Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4

Midjourney: Bitcoin, blockchain --ar 16:9

... өмнөх нийтлэлийг Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3

Өгөгдөл хадгалах хамгийн найдвартай арга бол түүнийг тархаан байршуулж, хэн нэгний өмч бусаар байлгах явдал гэж дээр хэд хэдэн удаа, уншигч таныг залхтал, тоть шиг давтсан. Тэгвэл хэн түүнийг хадгалж, арчилж тордсон зардлыг төлөх юм бэ? Яаж дээрх итгэлцлийн асуудлыг шийдэж, хүмүүс өөрсдийн өгөгдлийг найдвартай хадгалсандаа итгэж, тайван унтаж амарч чадах вэ? Үүнийг тархмал бүртгэлийн технологи буюу Distributed Ledger Technology, товчлоод DLT гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөн олон янзаар DLT-г бүтээж, туршиж, хайж ирсэн ч бүрэн тархмал буюу төвлөрсөн бус болж чадахгүй л байлаа. Харин хамгийн анх Биткойн энэ асуудлыг бүрэн шийдсэн юм. Тархаан байршуулж, бүрэн бүтэн байдлыг нь хянах асуудлыг торренттой адилхан аргаар шийдсэн ба шинээр өгөгдөл нэмж болох уян хатан байдлыг нь блокчэйн гэх технологиор шийджээ. Харин түүнийг хадгалж байгаа оролцогчдыг урамшуулах зорилгоор биткойн гэх мөнгөний системийг бүтээсэн ба энэ нь дээрх бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн. Шинээр нэмэгдэх мэдээллийн батлагчид биткойн гэх шинээр хэвлэгдсэн зоосоор урамшуулал авах ба зоос нь нийлүүлэлтийн хомсдолоор үнэ цэнд орох дефляцийн эдийн засгийн аргачлалтай. Шинээр хэвлэгдэх зоосны хэмжээ улам бүр багасах ба уг зоосны санхүүгийн бүртгэлийг өөрсдийнхөө блокчэйн дээр шийдэж ээ. Блокчэйн нь нэмж л бичиж болохоос устгаж, өөрчлөх боломжгүй өгөгдлийн сан ба үүн дээр биткойны бүртгэлийг хөтөлснөөр биткойн нь хэзээ ч усташгүй бүртгэл бүхий зоос болж буйгаараа онцлог байв. Хэн хэдийг эзэмшиж байгаа, хэнээс хэн рүү, хэзээ, хэдэн биткойн шилжсэн гэх мэдээллүүд блокчэйн дээр үүрд хадгалагдах ба биткойн эзэмшигчид өөрсдийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор өөрсдийн компьютер, сервер, төхөөрөмж дээр блокчэйнийг хадгалж байдаг тул яг л торрент дээр тархсан файл шиг усташгүй болж чадаж байгаа хэрэг. Биткойныг устгахын тулд дэлхий дээрх бүх биткойны блокчэйнийг түгээлцэж байгаа биткойн эзэмшигчдийн компьютер дээрээс блокчэйнүүдийг нь устгаж, унтраах шаардлагатай. Энэ нь мэдээж боломжгүй юм. Чадлаа ч гэсэн ганц л үлдсэн байхад эргээд л гараад ирэх, яг л вирус шиг систем гэсэн үг.

Биткойн ашиглах үед бидэнд итгэлцлийн асуудал үүсдэггүй. Миний мөнгө найдвартай болов уу, энэ хүний өгсөн биткойн жинхэнэ болов уу гэсэн асуудлууд үүсэхгүй тул итгэлцлийн ан цавыг битүүлж буйгаараа онцлог шинж чанартай. Зөвхөн технологид нь итгэхэд хангалттай. Гэвч яаж технологид нь итгэх юм бэ? 1+1=2 гэдэгт итгэж байхад л болно. Учир нь блокчэйн, биткойн нь огт цоо шинэ юм бүтээгээгүй ба хамгийн найдвартай хуучны технологиудыг зөв угсарсан нь л түүнийг цоо шинэ болгож байгаа юм. Өдийг хүртэлх бүх төвлөрсөн байгууллагууд, жишээ нь банк, олон нийтийн сүлжээнүүдийн нууцлал, аюулгүй байдалдаа ашиглаж ирсэн криптограф гэх технологийг ашигладаг. Криптограф нь эртний математикийн тайлагдашгүй нууц дээр тулгуурладаг бөгөөд энэ нууц нь түүнийг тайлах гэсэн үе үеийн топ математикчдын амийг авсаар 3.5 мянган жилийн нүүрийг үзэж буй юм. Энэ бяцхан зүйлд та итгэж чадвал биткойн, блокчэйн гэх зүйлд итгэж ядах зүйлгүй бөгөөд үүн дээр тулгуурлан бусад бүх хүн, байгууллага, бараа үйлчилгээнүүдэд итгэлцлийн шаардлагагүйгээр оролцох боломжтой болох юм.Тэр ч бүү хэл таны хэн гэдэг чинь ч байх шаардлагагүй ба хэн ч биш хүнтэй ч итгэлцлийн харилцаанд орж болж байгаа нь цоо шинэ зүйл юм. Учир нь өмнө нь аюулгүй байдлыг хангахын тулд бүх оролцогчдын мэдээлэл бүртгэлтэй байх шаардлагатай байсан ба энэ нь өөрийн гэсэн сул талуудтай байв. Жишээ нь тухайн хүн нэрээ нууцалж шүгэл үлээсэн байлаа гэхэд шагнал урамшууллыг нь банкаар дамжуулж өгснөөр нууцлал алдагдаж байна. Учир нь банк төвлөрсөн байгууллага тул таныг хэн гэдгийг авлигал өгөх хөрөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хэн нэг нь очиж нэхээд л авчихна. Энэ бүхэнд итгэх аргагүй юм. Нэрээ нууж, хэн гэдгээ мэдэгдүүлэлгүй санхүүгийн харилцаанд орж болдог энэ байдал нь терроризмд хөрөнгө оруулах, хар зах зээл, хүний наймаа, хууль бус гэсэн зүйлсэд ашиглагдах боломжтой нь ойлгомжтой. Гэвч нөгөө талд бидний өдөр тутамдаа ашигладаг бэлэн мөнгө ч ялгаагүй хар зах зээлд ашиглагддаг. Харин биткойн нь анх гарч ирэхдээ электроник бэлэн мөнгө гэж гарч ирсэн байдаг.

Бэлэн мөнгө нь маш олон давуу талтай ч хэд хэдэн сул талтай. Давуу тал нь тухайн хүн бүрэн эзэмшиж болдог, хэн нэгний хараа хяналт, хязгаарлалтгүйгээр захиран зарцуулах боломжтой, ямар нэг бүртгэл үлддэггүй зэрэг юм. Харин сул тал нь биет хэлбэртэй тул интернэт ашиглан гуйвуулах боломжгүй, заавал шуудан ашиглан явуулах тул удаан, зардал болон эрсдэл өндөртэй. Мөн үнгэгдэж урагдах, гээгдэх, хулгайд алдах, дээрэмдүүлэх давхар эрсдэлтэй. Харин банкны онлайн буюу дижитал мөнгө нь онлайнаар шилжүүлж болдог, алга болох эрсдэлгүй ч бүрэн тухайн хүний өмч биш байдаг. Тухайн хүн захиран зарцуулж чадах ч хяналт, хязгаарлалт тавих, хааж боох, битүүмжлэх, хураах, тэр ч бүү хэл сервер доголдох зэрэг шалтгаанаар дураараа захиран зарцуулах боломж нь хязгаарлагддаг. Мөн түүнчлэн хийгдсэн гүйлгээний мэдээлэл үлдэнэ. Энэ нь хувийн нууцлал тал дээр маш эмзэг явдал юм. Мөн л итгэлцлийн асуудал үүсэж байна. Харин Биткойн бол дээрх бэлэн мөнгөний давуу талыг цахим мөнгөний давуу талтай нийлүүлсэн гэсэн үг. Бүрэн өөрөө эзэмшиж, захиран зарцуулна, хэн ч хянаж, цагдаж, хурааж, битүүмжлэхгүй, сервер унахгүй, онлайнаар гүйлгээ хийж болохоос гадна гүйлгээний мэдээлэл нь таны хувийн мэдээллийг ил болгохгүй. Өнөөдөр ч гэсэн олон улсын мөнгөн гуйвуулга хийх нь маш хүндрэлтэй байдаг. Шуудангаар бэлэн мөнгө явуулах, эсвэл олон улсын банкны гуйвуулга ашиглах. Эдгээр нь удаан, бас зардал өндөртэй. Мөн мэдээж тоо хэмжээ болон ажлын өдөр энэ тэр гэсэн хязгаарлалтуудтай. Харин биткойн бол интернэт л орсон бол саран дээрээс ч хамаагүй, хүссэн хэмжээгээрээ, багахан шимтгэлээр хормын дотор л шилжүүлнэ.

Сонирхуулахад бэлэн мөнгө болон дижитал мөнгөнд байдаг маш нарийн ялгаа бол бэлэн мөнгөний дэвсгэрт бүрд хаагуур хаагуур, хэний халаас, сейфээр дамжиж, аль аль улсын ямар ямар банкаар орж гарсан гэх түүхтэй байдаг бол цахим мөнгө нь зүгээр л хооронд нь нэмсэн тоо юм. Энэ ч утгаараа банкин дах чиний мөнгө бол ердөө тоо гэдэг нь маш чухал үг болж хувирдаг. Учир нь орсон бүх мөнгөнүүд нэмэгдээд нэг тоо болох ба гарсан бүх зарлагууд тэндээс хасагддаг. Энэ нь хаанаас ирсэн мөнгө хаашаа явсан гэх санхүү, эдийн засгийн урсгалын маш чухал өгөгдлийг алдаж байгаа явдал юм. Жишээ нь хэрэв бид улсын төсвийг онлайн банк шиг, дижитал аргаар шийдсэн гэвэл таны төлж буй татвар нийт төсвийн хэдэн хувь гэдгээс цааш олигтой, сонирхолтой баримт гарч ирэхгүй юм. Харин биткойн шиг электроник бэлэн мөнгө байдлаар шийдвэл таны өгсөн татвар хаагуур хаагуур, яаж яваад, хэн хэний халаасанд, ямар төрлийн цалин болж орсон, тэр нь цаашаа хаашаа зарцуулагдан эргэж татвар болон төвлөрсөн, эцэст нь танаас гарсан мөнгө ямар замыг туулаад тань дээр эргэн ирж буй зэрэг маш сонирхолтой зүйлс гарч ирэх боломжтой болно. Энэ нь санхүү, эдийн засгийн урсгал, зан төлөвийг тодорхойлоход тун чухал мэдээлэл юм. Хэрэв таны халаасанд америк долларын дэвсгэрт байвал та интернэтээс тухайн дэвсгэрт дэлхийн аль аль банкнуудаар дамжиж тан дээр ирснийг сериал дугаараар нь хайж болдог. Биткойн нь яг л үүн шиг, танд байгаа биткойн анх үүссэн цэгээсээ тан дээр иртлээ аль аль халааснуудаар дамжсаныг блокчэйнээс нь харах боломжтой байдаг. Энэ нь банкнууд ч шийдэж чадаагүй маш гайхалтай хэрэг юм.

Блокчэйн технологи нь зөвхөн биткойны санхүүгийн бүртгэлээс гадна дурын өгөгдлийг өөр дээрээ хадгалж чадна. Жишээ нь компьютерын санах ойг хадгалснаар дурын программ, кодыг ажиллуулах боломжтой. Үүний тод жишээ бол Этериум. Этериум дээр код бичээд, хүссэнээрээ жетон буюу токен хэвлэх боломжтой. Уг токеныг янз бүрээр программчлах маягаар хөрөнгө оруулалт, хувьцаа, урамшуулал, хадгаламж, зээл зэрэг санхүүгийн цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг копи паст хийж чадах цэцэрлэгийн хүүхэд ч гаргах боломжтой болсон явдал юм. ERC-20 гэх стандартаараа бүх токенууд хоорондоо Liquidity Pool-ээр дамжуулан хөрвөж, дурын бирж, хэтэвчинд байрших боломжтой болж байгаа нь цоо шинэ үзэгдэл юм. Энэ бүхэн төвлөрсөн бус, тархмал байдлаар явагдана гэдэг нь одоогийн банк санхүүгийн байгууллагуудын айдсыг төрүүлсээр байна. Мөн түүнчлэн DAO буюу Тархмал Өөртөө Засах Байгууллага гэсэн засаглалын цоо шинэ аргачлалыг ч санал болгож байна. Энэ нь аливаа байгууллага блокчэйн дээр суурилан засаглал, шийдвэр гаргалт, хөрөнгийн хуваарилалтаа хийх боломжийг олгодог. Тэр ч бүү хэл гишүүд нь нэрээ нууцлан оролцох боломжтой байгаа нь хувь хүний хувийн мэдээллийн аюулгүй байдалд тун эерэг зүйл юм. Үүнийг арван жилийн хүүхдүүдийн бүлгэмээс ихсүүлээд СӨХ, компани, банк, нам, засгийн газар гэх мэт дурын шатны, дурын хэлбэрийн байгууллагад ашиглах боломжтой. Ийнхүү төвлөрсөн бус, үл устах, итгэлцэл шаардлагагүй, нэрээ нууцлан оролцож болох байгууллага байх боломжтой болох технологийн боломж бүрдлээ гэсэн үг. Цаашлаад блокчэйн дээр сонгууль явуулж, татвараа токеноор хурааж, төсвийн зарцуулалтыг ил тод, шилэн байдлаар хөтлөх гэх мэт төр засгийн хэмжээнд хийж болох боломжууд тоочоод дундаршгүй.

Америк улс тухайн үеийн геополитикийн давуу байдлыг ашиглан дэлхийн нийт алтыг өөр дээрээ төвлөрүүлснээр дэлхийн санхүү эдийн засгийн удирдлагыг хүчээр гартаа авсан байдаг. Санхүү эдийн засгийн хамгийн том хөдөлгөх хүч бол гүйлгээ, түүнийг амжилттай, аюулгүй хийх хамгийн том хүчин зүйл бол клиринг. Тухайн гүйлгээг давхар зарцуулалт хийлгэхгүй байхын тулд блокчэйн технологиос өмнө заавал хэн нэг төвлөрсөн гуравдагч этгээдийг сонгож, түүгээр гүйлгээг хийлгэдэг байсан. Харин дэлхийн олон улсын хувьд энэ үүргийг Америк хүлээн авсан бөгөөд тэд улс гүрнүүдийн наймааг хийлгэх үгүйг шийдэж, заавал бидний заасан мөнгөн тэмдэгтээр буюу америк доллароор л хий хэмээн тулган шаардаж байж ээ. Нэг талаас улс гүрнүүд бие биедээ итгэж чадахгүй тул аль нэг нь төвлөрсөн клирингийг хийх боломжгүй. Энэ нь улс гүрнүүд нэг бол заавал бодит, физик материалаар, жишээ нь алтаар наймаа хийх, эсвэл тухайн хэсэг бүрийн итгэмжлэгдсэн газрууд тэр хавийн газрууддаа клиринг хийж, тэдгээр төвүүд хоорондоо ам хэлээ ололцох шаардлагатай байх байсан. Хэрэв ингэсэн бол дэлхийн эдийн засгийн эргэлт яг л зөгийн бал шиг өтгөн, урсаж, эргэлдэлгүй гацаж, тэр хэрээр хүн төрөлхтний хөгжил удааширч, зогсох байсан. Энэ өнцгөөсөө Америк хүчээр төвлөрсөн цорын ганц клирингийг дэлхийд хийж өгч байсан нь дэлхийн эдийн засгийн эргэлтийг илүү шингэн, хурдан болгож, тэр хэрээр нийгэм, техник технологийн хөгжлийг хурдасгасан гэж хэлж болно. Харамсалтай нь нөгөө талд хэт төвлөрсөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж эхэлсэн нь бусад улсуудын итгэлийг алдаж, дургүйцэхэд хүргэсэн.

Ихэнх хүмүүс Америкийг долларыг хэт их хэвлэж, инфляц бий болгож байна гэж эндүүрдэг. Алтан долларын стандарт буюу нэг доллар нь нэг грам алттай тэнцүү байсан үед Америк байгаа алтнаасаа 21 сая дахин их доллар хэвлэсэн нь үнэн. Хоёр дахин биш, хорь, хоёр зуу, хоёр сая дахин биш, хорин нэгэн сая дахин их хэвлэнэ гэдэг нь санаанд багтамгүй том луйвар юм. Харин ингэж их хэвлэх нь эдийн засгийн эргэлтийг хөшүүрэгдэж, хурдасгадаг юм байна гэдгийг олж мэдсэн Америк алтан долларын стандартаа цуцалж, модерн эдийн засгийг эхлүүлж ээ. Алтаа авахаар дургүйцэн очерлож байсан улсууд байх ёстой алтнаасаа 21 сая дахин үнэ цэнэ авч ирэх доллартой байгаадаа бараг эсрэгээрээ баярлаж эхэлсэн нь үнэхээр итгэхийн аргагүй үйл явдал юм. Дээрэмдүүлсэндээ баярлаж байгаа мэт. Инфляц бол одоогийн эдийн засгийн эргэлтийг хурдасгах зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Энэ нь маргаашийн уушгинаас өнөөдрийн өөх нь дээр (үгийг гуйвуулсандаа хүлцэл өчье) буюу маргааш гэхэд халаасан дахь доллар минь өнөөдрийнхөөс үнэ цэнэ нь багассан байх тул өнөөдөр би үүнийгээ үрэх нь дээр гэсэн сэтгэлгээгээр худалдан авалт хийж, эдийн засгийн эргэлт бий болгохыг хүчилж байдаг хүч гэж ойлгож болно. Тэгвэл бусад улсууд Америкийн юунд тэгж их дургүйцээд байгаа хэрэг вэ?

Америкийн хийж буй зүйл бол өөрсдийнх нь дургүйг хүргэсэн улсын гадаад гүйлгээг хааж боох, дуртай улс руугаа цэрэг зэвсгийн хүч оруулж, хүссэн зүйлээ булааж авах зэрэг зохисгүй авирууд байсан юм. Дээр нь тэдний далдуур хийж буй санхүүгийн хорон хуйвалдаанууд 2008 оны моргейжийн зээлийн хямралыг өдөөж, энэ нь дэлхий нийтэд нөлөөлж байсан нь тэдэнд бусад улсууд итгэхээ байх гол хүчин зүйл болж байв. Нэгэнт эвдэрсэн итгэл үнэмшил эргэж сэргэх хэцүү ба Америк ч мөн адил нэгэнт амташсан чоно аятай тэр үйлдлээ давтан гаргах нь тодорхой юм. Энэ маягаараа төд удалгүй Америк төвлөрсөн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд бусад их гүрнүүдийн эсэргүүцэл нэмэгдэх нь тодорхой. Жишээ нь Орос Америктай барьцаж Украйныг өөрийн болгох гэж оролдож байхад Хятад мөн адил Тайванийг хоргоож байх жишээтэй. Энэ бүхний эцэст их гүрнүүд шударга бус Америкийн эсрэг хэзээ нэгэн цагт босох нь тодорхой, тэр үед Америкийн төвлөрсөн удирдлага унах нь тодорхой. Гэвч хэн түүний эрх мэдлийг гартаа авах вэ? Аль нэг нь үнэмлэхүй хүчирхэг байж, бусдынхаа өмнө илт давуу байсны үндсэн дээр дээрх төвлөрсөн клиринг хийгдэж, дэлхийн эдийн засаг өмнөх шигээ хурдан, хүчирхэг болно. Гэвч энэ удаад хэн нь ч хэндээ итгэж чадахгүй. Эргээд алтаар наймаа хийдэг эрт галав үе рүүгээ буцаж, хөгжлөө зогсоох уу? Үгүй, энэ бүхний хариулт бол мэдээж Биткойн. Алтыг зөөвөрлөх, хадгалахад зардал өндөр, дээр нь ил тод биш тул бохир алт эдийн засагт нийлүүлэгдэж байх боломжтой. Тэгвэл онлайнаар ч шилжүүлчхэж болох, ямар ч том гүрэн ОК гээд хүлээгээд авчих, гайхалтай ил тод тийм онлайн санхүүгийн хэрэгсэл байвал бүгд л түүнийг ашиглана. Энэ бол улс гүрнүүдийн хооронд, хэн нь ч хэндээ итгэлгүй ашиглаж болох төгс клирингийн хэрэгсэл юм.

Ингээд өгөгдөл гэдэг зүйл бүрэн хамгаалагдаж, хүн төрөлхтөн анх удаагаа өгөгдлийг энтропоос хамгийн найдвартай аргаар хадгалах аргаа олсон нь энэ юм. Өгөгдөл гэдэг зүйл хүн төрөлхтний хувьд чухал нөөц, баялаг. Гэвч шууд үр ашгаа өгөөд эхлэхгүй нь тодорхой. Өгөгдөл ихсэх тусмаа, он цаг өнгөрөх тусмаа, хуучрах тусмаа илүү үнэд орж байдаг. Ирээдүйд улам их өгөгдөл энэ мэтчилэн хуран цугларч, илүү их үнэ цэнийг бүтээж, өмнөх үеийн өгөгдөл музейн үзмэр мэт үнэ цэнэ нь өсөх нь тодорхой. Тэгвэл яаж энэ өгөгдөл ирээдүйд илүү үнэ цэнтэй болох юм бэ?

дараагийн нийтлэл Өгөгдлийг ашиглах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #5...

Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай

Comments

Popular Posts