Технологийн хувьсгалууд - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #1

Midjourney: Technical revolution.

Аж үйлдвэрлэлийн хувьсгал гэж бид мэддэг. Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал гээд л ярьдаг шүү дээ. Тэгвэл аж үйлдвэрлэл биш, техник технологийн өнцгөөс нь аваад үзвэл яах бол? Угаасаа хүн төрөлхтөн аль хэдийн төрөлх гараг дээрээ багтахаа байчихсан. Хөгшин хонины насгүй болсон ч эм тан, нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар үргэлжлүүлэн амьдарсаар байгаа өвчтөн шиг. Бид бол технологийн тусламжтайгаар өнөө маргаашаа дөнгөн данган аргацааж байгаа хөгжиж яваа төрөлхтөн юм. Олон ч удаа бид мөхлийн ирмэг дээр очсон ч тухайн үеийнхээ шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтын үр дүнд ийнхүү оршин байсаар буйг гэрчлэх олон жишээ бий. Тэдний нэгийг дурдвал, дэлхий даяар ногоо тариад ч бид хоол хүнснийхээ хэрэгцээг хангаж дийлэлгүй, хүн амын тоо өлсгөлөнгөөс болж багасаж байхтай зэрэг азотыг хиймлээр гаргаж авах арга нээгдсэнээр газрын үржил шимийг бордоогоор хэд дахин сайжруулж, хураах ургацыг нь арвижуулснаар бид өлсгөлөнгөөс аврагдаж байсан байдаг. Хятад улс генетикийн аргаар будааг хэд дахин их ургуулснаар хүн амынхаа өсөлтийг хүнсээр хангах боломжтой болсон нь өнөөгийн азийн хүн амын өсөлтийг хэвээр нь үлдээж ээ. Гэх мэтчилэн, биднийг үхлийн ирмэгт тулах бүрд ямар нэг гайхалтай тохиол болж, бидэнд цаг хожих шинэ боломжууд гарч ирсээр өдийг хүрсэн. Нэг үгээр яг одоо шинжлэх ухааны бүх нээлт, ололт, техник технологийн хөгжлийг ид шидийн аргаар үгүй хийчихвэл хүн төрөлхтөн төдийлөн удаан тэсэхгүй, бараг тэр дороо устаж үгүй болох болно.

Хамгийн анхны техник технологийн даяар хувьсгал нь хүний булчинг голын урсгалаар халсан юм. Аж үйлдвэрлэлд уг хувьсгалыг хүртэл хүний булчинг ашигласаар ирсэн. Харамсалтай нь хүний булчин тогтвортой бус, мөн удаан байсан тул үр дүн нь жигд бус, цөөн байсан байна. Хүний нийгэм томрохын хэрээр нарийн төвөгтэй болж, ажил үүргийн хуваарилалт шаардагдаж, хүн зөвхөн нэг л зүйлээрээ мэргэших шаардлага үүсэж байсан. Байр сав, хоол унд, хувцас хунарын хэрэглээ үйлдвэрлэлийн түвшинд шилжих тулгамдсан шаардлага үүсэж эхлэх нь ойлгомжтой. Тухайн үеийн нэхмэлийн цехүүд энэ мэт хүний булчинг ашиглан түүхий эд их орсон, цөөхөн, түүнийгээ дагаад маш үнэтэй хувцаснууд үйлдвэрлэж байсан нь хүмүүсийн хувцасны хэрэгцээг хангаж дийлэхээргүй болж ирж ээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд жигдхэн, тасралтгүй хөдөлгөөнөөр нарийн утас ээрч, түүгээрээ түүхий эд багахан орох хямд хувцсыг үйлдвэрлэх ёстой байв. Ингээд голын урсгал дээр хүрд байрлуулан, шаардлагатай байсан жигд, тасралтгүй эргэлтээ гарган авав. Үүнийгээ нэхмэл, ээрмэлийн машиндаа залгаснаар тухайн үеийн утас гайхалтай нарийхан хэр нь бат бөх, олон тооны, мөн цехүүдийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахын аргагүй хямд үнэтэй болж ирснээр хүмүүс өмсөх хувцасны асуудлаас эгнэгт салав. Эндээс машин, технологи, инновац гэсэн цоо шинэ үгнүүд гүйлгээнд орж, тренд болж эхлэв. Харамсалтай нь энэ технологи газар уснаас хамааралтай, голын урсгалын хүчээр хязгаарлагдаж байв. Хүссэн газраа үйлдвэр барих боломжгүй нь түүхий эд, ажиллах хүч, зах зээлээс нь холдуулж, өрсөлдөх чадварыг нь бууруулж байв. Мөн мэдээж бороо хур, голын урсгалаа татруулахгүй байхыг бурхнаас хүсэхээр өөр хийж чадах юу байх билээ. Ган болж, голын урсгал буурвал үйлдвэр хаагдахаас өөр аргагүй гэх мэт.

Дээрх усан технологийн сул талуудыг нөхөж, дараагийн технологийн хувьсгал мандав. Энэ бол уурын хувьсгал. Аж үйлдвэрлэлийн хувьсгалыг бид уурын технологиор л төсөөлдөг шүү дээ. Нүүрс түлж, ус буцалгаснаар гарах уурын хүчийг нь эргэлдэх хөдөлгөөн болгоно. Ингэснээр үйлдвэрүүд газар зүйн хамааралгүй, гол усны хүчээр хязгаарлагддаггүй болж, хүчээ хэд л бол хэд, хүссэн хэмжээндээ хүртэл нэмэгдүүлэх боломжтой болов. Ингэж анх голын эрэг бараадсан жижиг мануфактуруудаас аварга том үйлдвэрүүд бий болов. Үйлдвэрүүд ус бараадахаа байж, түүхий эд, түлш, ажиллах хүч, зах зээлээ бараадах болж, төдий чинээгээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгав. Зөвхөн ээрмэл, нэхмэлийн бүтээгдэхүүнүүдээр хязгаарлагдалгүй, төрөл бүрийн үйлдвэрлэл, тэр ч бүү хэл тээвэр логистикийн салбарт хүртэл хувьсгал хийсний жишээ бол уурын галт тэрэг, усан онгоц юм. Уурын технологийн эринийг нарны гэрэл халхлан нүүгэлтэх, утаа май суунагласан аварга том үйлдвэрүүдээс гадна уурын галт тэрэг, Титаник шиг үлэмж том усан онгоцгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүний хэрэгцээ дундаршгүй гэдэг, хэчнээн супер дупер, төгс мэт ч энэ хувьсгалд ч сул тал бий. Үйлдвэр, галт тэрэг, усан онгоц бүр өөр өөрсдийн хөдөлгүүртэй, түүнийгээ арчилж тордох, нүүрсийг нь зөөх, хадгалах, усаа татах зэрэг дааж давшгүй хүнд ажлууд хаа сайгүй ундарч байв. Үүн дээр хөдөлмөрийн дахин хуваарилалт хийхгүй л бол энэ нь айл болгон цахилгаан станцтай байгаатай ижил утгагүй зүйл болж хувирав. Хэрэв зөвхөн нэг нь л нүүрс зөөж, хадгалж, түлж, ус буцалгах ажлаа хийчихдэг, бусад нь түүнийг нь худалдаж аваад л ашиглачихдаг бол аж үйлдвэрлэл илүү хурдтай, зөв хуваарилалттай болох гээд байсан нь хэн бүхэнд ойлгомжтой байв. Гэхдээ яаж? Нэг том уурын хөдөлгүүр бариад, хөдөлгүүрийнхээ эргэлтийг хэрхэн хол дамжуулах вэ? Галт тэрэг, усан онгоцнуудыг хэрхэн дээрх дааж давшгүй ажлаас чөлөөлөх вэ? Ингээд дахиад л хүн төрөлхтөн цоо шинэ технологийн шийдлийн эрэлд гарав. Мөн нэмж хэлэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт энэ хувьсгалаас эхэлсэн.

AC/DC хамтлагийн дуунуудыг сонсож байхдаа би нэрийнх нь утга учрыг төдийлөн сайн мэддэггүй байж билээ. Осолгүй л тог, цахилгаантай холбоотойг нь мэдэхээс цаашгүй. Дараагийн технологийн хувьсгал бол мэдээж цахилгаан. Томас Эдиссоныг бид гэрлийн ламп бүтээснээр нь сайн мэддэг. Тухайн үедээ зохион бүтээхийг үйлдвэрлэлийн түвшинд хийж, пянз, телефон, фото зураг, ламп зэрэг бидний хөгжлийг тодорхойлж байсан энэ эрхэм дараагийн хувьсгалыг хийсэн юм. Цахилгаан станц, цахилгаан түгээх сүлжээ байгуулж, хот доторх айлуудыг өөрийн зохион бүтээсэн лампаараа гийгүүлэв. Анхны төвлөрсөн цахилгаан станцын санаа нь дээрх асуудлын шийдэл болох нь илэрхий байв. Гэвч Эдисон DC буюу шулуутгасан тогтмол гүйдлийг тахин шүтдэг байсан тул цахилгаан станц нь ийм тогтмол гүйдэл ашигладаг байв. Энэ нь цахилгааныг төдийлөн хол дамжуулж чадахгүй байснаас болж ойр хавийн хэсэгхэн айлаа л эрчим хүчээр хангахаас цааш явсангүй. Харин энэ үед Эдисоны компаниас ажлын гараагаа эхэлсэн Никола Тесла өөрийн үзэл бодлын төлөө Эдисоноос салж, хувьсах буюу AC гүйдлийг ихэд чухалчлан, мотор, радио зэрэг гайхалтай зүйлсийг зохион бүтээж байхдаа цахилгааныг илүү хол дамжуулах боломжтой болгох трансформаторыг ч зохион бүтээв. Тэрээр өөрийн зохион бүтээсэн моторыг Ниаграгийн хүрхрээгээр эргүүлэн хувьсах гүйдлийг гаргаж аваад, түүнийгээ өсгөх трансформатораар оруулан хүчдэлийг нь хэдэн мянган вольт болгон өсгөснөөр гүйдлийн хүч нь энгийн метал утсыг хайлуулахааргүй болгон бууруулж ээ. Харин тог хэрэглэх газраа тухайн өсгөх трансформатораа урвуулан холбож, хүчдэлийг нь бууруулж, гүйдлийн хүчийг хэвийн түвшинд авчирснаар айл гэр, ахуйн хэрэгцээнээс ихсүүлээд томоохон үйлдвэрлэлд хүртэл ашиглах боломжтой болжээ. Энэ аргаар тогийг метал утсаар дамжуулан хэчнээн зуун километрт зөөх боломжтой болсноор нүүрс, усаа бараадсан цахилгаан станцуудаар эргэх хөдөлгөөнийг цахилгаан хүч болгон хөрвүүлж, метал утсаар зөөвөрлөн, үйлдвэрүүд дээр эргүүлэн эргэх хөдөлгөөн болгон ашиглаж, цоо шинэ хөдөлмөрийн хуваарилалтыг бий болгов. Ингээд үйлдвэрүүд нүүрс, ус зэргээс хамааралгүй болж, түүхий эд, ажиллах хүч, зах зээлээ бараадав. Мөн усан цахилгаан станцаа томоохон гол дээр барьж, ямар ч уурын цахилгаан станцыг бараадуулахгүй их хэмжээний эрчим хүч гаргаж чаддаг болов. Өнөөдөр ч гэсэн цахилгаан станцуудыг хүчээр нь эрэмбэлэх юм бол усан цахилгаан станцууд л тэргүүн байруудыг эзэлдэг. Хачин байгаа биз, анхны усан технологи руугаа ингээд эргээд оччихдог. Мэдээж гол усгүй газар нүүрсээ түлж, усаа буцалгах аргаа хэрэглэнэ. Аль аль нь ялгаагүй хувьсах гүйдлийн генератор буюу моторыг эргүүлж тог гаргаж байгаа. Харин уурын хөдөлгүүрт галт тэрэг, усан онгоцыг халж чадсангүй. Ингээд хөөрхий галт тэрэг, усан онгоцнууд нүүрс түлж, ус буцалгах нөр их ажилдаа цахилгаан станцуудтай цуг дарагдсаар хоцорсон юм. Тесла цахилгаан тээврийг хөгжүүлэх гэж оролдож байсан ч тухайн үеийн технологийн хөгжил үр ашгийг нь гаргах хэмжээнд биш байсан хэрэг. Үүнд цахилгаан моторын хүч болон эрчим хүчний нөөцлүүр асуудал болж байв. Өнөөдөр л үр ашигтай цахилгаан тээвэр боломжтой болж, цахилгаан машины үйлдвэрлэл эрчимжээд байна. Илон Маск ийм шалтгаанаар цахилгаан машины компаниа Тесла хэмээн нэрлэсэн нь гарцаагүй.

Дараагийн технологийн даяар хувьсгалыг дотоод шаталт гэнэ. Энэ хувьсгалын ачаар галт тэрэг, усан онгоцнууд уурын хөдөлгүүрээс салж, илүү үр ашиг, хүчин чадалтай, хурд хүчтэй болов. Ийнхүү тээвэр логистик гэх аж үйлдвэрлэлийн судас гэмээр чухал салбарт хувьсгал гарч, эдийн засгийн лонхны хүзүү онгойж ээ. Трактор бий болж хөдөө аж ахуйг хөгжүүлснээр хүнсний асуудал ч жигдрээд явчхав. Авто машин бий болж, хувийн тээвэр морь, морин тэргээр хязгаарлагдахаа байж, айл өрхүүд аялж зугаалах, нүүж суух, хүссэн газар луугаа хол гэлгүй хүлгийн жолоо залдаг болсноор хүн төрөлхтөн орон зайг ялав. Энэ хувьсгалын хамгийн том ололт нь нисэх онгоц байв. Энэ бол тээвэр логистикт хэмжээлшгүй их хурдыг авч ирсэн нь тодорхой. Ингэж газар газрын хүмүүс газар газрын хоол хүнс, жимс ногоог шинэхнээр нь амталж, Монголчууд үзэм биш, усан үзэм идэх боломж бүрдэв. Олон улсын чанартай аялал зугаалга, айлчлалууд хэдэн өдөр, сараар биш, цаг минутаар хэмжигдэх болж, дэлхий улам жижигхэн болов. Мөн шумбагч, танк зэрэг байлдааны хэрэгслүүд ч энэ хувьсгалд багтана. Ингээд ерөнхийдөө хүн төрөлхтөн хүний булчинг бүх салбараас бүрэн халж, хүсэж мөрөөдөж байсан эрин үедээ ирэв. Айл бүр гэртээ нар мандуулж цаг хугацааг, хөлөө дэвсэж, гараа хөдөлгөх төдийд хүссэн газар хүргээд өгөх төмөр хөлгөөрөө орон зайг тус тус ялан дийлж, өглөө бүр дэлхийн нөгөө талаас ирэх шинэ хүнсийг зооглон, утас цохих төдийд тив алгасан бие биедээ айлчилж, нүүдлийн шувууд нисэн үл хүрэх газарт хүний хүүхдүүд нисэх онгоц хөлөглөн хүрдэг болов.

Ингээд л амар сайхандаа жаргачихлаа гэсэн чинь бас нэг хувьсгал үлдэж ээ. Электроник гэдэг нэртэй энэ технологийг цахилгаантай эндүүрмээр сонсогдож байгаа биз. Энэ хувьсгалын гол хөдөлгөх хүч нь транзистор. Бодисуудыг гүйдэл дамжуулдаг метал, үл дамжуулах тусгаарлагч болон энэ хоёрын завсарт орших хагас дамжуулагч хэмээн гурав хувааж болдог. Хагас дамжуулагч нь зарим тохиолдолд гүйдэл дамжуулаад, зарим тохиолдолд тусгаарладаг. Гурван төрлийн ийм хагас дамжуулагчийг нийлүүлж холбосноор транзистор болчихдог. Энэ нь ердөө электрон унтраалга төдий л зүйл юм, яг л бидний өдөр тутам ашигладаг энгийн унтраалга шиг. Гэхдээ бид энгийн унтраалгыг хуруугаараа дарж удирддаг бол транзистор гээч электрон унтраалгыг гүйдлээр удирддаг. Түүнд гүйдэл өгвөл хэлхээг битүүрүүлж, асаана, гүйдэл өгөхөө больчихвол хэлхээг тасалж, унтраана. Энгийн унтраалгаас ялгаатай нь маш жижиг, мөн маш хурдан. Хүний үсийг сая хуваасантай тэнцэх бяцхан тарнзистор секундэд их наяд удаа асааж, унтрааж чадна. Энэ бол солиотой хэрэг юм. Хүний булчин, оюун ухаан, ямар ч дотоод шаталтын, цахилгаан төхөөрөмжүүд ийм жижиг, бас хурдан байх боломжгүй. Бүх мэдээллийг тоо болгож, тэр тоогоо хоёртын буюу 0, 1 гэх хоёрхон цифрээр илэрхийлж болно. Дурын хоёртын тоог дурын хоёртын тоо болгож боловсруулж болох функц оршин байхыг Жорж Буль анх олсон байна. Тиймээс хоёртын тоолол дээрх математикийг Булийн математик гэж нэрлэдэг. Нэг үгээр зөвхөн энэ хоёр цифрээр хорвоо ертөнцийн бүх бодлогыг бодож, мэдээллийг боловсруулж болохыг математик аргаар баталж ээ. Ингэхдээ зөвхөн AND, OR, NOT гэсэн гуравхан энгийн логик үйлдэл ашиглахад хангалттай гээд боддоо.

Дээрхийг хялбар ойлгохын тулд энгийн цахилгаан хэлхээ болон энгийн унтраалга ашиглан тайлбарлая. Цахилгаан хэлхээнд хоёр унтраалга, нэг гэрэл, мөн мэдээж зай байж ээ гэе. Унтраалгыг ар араас нь цувуулан холбосон хэлхээг AND үйлдэл хэмээн нэрлэж болно. Зөвхөн хоёр унтраалгыг зэрэг асаасан үед л хэлхээ битүүрч, гэрэл асна. Бусад бүх тохиолдолд хэлхээ битүүрэхгүй буюу гэрэл асахгүй. Унтраалгын унтраалттай төлөвийг 0, асаалттай төлөвийг 1 гээд, гэрлийн мөн унтраалттай төлөвийг 0, асаалттай төлөвийг 1 гэе. Тэгвэл хоёр унтраалга 1 байсан тохиолдолд гэрэл 1 төлөвтэй болно. Унтраалгыг оролт, гэрлийг гаралт гэж ойлгох хэрэгтэй. Ийм энгийн логик үйлдлийг хэрчигч машинд ашиглаж болно. Ажилчин хэрчигчид хуруугаа тастуулахаас сэргийлж, зөвхөн хоёр талд байх хоёр товчийг хоёр гараараа зэрэг дарж байж л хэрчигч ажиллахаар програмчлахын тулд ердөө товчлууруудыг цувуулан холбоход л хангалттай юм. Энэ бол AND үйлдлийн хамгийн энгийн хэрэглээ. Харин унтраалгуудыг зэрэгцүүлж буюу хэлхээг хоёр салаа болгон салгаж, салаа бүр дээр унтраалгаа холбосон гэе. Ингэснээр аль нэг унтраалга асах үед тухайн салаагаар хэлхээ битүүрч, гэрэл асна. Хоёулаа унтарч байж хэлхээ салж, гэрэл унтрах болно. NOT бол AND, OR хоёроос бага зэрэг ялгаатай. Энгийнээр бол ганц оролт, ганц гаралттай. AND, OR хоёр бол хоёр оролт, ганц гаралттай байсан. Нэг ёсондоо хоёр оролтыг хооронд нь харьцуулдаг гэсэн үг. Харин NOT бол бага зэрэг зөрүүд унтраалга гэж төсөөлж болно. Асаахаар унтраачихдаг, унтраахаар асаачихдаг нэг тийм унтраалга. 1 оруулбал 0 гаргадаг, 0 оруулбал 1 гаргадаг функц гэж ойлгож болно. Ингээд эдгээр логик функцүүдээ нэгийнх нь гаралтыг нөгөөгийнх нь оролт байдлаар ар араас нь угсарснаар нэмэх хасах, үржих хуваахаас ихсүүлээд бодож болох бүх бодлогыг бодох боломжтой. Эцэст нь дээрх энгийн унтраалгуудаа электрон транзисторуудаар сольсноор нүдэнд үл үзэгдэх бяцхан орон зайд, секундэд хэдэн их наяд удаа бодлого бодож, мэдээлэл боловсруулж чадах микрочип угсарч болно. Энэ бол бидний ухаалаг утас, компьютерын гол ажиллах зарчим юм. Энгийн микрочип өнөөдөр хэдэн их наяд транзисторыг дотроо агуулдаг. Нүдэнд үл үзэгдэх нимгэн, жижиг тул түүнийг хамгаалах, нүдэнд харагддаг болгох, эх хавтан дээр бэхлэх зэрэг зориулалтаар гадуур нь хар, дөрвөлжин гэр хийдэг байна. Маш нимгэн тул төдий чинээ тог бага иднэ, түүхий эд бага орж, илүү хямд болно. Хоёр жил тутам микрочип дотор багтах транзисторын тоо хоёр дахин ихэснэ гэж микрочипний үйлдвэрт ажиллах Гордон Мүүр ажигласан ба үүнийг Мүүрийн хууль гэдэг. Ийнхүү хүн төрөлхтөн механик эринээс цоо шинэ эрин рүү шилжиж, микрочип, компьютер, сансрын холбоо, интернэт зэргээр сансрын эрин рүү үсэрсэн юм. Өмнөх технологийн эринүүдэд нүүрс, ус, эрдэс метал зэрэг зөвхөн материаллаг нөөц л чухал байсан бол энэ эринд анх удаа нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах, материаллаг бус, хийсвэр нөөцийг чухалчлах болов. Энэ нь дата буюу өгөгдөл юм. Уг нөөцийн үнэ цэнэ маш их бөгөөд ирээдүйд бүр ч их болох нь тодорхой болсон. Уг цуврал нийтлэлийн гол зорилго бол өгөгдөл гээч энэ онцгой нөөцийг яагаад чухал болох, юу нь үнэ цэнтэй, юуны тулд үүний араас улс орон, бизнесүүд шуурах болсон талаар өгүүлэх юм.

Өнөөдөр бид электроникийн даяар хувьсгалын эрин үед амьдарч байна. Тэгвэл дараагийн технологийн хувьсгал юу байх вэ? Клауд компьютер, генетик, роботик, хиймэл оюун, блокчэйн, квант компьютер гээд олон зүйлс дараагийн хувьсгалд тооцогдон яригддаг. Тэгвэл эдний дундаас хамгийн чухал, бусад зүйлсээ чирч авч явах хувьсгал нь хиймэл оюун юм. Их өгөгдөл, тэр дундаа хиймэл оюун, машин сургалт, нерон сүлжээ, гүн сургалт, цаашлаад квантын хиймэл оюун зэргийг энэ удаа онцлох болно.

дараагийн нийтлэл Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2...

Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай

Comments

Popular Posts