж болдог. Түүгээр ч үл барам, энэ аргаар эксомүүн буюу эксопланетын сарыг хүртэл судлах боломжтой нь үнэхээр гайхалтай хэрэг. Ингэхийн тулд тухайн одны системийн хавтгай яг бидний харж буй чиглэлийн дагуу байх шаардлагатай. Ийм одод цөөн ч гэсэн түг түмэн оддын ачаар бидэнд хангалттай олон ийм системүүд олддог. Эдгээр системүүдийг судалж, гарагуудыг нь, тэдгээрийн агаар мандал, бүтцийг нь судалснаар бид амьдрал үүсэх магадлалыг тооцоолж болно. Уг магадлалаа галактикийн нийт оддын тоонд үржүүлж өгснөөр галактикийн хэмжээнд амьдрал тэтгэх магадлалыг тооцоолж болно. Үүнээс цааш тэр амьдрал галавуудыг давах, оюун ухаантай болох, тэгээд эргэн тойрон руугаа радио дохио цацах зэрэг магадлалуудыг хооронд нь үржүүлж, манай галактикт хэчнээн оюун ухаант амьдрал байх боломжтойг судлах тэгшитгэлийг Дрэйкийн тэгшитгэл гэдэг. Энэ тэгшитгэлийн шийд нь хамгийн багадаа 1000, түүнээс дээш 100 сая ийм төрөлхтөн манай галактик дээр байх ёстой гэж гаргадаг.

Гэвч тэд хаана байна аа? Яагаад бид өдийг хүртэл ажиглалт хийхэд ертөнцийн аль ч хэсгээс, ямар нэг сэжүүр олдохгүй байна аа? Арав гаран тэрбум жилийн турш яагаад аль нь ч галактикийг эзэлж, гурав дах төрлийн соёл иргэншил болж чадаагүй байгаа юм бэ? Уг асуудлыг Фермигийн парадокс гэнэ. Фермигийн парадоксыг шийдэх гэсэн олон санаа байдгийн хамгийн магадлалтай нь их шүүлтүүрийн онол юм. Гараг бол сансар огторгуйн хөл хорио буюу карантин гэж Карл Саган хэлсэн байдаг. Ертөнцөд ууртай, шуналтай, эзлэн түрэмгийлэгч соёл иргэншил хэрэггүй бөгөөд ийм соёл иргэншил сансарт гарахаасаа өмнө өөрөө өөрсдийгөө алж хядаж дуусах болно гэж үзжээ. Сансар огторгуйд гарч чадсан соёл иргэншил нь нэгдэн нийлж чаддаг, дайсагнадаггүй, эелдэг соёл иргэншил байх болно. Жишээ нь цөмийн бөмбөг бол соёл иргэншлийн их шүүлтүүр байх боломжтой. Цөмийн бөмбөгийн хүч гараг дэлхийг ч сөнөөх чадалтай тул өнөөдөр бид энх тайван байхаас өөр аргагүй байдалд байгаа. Нэг бол эвийг эрхэмлэн зэрэгцэн орших, үгүй бол цуг үхэх. Галавууд мөн их шүүлтүүр байх боломжтой. Соёл иргэншлүүд дөнгөж үүсэж байх үед галав юүлж, тэднийг огт сансарт гаргах хугацаа олгодоггүй байж болно. Бичигдээгүй гэмээр ийм дүрэм үнэхээр үйлчилдэг бол бид ч гэсэн тэр шүүлтүүрт шүүгдэх учиртай. Эсвэл 13 гаран тэрбум жилийн дараа, анх удаа их шүүлтүүрийг давсан соёл иргэншил ч юм билүү? Хэрвээ тийм бол бидэнд маш их үүрэг хариуцлага ноогдож байна гэсэн үг юм. Бидний давсан энэ олон галав, эсвэл цөмийн бөмбөг зэргийн аль нэг нь их шүүлтүүр байсан байх боломжтой. Өөр бас нэг шийдэл бол харанхуй ой. Соёл иргэншил үүсэж, тоглоомын онолыг мэддэг болсны дараа шууд өөрсдийн оршихуйг гадна талаас нууж, өөрсдийг байхгүй мэт оршин тогтнох шаардлагатай гэж үздэг. Хэрэв бид сансар огторгуйд өөрсдийгөө байгаа гэдгийг зарлах юм бол ирээдүйд тэднийг устгана гэж бодсон аль нэг өндөр хөгжилтэй соёл иргэншил чимээгүйхэн биднийг устгаж орхих болно. Яг л харанхуй ойд ганцаараа төөрсөн мэт. Араатан амьтдыг өөр дээрээ дуудахгүйн тулд тусламж эрэн хашхичиж болохгүй. Аль нэг араатан тэнд тусламж эрэн хашхирах юм бол түүнийг чимээгүйхэн очоод алчихсан нь аминд илүү өлзийтэй. Ийнхүү үүсэж чадсан бүх соёл иргэншлүүд өөрсдийн оршихуйн ул мөрийг нуун далдалж, харанхуйд нуугдан оршиж буй. Тийм учир бидэнд ажиглагдахгүй, тэд байхгүй байгаа мэт харагдаж байгаа. Өөр бусад шийдлүүд нь тийм ч үнэмшилтэй биш боловч үгүйсгэж боломгүй зүйлс байдаг. Жишээ нь бурхан зөвхөн биднийг оршин байхаар ертөнцийг бүтээсэн, эсвэл бид бол ердөө харь гараг, илүү өндөр соёл иргэншлийн шилэн хоргон доторх зоо паркийн үзвэр төдий зүйл ч байх боломжтой.

Цуврал нийтлэл төгсөв.

Comments

Popular Posts