Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2

Midjourney: Cell phone, surveillance, geolocation data, selling us. Futuristic, --ar 16:9

... өмнөх нийтлэлийг Технологийн хувьсгалууд - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #1

Их өгөгдөл буюу биг дата, өгөгдлийн олборлолт буюу дата майнинг гэх үгс чих дэлсээд олон жилийг үдлээ. Эдгээр нь дээр дурдсан хиймэл оюун, гүн сургалтын хамгийн гол түүхий эд тул өгөгдөл гээч зүйлийг олох, хураах, олборлох, хадгалах зэрэг нь залшгүй тулгамдсан асуудлууд болно. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Оюуны нөөц

Өмнө нь бидэнд түлээ нүүрс, газрын тос, эрдэс метал зэрэг материаллаг нөөц илүү чухал байсан бол орчин үед интелектуал буюу оюуны нөөц гэх зүйл илүү чухал болж ирсэн. Энэ нь оюуны өмч, патент, лиценз, худалдааны тэмдэг, брэнд, нэр хүнд зэрэг материаллаг бус нөөцийг хэлдэг. Технологийн акул компаниуд өөрсдийн эзэмшдэг патентын тоогоор өрсөлдөж, улс гүрнүүд өөрсдийн гэсэн худалдааны тэмдэгт бүхий брэнд компаниудаар уралддаг болсон нь илт. Хүн төрөлхтний хөгжлийн явцад маш олон нээлт, ололтууд тухайн үедээ үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байгаагүйгээр барахгүй харин ч бүр эсрэгээрээ хэнд ч хэрэггүй хог хэмээгдэн гадуурхагдаж явсан байдаг. Хамгийн хоржоонтой нь тэдгээрийн зарим нь сүүлд хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлж, хөгжлийг нь дараагийн шатанд үсэртэл нь хөгжүүлж байсан байх жишээтэй. Эндээс үзэхэд хүн төрөлхтөн хөгжихийн тулд заавал үүнд зориулсан, ийм асуудлыг шийдэх гэсэн, ийм үр ашигтай гэж судалж, туршихаас илүүтэй эрдэмтдийн хүсэл эрмэлзэл, сониуч зангаас нь урган гарсан аливаа эрдмийн бүтээлүүдээс бүрдэх мэдлэгийн сан, түүний хэмжээг томруулах нь илүү чухал болох нь харагдаж байна. Ирээдүйд бидний тааж мэдэх аргагүй шинэ асуудал тулгарлаа гэхэд энэ мэдлэгийн сан түүнийг шийдэх хамгийн чухал нөөц болон хувирах нь ойлгомжтой. Жижиг гэлтгүй эрдмийн ажил, оюуны өмчийн патент, бүтээгдэхүүний лиценз зэрэг нь нийлж, нэг том мэдлэгийн сан, нөөц болж хуримтлагдсанаар тэндээс дараагийн хөгжлийн гарц, шат бий болно. Үүнийг олж харсан технологийн компаниуд өөрсдийн ирээдүй, сүр хүч, нэр төрийн төлөө баруун солгойгүй эрдмийн ажил, оюуны өмчийн патентын араас хөөцөлддөг. Энэ нь тэдний үнэлж баршгүй чухал нөөц болж байдаг. Харин өдийг хүртэл эдгээр нээлт, ололт, оюуны бүтээлүүдийг хүн туурвиж ирсэн. Хүний тархи гайхалтай ч гэсэн хязгаарлагдмал. Нэг үгээр хүн төрөлхтний одоогийн мэдлэгийн сан хүний тархи гэдэг лонхны хүзүүгээр дусал дуслаар орж ирэх оюуны нөөц гэсэн үг юм. Уг лонхны хүзүүг тэлэх шийдэл бол мэдээж хиймэл оюун буюу хүний биш, хиймэл тархи. Түүнд хангалттай өгөгдөл, эрчим хүчийг нь өгчих юм бол дээрх оюуны нөөцийг утгаар нь олборлож, хүн төрөлхтний хөгжлийн график хугарч, экспоненциал хөгжилд хүрэх нь тодорхой. Тэгвэл тэр шаардлагатай өгөгдлийг хэрхэн олборлох вэ?

Клауд тооцоолол

Өгөгдлийг олборлох хамгийн гол багаж бол компьютер. Бидэнд их өгөгдөл хэрэгтэй тул хүчтэй компьютер хэрэгтэй гэсэн үг. Компьютерыг хүчин чадлаар нь персонал, кластер, грид, клауд гэж ангилдаг. Хар ухаанаар бол олон персонал компьютерыг нийлүүлж, нэг компьютер мэт хүч нэмэгдүүлэн ажиллуулахыг кластер компьютер гэнэ. Олон кластер компютеруудыг грид, олон грид нийлээд ирэхээр клауд компьютер болдог. Клауд компьютерийн гол онцлог нь зохицуулалт шаардлагагүй болдог явдал юм. Бусад компьютерууд нь балансер болон хүний гар удирдлага зайлшгүй шаарддаг байсан бол клауд компьютер нь өөрөө өөрийгөө аяндаа зохицуулчихдаг тул хүний оролцоо, нэмэлт балансер шаардлагагүй болсон явдал юм. Дэлхий дахинаас интернэтээр дамжуулан өгөгдөл олборлоход клауд компьютер зайлшгүй шаардлагатай. Хамгийн анх CERN гэх байгууллагаас интернэт үүссэн гэдэг. Тэд дэлхий даяар тархан байрших туршилтын лабораториудын өгөгдлийг академиудад хүргэхийн тулд анх дэлхий даяарх компьютерын сүлжээ үүсгэснийг өнөөдөр бид www буюу дэлхийг хирсэн аалзны тор хэмээн нэрийдэн ашиглаж байна. CERN-д тулгарсан өөр нэг том асуудал бол өгөгдөл боловсруулалт юм. Аварга адроны мөргөлдүүлэгчид секундэд 1 петабайт мэдээлэл бий болгодог. Энэ нь секунд бүр 1000 гаран терабайт мэдээлэл үүсдэг гэсэн үг юм. Энд тулгарах хамгийн том асуудал бол өгөгдөл дамжуулах хурднаас гадна тухайн өгөгдлийг хадгалах. Одоогийн техник технологийн боломжоос шалтгаалж ийм өгөгдлийг тийм хурдан хугацаанд хадгалах боломжгүй ба тэд оронд нь хиймэл оюун ашиглаж ээ. Хиймэл оюун сэжигтэй гэсэн өгөгдлүүдийг шүүрдэх үүрэгтэй ба бусад мэдээллийг хадгалалгүй шууд хаядаг байна. Сэжигтэй өгөгдлүүд нь ч нийлээд сая сая гигабайт болох учир түүнийг хадгалах, дэлхий даяар тараах, боловсруулах зэргээр супер компьютер зайлшгүй хэрэг болж байв. Ийнхүү тэд анх клауд технологийн анхдагч болох дэлхий даяар ажиллах чадвартай гаргийн хэмжээний компьютерыг бүтээсэн юм. Ийнхүү физик, эгэл бөөмийн туршилт хийдэг CERN гэх байгууллага өөрсдөд тулгарсан асуудлаа шийдэхийн тулд хүн төрөлхтөнд интернэт, клауд компьютер, хиймэл оюун зэрэг бэлгүүдийг барьсныг нь өнөөдөр бид ашиглаад сууж байна. Өнөөдөр их өгөгдлийг эзэмшиж буй хамгийн том компаниудын нэрс аль хэдийнээ бидний чихэнд танил болж, өдөр тутмын амьдралтай маань салшгүй холбоотой болсон. Амазон, Гүүгл, Майкрософт. Тэд бүгд клауд компьютероор дамжуулан интернэтээс өгөгдөл хураах уурхайнууд юм.

Олон нийтийн сүлжээнүүд

Facebook, Twitter, Google бидэнд яагаад үйлчилгээгээ үнэгүй ашиглуулдаг юм бол. Тэнгэрт тулсан хүчирхэг клауд компьютер ажиллуулж, сансарт тулсан өндөр зардлаар бидэнд юуны тулд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ вэ? Бидний найз нөхөд, дэлхий нийт, мэдээллийн эх үүсвэртэй холбох гэж юунд тэд ингэж хичээнэ вэ? Мэдээж хариулт нь өгөгдөл. Өгөгдөл бол мэдээллийн эрин зуунд шинэ төрлийн алт юм, газрын тос гэх нь ч бий. Энэ алтыг аль болох ихийг хурааж, аль болох удаан хадгалснаар ирээдүйд үнэлэгдэх үнэлэмж нь нэмэгдэнэ. Одоогийн байдлаар тэд олборлосон өгөгдлөө бизнес, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа ч энэ нь тэдний эцсийн зорилго биш нь тодорхой. Эцсийн зорилго бол тэд ердөө өгөгдөлтэй л болох. Бидний тэдэнд өгч буй пост, коммент, лайк, найзын хүрээлэл, сонирхол, хайлт, шэйр, тэр ч бүү хэл бидний скролл, хуулганы хөдөлгөөн, байршил гээд бүгд тэдэнд өгч буй бидний үнэт эрдэнүүд юм. Мэдээж бид хариуд нь үнэгүй үйлчилгээ авч байгаа. Гэвч нөгөө талдаа бид тэдний бүтээгдэхүүн юм.

Бидний өгсөн өгөгдөл дээр тулгуурлан тэд биднийг бизнесийн болон улс төрийн байгууллагуудад борлуулдаг. Ашгийг нь мэдээж тэд хүртэнэ. Бидний ямар бүтээгдэхүүн дээр лайк дарж, шэйрлэсэн, ямар хүсэл сонирхолтой хүнтэй найз нөхөр, тэдэнтэй ямар төрлийн харьцаатай, ихэнхдээ хаагуур явдаг зэрэг нь бизнесийн байгууллагуудад борлуулалт хийх үнэлж баршгүй чухал мэдээлэл юм. Өмнө нь масс медиагаар дамжуулж, үр ашиг багатай сурталчилгаа явуулдаг байсан бол үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд зөвхөн худалдан авах боломж бүхий хүмүүсийг онилох нь хамгийн чухал нь мэдээж. Улс төрчид иргэдийн саналыг авахын тулд дахиад л тэдний зан төлөв, сэтгэлгээ, юу хайж, юу боддог, хэнтэй нөхөрлөж, ямар ажил хийж, хаана амьдардаг гэх зэрэг өгөгдлүүд тэднийг хэн бидэнд санал өгөх, хэн бидэнд өгөхгүй, хэн нь бидэнд өгөх боломжтой гэдгийг ялгаж салгаж, тусгайлсан маркетинг хийхэд тус болно.

Хиймэл оюун хөгжөөд, уран зураг, дуу хөгжим, яруу найраг оролддог болсон. Зурсан зураг, бүтээл нь хүн төрөлхтнийг гайхшируулаад эхэлснийг Midjourney-гоос харж болно. Зүгээр л текстээ өгөөд л, оронд нь дөрвөн төрлийн бүтээл зуруулж авна. Тэр дөрвийнхөө нэгийг сонгож дахин дөрвөн хувилбар зуруулсан ч болно. Гэх маягаар цаана нь хиймэл оюун суучихсан, аан, хүнд ийм зураг таалагддаг юм байна гээд суралцаад байж байгаа. Эдгээр цуврал нийтлэлийн постер зургуудыг ч мөн Midjourney-гаар зуруулсан байгааг та анзаарсан байх. Тэгвэл зөвхөн тухайн хүнд зориулсан дизайн, текст бүхий сурталчилгааг үзүүлбэл ямар вэ? Кэмбриж Аналитикагийн Трампыг ялуулсан арга бол дээрх аргаар хүмүүсийн өгөгдлөөс тухайн хүний хандлагыг тодорхойлж, сэтгэл зүйн аргаар тэдэнд нөлөөлснөөр хэнд саналаа өгөхөө мэдэхгүй байгаа бүлгийг өөрсдийн тал руу эргүүлэх байсан юм. Тэд хүмүүсийг OCEAN гэх тавхан сэтгэл зүйн бүлэгт хуваасан бөгөөд маркетингийн ажил нь тэр таван бүлэг рүү чиглэсэн байсан. Харин хиймэл оюун хөгжиж, илүү бага өгөгдөл, эрчим хүчээр ажилладаг болж, дээр нь өгөгдөл, эрчим хүч, хүчин чадал нь нэмэгдэхийн хирээр зөвхөн тухайн хүнд зориулсан маркетингийг хийх нөхцөл бүрдэх юм. Нэг үгээр бидэнд саналаа өгөх боломжтой хүмүүсийг тэдний өгөгдлийг ашиглан шигшиж гаргаж ирээд, ямар тексттэй, ямар график дизайнтай пост харвал бидэнд саналаа өгөхийг нь Midjourney шиг уран бүтээлч хиймэл оюунд даатгах юм. Эндээс хэн нь сонгуульд ялж, хэн нь эдийн засгийн өрсөлдөөнд дийлэхийг харж болохоор байна. Мэдээж их өгөгдөлтэй нь. Гэвч энэ бол зөвхөн ил хэсэг нь. Үнэндээ засгийн газрууд бидний аюулгүй байдал нэрийн дор биднийг тэдний төлөө өгөгдөл бүтээгч боолууд болгон хувиргасан.

Тандалт

3G, 4G, 5G. Энэ бол зүгээр ч нэг ихсээд байгаа тоо биш юм. 1G бол зөвхөн ярьж л болдог үүрэн холбооны технологи. Утас шөрмөсөөр хязгаарлагдаж, хазаарлагддаггүй эрх чөлөөг санал болгож байгаа нь бидний хувьд гайхалтай хэрэг. Бүгд л үүнийг хүсэх нь тодорхой. Харин засгийн газрууд, үүрэн холбооны операторуудын анхаарлыг тэс ондоо зүйл татжээ. Энэ бол геолокац буюу байршил. Өмнөх холбооны хэрэгсэл нь нэг газар бэхлэгдсэн, тэндээсээ хөдөлдөггүй байсан. Харин энэ удаад гэрийнх нь нэг ширээн дээр бус, халаасанд нь холбооны хэрэгсэл багтдаг, хүнтэйгээ цуг дурын газар луу нь дагаад явдаг болсон. Үүрэн холбооны антен бүр тухайн дугаар бүхий утас надаас хир хол байна гэдэг мэдээллийг өөр дээрээ хадгалж байдаг. Физикт долгионы эх үүсвэрийн хүч нь зайны урвуу квадратын хуулиар буурдаг. Уг онол ёсоор тухайн утасны сигналын хүчийг хэмжсэнээр антенаас хэдий хэр хол байгааг нь мэдэж болдог. Антен бүрд өөрсдийн мэдрэх хүрээнд орж ирсэн утаснуудын ийм зайны мэдээлэл хадгалагдаж байдаг гэсэн үг. Тэгвэл аль нэг дугаарыг сонгож аваад, антен бүр дээр тухайн зайгаар нь радиус зурахад тухайн мөчид тэр утас хаана байсан гэх мэдээлэл гараад ирдэг. Үүнийг триангуляц гэдэг, гурвалжлах гэж хэлж болох юм. Дугаар бүхий нэгэн утас антенаас тэдэн метр зайд байсан гэвэл тухайн антены байгаа байршил дээр эхтэй, эргэн тойронд нь тэдэн метрийн радиус бүхий тойрог зурагдана. Утас энэ тойргийн аль нэг захад байсан гэсэн үг. Тэгвэл тэр тойргийн яг аль цэг дээр байсныг мэдэхийн тулд ойр хавийн өөр нэг антены бүртгэлээс тухайн мөчид тухайн дугаарын байршлаар өөр нэг тойрог татна. Хоёр тойрог ихэнхдээ хоёр цэгээр огтлолцох ба энэ хоёр цэгийн алин дээр байсныг мэдэхийн тулд гурав дах антен дээр дээрх үйлдлийг давтан хийнэ. Ингээд тэр дугаарын маш тодорхой байршил гараад ирнэ. Уг үйлдлийг хором бүр хийснээр дугаар бүрийн хаагуур хаагуур, яаж явсан гэх замын мэдээлэл, хаана очоод хир удсан гэх байршлын мэдээллийг гаргаж ирж болдог. Засгийн газруудын ард иргэдийнхээ аюулгүй байдал нэрийн дор цуглуулж буй уг мэдээлэл эрх мэдэл бүхий хүмүүсийн тагнуулын хэрэгсэл болж, үүрэн холбооны операторуудын гол бизнесийн хэрэгсэл болдог. Тухайн хүний байршлын мэдээлэл нь бизнесийн байгууллагуудад борлуулалт хийх хамгийн чухал өгөгдөл болж өгдөг. Тиймдээ ч байршлын мэдээлэл хэзээнээс төрийн болон бизнесийн байгууллагуудын сонирхол байсаар ирсэн.

Үүний дараа 2G. Зөвхөн ярихаас гадна SMS буюу текст мессеж бичдэг болсон үе. Энэ үеийн технологийн бидний анзаардаггүй хэсэг бол SMS. Үүнийг бид зөвхөн хүмүүс хоорондоо зурвас дамжуулах зориулалттай л гэж боддог байсан. Гэвч үүгээр компьютерүүд ч хоорондоо холбогдож чаддаг. Үүнийг SMS протокол гэж нэрлэдэг. Үүрэн холбооны оператор нь SMS-р дамжуулж SIM карттай харьцаж чадах ба дотор нь дурын программыг суулгах, түүгээрээ дамжуулан тухайн утсыг чагнах, тагнах хэрэгсэл болгон ашиглах боломжтой. SIM картад утасны микрофонд хандах эрх нээлттэй байдаг. Энэ нь ч араггүй юм, утсаар ярих үед ийм эрх зайлшгүй нээлттэй байх шаардлагатай. Тэгвэл таны мэдээгүй байхад SMS-р дамжуулан чагнах программ суулгаж, таныг чагнаж байгаад, таныг мэдээд, шалгах гэх хооронд түүнийг устгачхаж болдог. Энэ бүхэнд таны ямар ч оролцоо шаардлагагүй ба бүгд ямар ч ул мөр, чимээ, гэрэл гаргалгүй хийгддэг тул хэн ч анзаарах боломжгүй. Энэ мэтчилэн бидэнд санал болгож буй шинэ технологийн боломжууд нь дээрх нөхдийн атгаг, гаж сонирхолтой уялдаж чадвал дэлхийн хэмжээнд нэвтэрч чаддаг болох нь харагдаж байна. Тухайн улсын, эсвэл олон улсын эрх мэдэл бүхий тагнуулын байгууллагуудад тухайн хүний байршил, ярианд хандах эрх нь байхаас гадна операторууд түүгээр нь хангах үүрэгтэй байдаг. Тэр ч утгаар дэлхий даяарх утаснуудын байршлын мэдээллүүд усталгүй хадгалагдаж байдаг ба ингэхийг ч үүрэгддэг. Угаасаа ямар тэнэг нь ийм чухал, үнэ цэнтэй мэдээллийг устгая гэж бодох вэ дээ. Тэр ч бүү хэл тэдэнд биднийг чагнах эрх хүртэл нээлттэй байгаа нь нууц биш.

Тэгвэл 3G юугаараа онцлог вэ? Дээрх байгууллагуудад хүний байршлын мэдээллийг 2G технологиор дамжуулан авах нь хэтэрхий болхи, нарийвчлал муутай болж ирж ээ. Учир нь байршлын мэдээллийг авах интервал нь хэдэн минутаар хэмжигддэг. Энэ хэдэн минутын хооронд тухайн хүн хаагуур яаж явсан нь тодорхойгүй үлддэг. Илүү нарийвчлал өндөртэй мэдээлэл авахын тулд тэд интернэтийг ашиглахаар шийдэж ээ. Таны халаасанд байгаа холбооны хэрэгслээр интернэт орж болдог бол ямар вэ? Мэдээж гайхалтай. Гэвч… таны суулгасан аппликэйшн бүр, таныг датагаа асаасан байх үед секунд бүр таны байршлын мэдээллийг авч байдаг. Энэ нь мэдээж таны хэрэглээ, хэрэгцээг хангахын тулд гэх өнгөлөн далдлалттай хийгдэх нь ойлгомжтой. Тантай ойрхон явж байгаа найзыг тань харуулах гэсэн юм, таны гүйлт, алхалтыг хэмжих гэсэн юм, таны эргэн тойрон дахь ресторануудыг харуулах гэсэн юм гэсэн аппликэйшнүүдийн цаана секундийн интервал бүхий өндөр нарийвчлалтай байршлын мэдээлэл явах ашиг сонирхол явж байдаг. Снөүдэн бидэнд тэдний ПРИЗМ гэх тагнуулын аппаратны талаар ил болгож өгснийг санаж байгаа байх. Энэ аппарат нь та бидний мэдэх Google, Apple, Facebook, Twitter гээд бүх аппликэйшнүүд бидний байршил, микрофон, камер зэрэгт хандах эрхээрээ дамжуулан таныг тагнах зорилготой. Эдгээр эрхийг та өгөхгүй бол үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй бөгөөд тэд илүү чанартай, сайн үйлчилгээний төлөө эдгээр эрхийг нээж өгөхийг шаарддаг.

4G? Байршлын мэдээлэл хурдан явах үед алдагдаад байж. Хурдны галт тэрэг, эсвэл машинд суугаад давхих үед дата тасалддаг явдал нь байршлын мэдээллийн чанарыг унагаж байв. Тэгвэл хэчнээн хурдтай явсан ч тасалдалгүй, тэдний мэдээллийг нарийвчлалтай бүртгэж байхын тулд хөдөлгөөнт долгионы эх үүсвэрээс үүсдэг допплер эффектийг шийдвэрлэсэн шинэ технологийг санал болгов. Та хурдны галт тэрэг, хурдан машинд суугаад салхи татуулан давхиж байхдаа ч интернэтэд тасалдалгүй орж, ажил төрлөө амжуулж, гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаа холбоогоо таслахгүй байхыг хүсэж байна уу? Тэгвэл та 4G LTE технологийг сонгоорой. Энэ нь цаагуураа та хурдан явсан ч байршлын мэдээллээ нарийвчлал өндөртэй өгч, өөрийгөө илүү нарийн тагнуулмаар байна уу? гэсэн л асуулт шүү дээ. Тэгвэл 4G LTE таны энэ гаж хүслийг чинь хангаж өгөх болно. Эцэст нь нэг том асуудал үлдлээ.

Өдийг хүртэлх байршлын мэдээлэл бол 2 хэмжээст буюу хавтгай дээрх мэдээлэл юм. Өндөр барилга байшин бүхий хотод бид 3 хэмжээст ертөнцөд амьдарч байгаа. Таны хаана байгааг мэдчихээд хэдэн давхарт байгааг мэдэхгүй хоцорно гэдэг бол таныг хаана байгааг мэдэхгүйтэй адил юм. Тиймээс өндрийн мэдээллийг мэдрэхийн тулд тэдний зохиосон дараагийн технологи бол мэдээж 5G. Өмнөх технологийн антенууд зөвхөн нэг л цэг дээр хүлээн авдаг байсан бол энэ удаад хүснэгтлэн өрсөн олон цэгүүд дээр долгион бүртгэн авна. Үүнийг голограм технологи гэх бөгөөд долгионы эх үүсвэрийг 3 хэмжээст байдлаар бүртгэн авдаг. Харин тэдний бидэнд санал болгож буй давуу тал бол хурд. 4G байтугай бидний кабелиар авдаг интернэтээс ч өндөр хурдыг бидэнд санал болгож байгаа. Энэ нь зөвхөн тухайн утсанд зориулж цацах технологи юм. Гарын алганы хэмжээнд маш олон антенуудыг хүснэгтлэн өрж тавиад, долгионы фазын ялгааг нь ашиглан хүссэн чиглэл рүүгээ долгион цацаж чадна. Үүнийг бийм форминг гэдэг, цацрагийг чиглүүлэх гэж орчуулж болох юм. Өмнөх антенууд нэг цэгээс бүх чиглэл рүү цацдаг байсан бол энэ удаад чиглүүлж байгаад, зөвхөн тэр зүг рүү л цацах юм. Зөвхөн таны утсанд зориулан, яг л лазераар чиглүүлээд буудаж байгаатай ижил тань руу онилсон сигналыг л явуулна. Ингэснээр сигналын дисперс буюу сарнилт, суналт үгүй болж, илүү хурдан болох боломжтой болоод байгаа хэрэг. Эсрэгээрээ дээр дурдсанчлан таныг яг хаахна байгааг, байшингийн хэдэн давхар, аль өрөөнд байгааг мэдээд авчхаж байгаа хэрэг. Гэх мэтчилэн таныг аль болох нарийн тагнаж, танаас аль болох их өгөгдөл сорохын тулд л техник технологи хөгжиж байгааг харж болохоор байна.

дараагийн нийтлэл Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3...

Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай

Comments

Popular Posts