Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #1

Персейдийн солирын борооны үеэр миний камерт орсон солир зургийн баруун дээд талд. Түүний дээд талд Адаг чуулганы мананцар буюу Андромеда галактик. Зүүн талд хүн таван одны орд.

Улс орнууд, тэр дундаа хөгжингүй улсууд яагаад шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулж, ач холбогдол өгдөг вэ? Юуны тулд бидний төлсөн татварыг сансар огторгуй, одон орон, квант физик, хүн ойлгохын эцэсгүй математик гэх мэт бидэнд огт хамааралгүй зүйлд зарцуулна вэ? Мэдээж зарим нээлт, ололтууд бидний өнөөдрийн өдөр тутмын амьдралыг шийдвэрлэж, бидний оршихуй, амьдралтай яригдах хэмжээнд хүртэл ач холбогдолтой байдаг. Гэвч ихэнх нь тийм биш, эсвэл ядаж тийм биш юм шиг бидэнд санагддаг. Гэвч математик, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, нээлт, ололт нь заавал утга учир, ач холбогдолтой байх албагүй.

Хүн төрөлхтний түүхээс үзэхэд үе үеийн эрдэмтэд өөрсдийн сониуч занд хөтлөгдөн, хэрэгт хэрэггүй олон зүйл олж илрүүлж, нээж, судалсан байдаг. Харин эдгээр нь хүн төрөлхтний мэдлэгийн сан гээч юмыг зузаатгаж байдаг бөгөөд уг мэдлэгийн сангаас л дараагийн хөгжлийн шат болох том том үсрэлт, хувьсгалууд бойжиж, бий болдог байна. Жишээ нь тухайн үедээ хэнд ч хэрэггүй зүйл шиг санагдаж байсан анхны тооны нээлт нь хэдэн зууны дараа криптографын үндэс болж, интернэтийн эриний амин чухал тулганы чулуу болох жишээний. Эйнштэйний харьцангуйн онолыг ч анх гарахад нь хүн амьтан ойлгохгүй, тоохгүй байсан гэдэг. Гэтэл одоо бол орчин үеийн физикийн хоёр том баганын нэг. Нөгөө багана нь квантын физик. Эйнштэйнийг амьд байх үед харьцангуйн онолын ач холбогдлыг хүн төрөлхтөн зөвөөр үнэлж чадаагүй нь уг ажлаараа тэрээр нобелийн шагнал хүртээгүйгээс харагдана. Хэрэв Эйнштэйн амьд байсан бол энэ онолоороо нобель авах нь гарцаагүй. Харамсалтай нь нас нөгчсөн хүнд нобелийн шагналыг нөхөж олгодоггүй онцлогтой билээ. Хамгийн хоржоонтой нь тухайн үед Эйнштэйний нобель авсан ажил болох фотоэлектрик эффект гэх ажил нь гэрлийг бөөмлөг гэдгийг баталж, квантын физикт томоохон хувь нэмэр оруулсан ч Эйнштэйн өөрөө квант физикийг үл ойшоож, бүрэн бус, тахир дутуу онол гэж шүүмжилсээр нас нөгчсөн байдаг.

Өдийг хүртэл ихэнх хүн уг хоёр онолын ач холбогдлыг төдийлөн сайн мэдэхгүй ч энэ хоёр онолгүйгээр таны өнөөдрийн оршихуй төсөөлөгдөхийн аргагүй гэж мэд. Талх шарагчаас ихсүүлээд GPS, интернэт, компьютер, гар утас, харилцаа холбоо, лазер гэх мэт зүйлс энэ хоёр онолын л үр шим юм шүү дээ. Гэхдээ санаа зовох хэрэггүй, учир нь Эйнштэйн хүртэл ач холбогдлыг нь тухайн үед үнэлж байгаагүй гэхээр ямархан учир нь үл ойлгогдох зүйлс гэдэг нь харагдаж байна. Тэр ч бүү хэл Эйнштэйн квант физикийг үгүйсгэх гэж ЭПР парадокс гэгдэх эрдмийн ажил хүртэл хэвлүүлсэн байдаг. Хамгийн инээдтэй нь уг эрдмийн ажил нь квант физикийн хөгжилд маш том хувь нэмэр оруулчихсан. Энэ мэт хөгжилтэй, хоржоонтой тохиолдлууд Шрёдингерийн муураас ихсүүлээд нэлээдгүй бий.

Эндээс харахад хүн төрөлхтний хөгжил дэвшил ач холбогдол, үр өгөөж нь тухайн үедээ шууд үл мэдэгдэх зүйлсээс хамаарсан байх нь элбэг. Өнөөдөр бидэнд ач холбогдолгүй мэт энэ бүх эрдэм мэдлэгийн сан ирээдүйд бидний оршихуйг тодорхойлж, хөгжил дэвшлийн дараагийн шат ч болж мэднэ гэдэг нь харагдаж байна. Бидний ирээдүй уг эрдэм мэдлэгийн сан хөмрөг хэр хэмжээний зузаанаас шалтгаалах нь шууд харагдаж байна. Тиймээс аливаа улс өөрсдийн эрдэм шинжилгээний сан хөмрөгийг зузаатгах гэж эрдэмтэд, академиудад хөрөнгө оруулах нь зүйн хэрэг юм.

Тэгвэл одон орон, астрономи юугаараа чухал юм бэ? Манай эриний өмнө, алдарт философич, идеалист Платоны эрин үед эрдэм боловсрол, соёлтой хүний заавал сурах ёстой тулгуур дөрвөн зүйлс нь хөгжим, арифметик, геометр, астрономи байсан гэдэг. Энэ ч утгаараа бүх цаг үеийн хамгийн аугаа эрдэмтэд бүгд тодорхой хэмжээгээр астрономитой зууралдсан байдаг. Аристотел анх сарны хиртэлтээс дэлхий бөөрөнхийг баталж, Галилей телескоп зохион бүтээж, гараг эрхэс, сарны тогоог нүдээрээ үзэж, Ньютон хамаг ертөнцийн таталцлын хуулийг нээж, сар яагаад бидэн дээр унахгүй байгааг тайлбарлаж, Эйнштэйн харьцангуйн онолоороо сансар огторгуйн тайлагдашгүй нууцуудыг тайлж байсан. Одот тэнгэр, сансар огторгуй, ер нь л эргэн тойрноо судлах нь бид хаанаас ирсэн, хаана байгаа, хаашаа явж байгаад хариулт өгөх хамгийн чухал зүйл юм.

Цаг хугацааг хэмжиж, тариа тарих, ургац хураах, анд явах, далайн татралт түлхэлт зэргийг урьдчилан тооцоолох амин шаардлага бидэнд байж ээ. Нар бол өдөр шөнө, өвөл зуныг заах хамгийн чухал цагийн зүү байж. Нар хэр доогуур явж байна гэдгээр улирлыг тооцдог бол сарны хэлбэр ямар байгаагаас далайн татралт, түлхэлтийн хэмжээг, хэзээ болохыг нь тооцож болно. Тэнгэрийг цаг гэвэл нар цагийн зүү, сар минутын зүү гэчихэд ч хол зөрөхгүй. Одод харин тоонууд нь юм. Ийнхүү тэнгэрийг ажиглаж байтал огт хөдөлгөөнгүй орших оддын плакатын дээр нар сарнаас гадна таван од тусдаа хөдлөөд байгааг олж харж ээ. Оддыг бүлэглэж, орд болгон хувааж, элдэв янзын дүрсээр тэднийг илтгэдэг. Нар сарны явдаг замд 12 орд таардаг нь яг л дээрх тэнгэрэн цагийг санагдуулам. Гэвч заримдаа нэг ордонд байсан од алга болчихдог, өөр ордон дээр шинэ од гараад ирдэг байж. Шөнө болгон тасралтгүй ажиглахад тэдгээр одод тодорхой зүй тогтолтойгоор оддын ордууд дундуур тэнээд байж ээ. Тэгэхээр нь тэдэнд тэнүүлчид буюу грекээр планетай гэдэг нэр хайрласан байна. Ингээд тэдгээр тэнүүлчийн оддын хөдөлгөөнийг судалсны эцэст гарагууд болохыг нь олж мэдэв. Өөрөөр хэлбэл тэд од биш, гараг гэсэн үг. Тиймээс гарагийг планет гэж нэрлэдэг байх нь. Ийнхүү тэнгэрт нар, сар, оддоос гадна таван гараг байгааг нээснээр өнөөдрийн бидний мэдэх 7 хоног бий болов. Нар буюу sun day, сар буюу moon day, түүнээс гадна тэдгээр таван гарагийн нэрээр нэрлэгдсэн таван өдрүүд. Эдгээр эрхсүүд оддын наагуур хэрхэн хөдөлж байгаагаар цаг тооллыг хэмждэг байж ээ. Цаг тоолол, тооцоолол, геометр гэх мэт зүйлс ийнхүү одон орны хэмжилтийн зайлшгүй шаардлагаар үүсэж хөгжсөн аж. Тиймээс одон орон судлал бол хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ шаардлагаар үүсэж, яваандаа эрдэм мэдлэг, оюун ухааны гол хөдөлгөх хүч болж ирж ээ. Нар биднийг биш, бид нарыг тойрдог юм байна, тэр ч бүү хэл бусад гарагууд ч нарыг дэлхийтэй ижил тойрдог юм байна гэдгийг олж мэдсэнээр мэдлэг оюун шашны номлолоос ч хөгжингүй болж ирэв. Энэ мэт хөгжсөөр бид огторгуй ертөнц эхлэлтэйг, бүр хэзээ эхэлснийг, тэр ч бүү хэл огторгуй ертөнц хэзээ, хэрхэн мөхөхийг ч урьдчилан хэлэх чадвартай төрөлхтөн болсон аж ээ.

дараагийн нийтлэл Бид хаанаас ирсэн бэ? - Астрофизик ба хүн төрөлхтний ирээдүй #2...

Comments

Popular Posts