Дэлхийн боловсролыг гэртээ

Би гэж хүн нээлттэй эх, open source гээд л гүйгээд байдаг хирнээ түүнийгээ яг амьдрал дээр зөв хэрэгжүүлдэг үү гэвэл үгүй. Жишээ нь одоо хүртэлх хугацаанд би нээлттэй эхийн програмыг чадахынхаа хирээр АШИГЛАЖ байсан уу л гэхээс жинхэнэ нээлттэй эхийн философи, хөгжүүлэлт, нэвтрүүлэлт гээч зүйлийг мэлмийгээр тольдож, махан биеээр мэдэрч байгаагүй билээ. Харин өнөөдөр их удаан шал дэмий бодож явсан зүйлээ хэрэгжүүлж эхлэх тухай бодолдоо хүчтэй эзэмдүүлж байна. Энэ нь "нээлттэй боловсрол" юм.

Юуны түрүүнд судлаач Ганаа ахын "Нээлттэй боловсрол" гэдэг нийтлэлийг уншиж үзэхийг зөвлөж байна. Энд нээлттэй боловсрол гэж юу вэ, ямар хэлбэртэй, хаана оршиж байна, ямар хэлбэрүүд байдаг нь ямар эрх зүйн асуудалтай, давуу талтай вэ гэдгийг судлаач хүн, мөн мадагүй зарим өөрийн хэрэглэдэг зүйлсийнхээ тухай бичжээ. Харин Монголд маань ийм нээлттэй боловсрол олгох гэж байгаа сайт юу байна вэ гэдгийг бодож үзээд, ямар нэг зүйл байвал доор заавал бичихийг хичээнгүйлэн хүсэе. Миний мэдэхийн хийгдээд удаагүй байгаа e-bagsh.mn гэж сайт байгаа, магадгүй Монголдоо анхдагч нь байж мэдэх юм, тиймээс алдаа оноо их бий байх.

Харин миний ярих гээд байгаа гол зүйл бол дэлхийн нээлттэй боловсрол шүү дээ. Аалзны тор далайцтайгаар дэлхийн өнцөг булан бүрт үзүүрээ хүргэж нэгэнт чаджээ. Гэвч Монгол мэтийн аглаг зэлүүд талтай, хөгжиж байгаа болон бусад буурай орнуудад энэ нь огт оргүй биш ч маш чанаргүй, удаан, өртөг ихтэй байгаа нь харамсалтай. Өнөөдөр хөгжингүй АНУ, Япон, Солонгос гэх мэт гүрнүүд өнөөдрийн Монголчуудын гэрэл цахилгаан луугаа интернэтийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна. Бүр цаашлаад боловсрол эзэмшихийн тулд заавал өглөө босох, сургууль явах шаардлагыг халж, энэ хүү цахим аалзны торыг ашиглаад дуртай газраасаа дуртай боловсролоо эзэмших боломжтой болсоныг ярьчихвал улиг болсон зүйлийг олон удаа нуршсан хэрэгт унана. Харин миний бодлоор энэ цахим боловсролыг албан ёсоор үнэгүй олгодог боломж хүртэл байдгийг хүн бүр мэддэггүй л болов уу. Мэддэг байлаа ч энэ боломжийг ашиглахыг эрмэлздэг нь миний мэдэх хүмүүс дотор ч нэг ч үгүй, би ч бас.

Гэхдээ би олон жишээ хэлж чадахгүй, бас туршлага заахгүй, туршлага ч сонсож байгаагүй. Одоо цугтаа хийцгээе. Миний мэргэжил бол Компьюутерийн програм хангамж, мөн дээрээс нь дэлхийн шинжлэх ухааны инженерүүдийг бэлдэгч MIT сургуул миний мэргэжлээр инженер бэлтгэхдээ толгой цохьдог. Харин MIT-д OpenCourseWare гээд нээлттэй боловсрол олгох хөтөлбөр бий, бүр бийгээр барахгүй анхдагч, одоо нээлттэй боловсрол, цахим хичээл гэдэг зүйлийг дэлхийн түвшинд авч яваа төсөл байх. Тэгэхээр миний сонголт бол энэ.

Миний ойлгож байгаагаар OpenCourseWare нь тухайн өдрийн сэдэв дээр тулгуурласан материал, ном, гарын авлага, бусдын хийсэн төслүүд болон багийн ажиллагаа гэх мэт зүйлс, мөн дээр нь даалгавар гээд тухайн сэдвийг өөрийн болгох бүхий л боломжуудаар үнэгүй хангаж өгчээ. Тэр ч байтугай хичээлийнхээ лекцийг шууд бичиж аваад онлайн цацчихдаг учир хажууд нь сууж байгаа юм шиг хичээлээ сонсох боломж хүртэл бий. Бүх лекцийн материалыг та OCW-гийн сайт дээрээс нь авч болохоос гадна YouTube сувгийг нь ч ашиглах боломжтой. YouTube-ийн боловсролын суваг нээгдсэнийг саяхан мэдлээ.

Тооцоо хийж үзэе. Та өнөөдөр Монголд Компьютерийн програм хангамж мэрэгэжлээр баклавар хамгаалахын тулд дор хаяж 4 жилийн хугацаанд дунджаар 6 сая төгрөгийн төлбөртэйгөөр нэгэн сургуулийн мэдэлд очино. Тэр сургууль юу заана, түүнийг нь сурахаас өөр боломж Монголын сургуулиудад үгүй. Мөн дээр нь Монголын хоцрогдсон, хөл толгой нь олдохоо байсан тэр системээр дээрээ одоо ч оюутнуудаар туршилт хийсээр л. Энэ хооронд та сургуулийн хичээлийн хуваарьт баригдаж, нэг ёсондоо дахиад л арван жилд байсан шигээ эрх чөлөөгүй нэгэн болно. За муу юмнуудыг нь ярихаа болие, жишээ нь гайгүй хөрөнгөтэй айл хүүхдүүдээ хилийн чандад явуулж сургадаг. Гэвч нэгт гадаадад сурч ирээд Монголд ажиллана гэдэг ихэнхдээ худлаа зүйл, хоёрт хүн бүр тэгэж явж чадахгүй, өөрөөр хэлбэл маш их үнэтэй, учир нь хөгжингүй орнуудад боловсролын үнэ цэнэ байр савнаас ч үнэтэй зүйл, Монголчууд минь л сургуулийн үнэ тэнгэрт хадлаа л гэдэг. Эцсийн эцэст та мөнгөө төлөөд, эрх чөлөөгөө алдаж байна.

Харин дээрх нээлттэй боловсролыг олоход танд доод тал нь 512mbps хурдтай интернэт байхад л хангалттай. Үгүй бол та интернэт кафед ороод татаж аваад гэртээ үзсэн ч болно. Гэхдээ би ийм байлаа гээд хичээлээсээ, ажлаасаа гар гээгүйлдээ. Та хичээлээ ч хий, ажлаа ч хий, хамгийн гол нь энэ зүйлд яг л хичээл, ажил шигээ ханд. Та өглөө 8 цагт хичээлтэй байсан бол хичээлдээ суухаас өөр аргагүй, учир нь та суугаагүй тохиолдолд оноогоо хасуулна. Монголчуудын сэтгэхүйд үнийг дагаад чанар гэдэг ч юм уу, үгүй бол үнэгүй юм үнэгүй байдаг гэсэн шиг сэтгэхүй нь ийм зүйлийг агуу гэдгийг нь ойлгосон ч ойшоохгүй байж чадах шалтгаан нь болдог гэж боддог.

Юуны түрүүнд танд дэлхийн хэмжээний боловсрол олоё гэсэн хүсэл тэмүүлэл, өөрөөр хэлбэл passion байх нь зүйн хэрэг. Дараа нь мэдээж Англиш язык, энэ байхгүй бол уучлаарай, та үүнийг харж битгий цагаа алдаарай, танд дэлхийн хэмжээний боловсрол хурцдах юм байна. Гэхдээ хүнд тэр passion нь л байх юм бол хэл хөл ургаад л ирдэг жамтай. Ингээд та аль нэг өөрт хэрэгтэй гэсэн сэдвийгээ барьж аваад л өдрийн ноорм гаргачихна. Гэхдээ түүнийгээ хаяж ер болохгүй, худлаа яривал та үүнийг хичээлээсээ ч өмнө тавьж болно. Учир нь энд байгаа зүйлсийг та ойлгож чадвал Монголд олгож байгаа боловсрол тийм ч сонин биш. Гэхдээ бүр болж өгвөл багш, үгүй бол сургуулийнхаа онц суралгат андтайгаа хамтарвал бүр ч илүү байх, гэхдээ сайн мэдэхгүй байна.

Ямар ч байсан би тухтай үзэхээр шийдлээ. Хүн хэзээ ч сурч дуусдаггүй, бас сурахад хөгшиддөггүй, юу ч сурсан сурахгүй байна гэж байдаггүй шүү дээ. Гол нь том мөрөөд, ханыг дав, хүсэл тэмүүллэрээ амьдар.

Бас ямар нэг үр дүн, шийдэл, шүүмж байвал сэтгэгдэл болгож үлдээхээ мартав аа! Амжилт хүсэе.

Comments

  1. Сонирхолтой нийтлэл бичсэн байна. Чамайг дэмжиж байна

    Мэдээж нээлттэй боловсрол бол ирээдүйн чиг хандлага.

    Би ч бас энэ нээлттэй боловсролын, нээлттэй эх үүсвэрийн ачаар толгойдоо багахан мэдлэг хуримтлуулж түүгээрээ амьдралаа залгуулж явна. Магадгүй хэзээ нэгэн цагт өөрийн хүрсэн цэгээсээ эргэж нэг хараад нээлттэй боловрсролыг бусаддаа түгээх байх. Гэхдээ одоо цаг нь биш, би эхлээд өөрөө боловсрохыг хүсэж байна.

    Нээлттэй боловсролыг багахан шүүмжлэхэд:
    1. Амьд харилцаагүй хавтгай дэлгэцний нээлттэй боловсрол хэзээ ч амьд харилцаатай дүйхгүй.
    2. Энэ хавтгай дэлгэцнээс болж хүмүүс олон янзын шинэ өвчнөөр өвчилж байна. (Үргэлж дэлгэц ширтэх нь ямар сайн байхав. Ширтэхгүй гээд бүгдийг нь хэвлэж чадахгүй)
    3. Хэлний бэршхээл (Манайхан бүгд англи, орос хэлэндээ ус цас болоогүйгээс хойш мэдээ уншиж, файл ачааллаж, статус шинэчлэхээс давахгүй)
    4. Онцлог (Манайхны танхимын сургалтаас зайн сургалт руу шууд шилжихэд МТ бичиг үсэг тайлагдалттай нь хэд билээ дээ, шинэ ирсэн оюутанд сүлжээтэй, OCW эхлэл хуудастай компьютер өгөөд сур гэвэл мэдээж бэрх, дунд курсээс нь зайнаас сургадаг болгоё гэхээр залуу хүний онцлог анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй, шалгарч чадсан гавалууд нь толгойдоо мэдлэгтэй, статус шинэчлэгчдээс дээр албан тушаалтай байх ч хөдөлгөөний хомсдол, харалган, хатуурсан цөстэй хоцорно)
    Ахлах курсынхэн, зангиатангууд нь сурах боломжтой гэдэг ч үндсэн ажлынхаа ачааллыг дийлэлгүй сүүлийн цаасан шалгалтынхаа өмнөх өдөр нь бүгдийг нь цээжлээд ирэх нь олон.

    Тиймээс ядаж энэ нээлттэй боловсролын тухай хичээл орж, ингэж сурдаг, ингэж хийдэг юм гээд залуучуудад ойлгуулах хэрэгтэй санагддаг юм. Өөрийн ухаан бодлоор ухаж ойлгож, гараараа хийж амталж практик олсон хүн, цээжээр уншиж тогтоосон богино хугацаанаы мэдлэгээс хэд дахин илүү байх нь ч бий.

    ReplyDelete
  2. Өөрийн цагийг хугаслан их урт сэтгэгдэл үлдээсэн Жагаа багшээд гялайлаа.

    Би өөрөө ингэж бодох их дуртай, юу вэ гэхээр монголчууд чинь аль эртнээс нээлттэй эхийн системээр явдаг байж, жишээ нь хаалганд нь цүү гэж байгаагүй, эзгүй хойгуур нь өлсөж цангасан хүн ирэхвийдээ гэсэндээ цай буцалгаж, борц дэвтээгээд гардаг байсан гэх мэт.

    Ер нь нээлттэй эх гэдгийг би ойлгохдоо юмыг үнэгүй авахдаа гол нь биш, өөрчилж, цааш түгээхдээ ч биш, зүгээр л юугаар баян, түүгээрээ дайл гэж ойлгодог. Төмсчин, лууванчин, малчин, усчин, галч, давсчин, шаазанчин гэх мэт хүмүүс хийлж чадвал шөл ууж чадах бус уу.

    Тэгэхээр нэг ангийн хүүхэд бүр цэгцтэйхэн блог хөтлөөд, багш нар нь аятайхан подкэст хийчихдэг бол нэг хүүхэд анхаарлаа нэг зүйлд удаан төвлөрүүлэх шаардлагагүй болно. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяг, чанартай нэг нь твийтлэгдээд, түгээгдээд, очих ёстой хүндээ очино.

    Гэвч "бич!!!" гэж бичүүлвэл юун нээлттэй систем болоод дуусна. Тэгэхээр оюутнуудыг блог бичих апетитыг нь хөдөлгөх хэрэгтэй, үүнийг нэг дүгээр курсэд нь байхад нь дүрэлзүүлчихвэл 3 жил дахин дахин заах шаардлагагүй.

    Гэхдээ миний хүсч байгаа зүйл бол би КтМС гэдэг сургууль програм хангамжийн чиглэлээр сурч байхдаа тооцоолуурын шинжлэх ухааныг судлахаас биш ирээдүйд ямар хэл ашигтай вэ, ямар компанид орох вэ, яаж халтур хийх вэ, яаж мөнгө олох вэ гэдгийг судламаарагүй байна. Жишээ нь Вэбийн үндэс гэдэг хичээл дээр надад HTML-ээс урьтаж HTTP хүсэлт гэдэг зүйл юу вэ, өгөгдлийн бүтэц дээр Java-аас илүү заагч гэж юу вэ гэдэг тухай үзэхийн хүсч байна. Харамсалтай нь өнөөдөр бид тооцоолуурын ард нэг лап хийтэл суугаад хэдхэн цагийн дотор олчихож болох, тийм ч чухал биш зүйлийг сураад байна, багш нар нь сонирхогчийн түвшний мэдлэгтэй байгаад байна.

    Хөөх баахан зүйл биччихлээ, буруу зүйл бичсэн бол санаатай биш шүү ;)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts