Өгөгдлийг хадгалах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #3

Midjourney: Cosmic ray flips bit of computer memory. Article poster --ar 16:9

... өмнөх нийтлэлийг Өгөгдлийг хураах - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #2

Өгөгдөл хураачихлаа, өгөгдөлтэй болчихлоо. Одоо тэгээд яах вэ? Дараагийн хамгийн том асуудал бол хадгалалт. Компьютерын тооцоолон бодох хүчин чадлаас гадна өгөгдөл хадгалах ч мөн ижил хурцадмал асуудал болдог. Одоогийн техник технологийн хөгжил хэдий өндөр ч цуглуулсан тэр их өгөгдлийг хадгалахад хэтэрхий зардал өндөртэй. Тэр ч бүү хэл багахан хэмжээний өгөгдлийг ч хадгаллаа гэхэд хэр найдвартай вэ гэдэг асуулт маш ээдрээтэй.

Зардал эсвэл аюулгүй байдал

Хөрөнгө мөнгө, хөлс хөдөлмөрөө гарган хураасан өгөгдлөө хадгалахад хоёр хүчин зүйлийн алтан дунджийг олох шаардлага үүснэ. Нэг талд өгөгдлийг удаан хугацаанд хадгалах зардал, нөгөө талд аюулгүй байдал. Санаатай санаандгүй аливаа үйлдлээс болж өгөгдөл устах, алдагдах эрсдэл байнга явж байдаг. Анх компьютер үүсэж байх үед хэзээ ч хүн төрөлхтөн компьютертой болж чадахгүй гэх айдсыг дагуулсан нэг үйл явдал болж байсан нь сансрын цацраг юм. Иргэдийн тооллогын үеэр ашиглаж байсан компьютер дээр ганцхан бит солигдсоноос болж статистикийн будилаан үүссэн байдаг. Үүнийг юунаас болсныг нарийн сайн шалгасны эцэст сансраас ирсэн цэнэгтэй, өндөр хурд бүхий бөөм санах ойн нэг үүрийг хүчтэй ирж мөргөснөөр тэнд хадгалагдаж байсан нэг битийг сольчихсон аж. Үүнийг сансрын бит эргүүлэлт буюу космик бит-флип гэдэг. Ингээд судлаад үзтэл тийм аюулт сумнууд хаа нэгтээ оддын тэсрэлт, суперновагаас үүсдэг ба сансрын бүх талаас, тасралтгүй, мөндөр мэт орж байдгийг олж тогтоож ээ. Ингээд компьютертой болох хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл бөхөхийн даваан дээр шадар гурван бит гарч ирээд компьютерын хөгжил эргэн сэргэсэн юм. Зарчим нь бит бүрийг гурав хувилна, тэдний аль нэг бит солигдлоо гэхэд нөгөө хоёр битээр нь харгалзуулж шалгах юм. Гурван бит гурвуулаа ижил байх ёстой ба аль нэг нь солигдсон бол сансрын мөндөрт оногдсон гэсэн үг. Ингээд нөгөө хоёр битээр нь түүнийг сольсноор өгөгдөл сэргэнэ. Хоёр бит нэгэн зэрэг солигдох үед энэ арга ажиллахаа байх ч гэсэн ийм тохиолдол маш, бүр маш ховор. Бүр үнэхээр тийм магадлалаас ч зайлс хийе гэвэл өгөгдлөө аль болох ойр ойрхон шалгаж эмчилснээр ийм магадлалыг хязгааргүй бууруулж болно. СпэйсИксийн Драгон гэх капсулд энэ асуудал гарсан ба агаар мандлын гадна талд ийм мөндөр илүү их байдаг аж. Манай агаар мандал бол сансрын хорт мөндрөөс хамгаалах бамбай гэж ойлгож болохоор байна. СпэйсИкс дээрх асуудлыг шийдэхдээ капсулын компьютерыг гурав болгоод, яг ижил тооцооллыг хийлгээд, үр дүнг нь харгалзуулж авснаар задгай сансрын мөндөрөн шуурганд ч компьютероо зөв ажиллуулж чадаж ээ. Гэвч үүний нэг сул тал нь компьютерын санах ойн багтаамжийг гурав дахин буруулж, тооцоолох ачааллыг нэмэгдүүлж буй явдал юм. Зураг, дуу, дүрс зэрэг өгөгдөлд ийм хамгаалалт төдийлөн шаардлагагүй ч компьютерын код, санхүүгийн бүртгэл зэрэг өөрчлөлтөд хэт мэдрэг өгөгдлүүдийг зайлшгүй энэ мэт хадгалах шаардлагатай. Сүүлд хамминг код гэх мэт илүү бага бит ашиглан олон битүүдийг хамгаалах арга гарч ирснээр өнөөдөр бид түүнийг нь ашиглан аюул осолгүй өгөгдлүүдээ хадгалж, интернэт ухаад суух боломжтой болсон байна. Энэ бол ердөө л эхлэл юм. Хадгалагдаж буй өгөгдөлд төхөөрөмжийн болон программ хангамжийн алдаа, хүний санаатай болон санаандгүй буруу үйлдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс ихсүүлээд эдийн засаг, санхүүгийн хүртэл эрсдэлүүд нүүрлэж байдаг.

Төвлөрлийн эмзэг байдал

Орон зайн болон эрх мэдлийн төвлөрлөөс болж өгөгдөлд учрах эрсдэл нэмэгддэг бол түүнийг бууруулахын тулд уг төвлөрлийг задалж, олон хуулбаруудыг бий болгож, олон газар тархаан байршуулах, олон компаниудад эзэмшүүлэх зэргээр даван гарах боломжтой. Гэвч энэ нь дээрх шадар гурвын арга шиг өгөгдлийн хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр зардлыг ихэсгэнэ. Нэг талд олон хувааж олон газар байршуулснаар материаллаг эрсдэлээс сэргийлж байгаа ч нөгөө талд зардлыг нэмэгдүүлснээр түүнийг эзэмшиж буй компанийг эдийн засаг, санхүүгийн эрсдэлд оруулж, дампууруулах, дампуурснаар өгөгдлийг хадгалж буй зардлыг төлөх компанигүй болсноор өгөгдөл устах эрсдэлд орж байна. Энэ бүхний алтан дунджийг олох нь тухайн өгөгдлийн төрөл, компанийн бизнес модель зэрэг хүчин зүйлсээс шалтгаалах нь тодорхой. Эндээс өгөгдөл хадгалалтад учирч буй хамгийн том эрсдэл бол төвлөрөл гэдэг нь харагдаж байна. Орон зайн төвлөрөл болон эрх мэдлийн төвлөрөл зэрэг нь энэ мэт эмзэг байдлыг бий болгож байдаг. Жишээ нь санхүүгийн байгууллагын хадгаламж, зээлийн бүртгэлийн мэдээлэл зөвхөн тухайн компанийн оффисын доорх серверт л хадгалагддаг бол тэдэнд өртэй хүмүүс тэр оффисыг бөмбөгдөхөд л тухайн санхүүгийн байгууллага хэнээс хэдийн авлагатай гэх мэдээллээ алдсанаар дефолт болж, зээл авсан нөхөд өргүй болж, хадгаламж эзэмшигчид өөрсдийн хөрөнгийг алдах боломжтой болж байна. Тэгвэл уг мэдээллээ дэлхий даяар олон серверүүд дээр хуулж байсан бол ийм асуудал анхнаасаа үүсэхгүй. Өөр нэг жишээ дурдахад хүмүүсийн фото зургийг хадгалдаг компани байлаа гэхэд тэдгээр зургуудын физикал аюулгүй байдлыг хангахын тулд хэт олон газар тархаан байршуулж, түүнээсээ болж өндөр зардалд унаж, хэрэглэгчдэдээ хэт үнэтэй үйлчилгээ санал болгосноор хэрэглэгчгүй болж, санхүүгийн хувьд дампуурснаар зургуудын зардлыг төлж чадалгүй устгах эрсдэлтэй. Энэ бол эрх мэдлийн төвлөрлийн үүсгэх эмзэг байдал. Тэгвэл энэ бүх төвлөрлийн эмзэг байдлуудыг хэрхэн буталж, илүү найдвартай хадгалах вэ?

Төвлөрлийг бутлах

Өгөгдлийг хадгалах хамгийн шалгарсан, найдвартай арга бол тархаан байршуулах явдал. Өндгөө олон саванд хий гэх санхүүгийн зөвлөгөө өгөгдөл хадгалах дээр ч биелдэг. Анх интернэт бий болохдоо төвлөрсөн бус бүтэцтэй хийгдэж байж ээ. Peer-to-peer буюу сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн сүлжээн дээр интернэт ажиллахаар хийгдэж байж. BitTorrent нь үүний нэг жишээ юм. Торрентод холбогдсон компьютерууд бие биедээ төвлөрсөн бус, тархмал байдлаар файл хуваалцах, үүнийг нь хэн нэгэн унтраах, хянаж цагдах, зогсоох ямар ч боломжгүй байдаг. Одоо хүртэл ашиглагдаж буй уг технологи нь дэлхийн эрх зүйн байгууллагуудын шүдний өвчин болсоор байдаг ч өдий хүртэл шийдэгдэх боломжгүй хэвээр л байна. Оюуны өмчийн зөрчилтэй, садар самуун, хууль бус хулгайн мэдээллүүд түүгээр гэрлийн хурдаар, дэлхийг хэрэн аж төрж байна. Тэгэхээр интернэт анх торрент шиг ажилладаг байхаар зохион бүтээгдэж байсан гэсэн үг. Тодорхой тохиолдолд ашиглах зорилгоор төвлөрсөн сервертэй бүтцийг ажиллуулж чадахаар хийгдэж л дээ. Энэ үед хүн төрөлхтөн интернэтээс юуг хүсэн хүлээж байсан бэ гэвэл аливаа засгийн газар, банк, төвлөрсөн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр, яг л бэлэн мөнгөөр наймаа хийж байгаа юм шиг интернэт орчинд, дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэх боломжтой болох явдал байв. Энэ ч утгаараа энэ нь хувьсгал авч ирнэ гэсэн итгэл үнэмшил дээр интернэтийн шинэхэн компаниудын хувьцаа тэнгэр баганадан өсөж, цахиурын хөндий дэлхийн хамгийн үнэтэй газруудын нэг болов. Огцом баяжсан интернэтийн компаниуд баруун солгойгүй мөнгийг цацан баярхаж, тэр хэрээрээ тэдэн рүү цутгах мөнгө төдий чинээ ихсэх маягаар уг зах зээл алаагүй баавгайн арьсан дээр хөөрсөн хөөсрөлт болон хувирав. Гэвч аль ч компани хүмүүсийн хүсэж байсан тэр зүйлийг өгч чадсангүй. Ингээд хөөс хагарч, зах зээл тэр чигтээ нуран унаснаар интернэтийн стартап компаниуд шил дараалан дампуурцгаав. Уг үйл явдлыг онцлон дот ком хөөс гэж нэрлэдэг. Эндээс торж, торойж үлдсэн хэдхэн компани гэвэл Амазон, Гүүгл, IBM, eBay гэх мэт хуруу дарам цөөн. Тэдгээрийн амьд үлдсэн гол шалтгаан бол дээрх сервер-клиент буюу төвлөрсөн серверээр дамжуулан үйлчилгээ үзүүлсэн явдал байв. Ингээд анх төвлөрсөн бус, хэний ч хараат биш байхаар бүтээгдсэн интернэт төвлөрсөн, арай цар хүрээ нь л том болохоос биш өнөөх л уламжлалт модель лугаа эргэн оров. Банкнууд ч гэсэн уг төвлөрсөн интернэтийн бүтцийг ашиглан өөрсдийн мөнгөн гуйвуулга, төлбөрийн онлайн хэрэгслүүдийг санал болгосноор өнөөдөр хүртэл бид ашиглаж байна.

Өмнө нь хэлсэнчлэн банк санхүү, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ямар ч компани өөрсдийн гэсэн өгөгдлийг хамгаалах чухал үүрэг хариуцлагыг хэрэглэгчдийнхээ өмнө үүрнэ. Тэдний хадгаламж, зээлийн бүртгэл, хувийн зураг, бичиг баримт, чат зэрэг тухайн хүнийхээ хувьд үнэ цэнэ бүхий чухал өгөгдлийг тэд найдвартай хадгалахын тулд, мөн хажуугаар нь үйлчилгээгээ хурдан болгож, хэрэглэгчдэдээ ойртуулахын тулд дэлхий даяар тархаан байршуулсан серверүүддээ хуулбарлан байршуулна. Ганц диск байж байгаад, түүнийг олшруулаад энд тэнд хадгалах бол нэг хэрэг. Харин тэдгээр дискүүдэд дэлхийн тал бүрээс өгөгдлүүд нэмэгдэж, тэрийг нь хуулбарлан дэлхий даяарх серверүүддээ тарааж, шинэчилж байна гэдэг бол шал өөр хэрэг. Торрент шиг систем ашиглаж болох ч эрх зүйн үүднээс төвлөрсөн байгууллага, компаниудад тавигдах шаардлага бол өөрсдийн үйлчилгээнд хяналт тавих, хууль бус, болох бүтэхгүй зүйлсийг тандан таньж, таслан зогсоох юм. Энэ л шаардлагаар интернэт компаниуд зөвхөн төвлөрсөн байдлаар үйлчилгээгээ үзүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн үг. Facebook-ийг үүсгэн байгуулагчдын нэг Шон Паркер Napster гэх дуу хөгжмийн төвлөрсөн бус систем үүсгэж, бүүм хийж байсан ч дээрх эрх зүйн шалтгаанаар бүтэлгүйтсэн байдаг. Gnutella, Freenet, LimeWire, Kazaa гэх мэт түүний араас орсон жагсаалт хөвөрнө, тэд бүгд эрх зүйн асуудлаас болж хаагдсан. Хэчнээн тархаан байршуулаад ч шийдвэрлэж болохгүй нэг асуудал нь мэдээж эрх мэдлийн төвлөрөл. Тэр компани дампуурвал, эсвэл компани доторх эрх мэдэл, хандах эрх бүхий захирал, админ, техникч хэнбугай нь ч санаатай болон санаандгүйгээр тэдгээр өгөгдлийг буцаах боломжгүйгээр устгах эрсдэл байхад бид яаж тэдгээр компаниудад итгэж, өгөгдлийг минь найдвартай хамгаалж байгаа гэж бүтэн нойртой унтах вэ? Энэ бол итгэлцлийн асуудал юм.

Итгэлцлийн асуудал

Хүмүүсийг хооронд нь тусгаарлаж байдаг олон ан цавууд байдаг. Тэдэн дундаас түүхэн цаг хугацааны тэнхлэг дээр онцолбол хамгийн анх мэдлэгийн ан цав хүн төрөлхтнийг бие биеэс нь тусгаарлаж байв. Мэдлэг, мэдээлэл хүн бүрд хүрэлцээгүй байснаас хүмүүс боломжоо алдаж, байж болох, байж чадах потенциалдаа хүрэхгүй байв. Даарин дээр давс гэгчээр энэ байдлыг нь овжин хүмүүс, бүлгүүд ашиглан тэднийг дарлаж, мунхруулж, боолчилж байв. Хамгийн тод жишээ бол шашин. Католик сүм хийдүүд номд зөвхөн номлогчид л хүрч болно, харин иргэд зөвхөн номлогчоос л мэдлэг хүртэх эрхтэй байсан явдал юм. Цоожтой хаалган дотор бүх бурхдын номууд байрлах ба түлхүүр нь зөвхөн номлогчид л байдаг байв. Тэрээр ном дээр ингэж бичсэн байна хэмээн номлох ч түүнд өөрийн үзэл бодлоо шургуулах, худал хэлэх боломж ч байсан юм. Хамгийн том худлаа зүйл нь бурхан зөвхөн номлогчийг л ном уншихаар ивээсэн явдал байв. Үүгээрээ дамжуулж олон хүнээс их хэмжээний татвар авч, өөрийн дураар хэнийг ч гэсэн ялд унагаж, эсвэл ялаас аварч, цаазалж, хэлтрүүлж, дайлаар мордож, тонон дээрэмдэж байсан. Энэ бүхний эцэст хэвлэлийн машин мэндэлж, бурхны номыг олон хувь хэвлэж, хямдхан номын хүртээмж бүх хүнд хүрэлцэхийн хэрээр тэдгээр хүмүүс католик сүм хийдүүдийн нууж байсан үнэнийг олж мэдэн, тэдний бузар булхайг таньж мэдсэнээр мэдлэгийн ан цав битүүрч, хүн төрөлхтөн нэгэн том үсрэлтийг хийсэн билээ. Эндээс шил даран ном хэвлэл, сонин сэтгүүлүүд хэвлэгдэх болсноор хүн төрөлхтөн соён гэгээрч, хэн нэгний хялбар өгөөш болохооргүй болов. Үүний дараа орон зай болон цаг хугацааны ан цав бий болов. Мэдлэг зузаарахын хэрээр дэлхий бөөрөнхийг мэдэж, соёлын солилцоо бий болж байв. Гэвч нар жаргадгаараа жаргаж, шөнө болдгоороо болж, уул ус, тэнгис далай гээд хүн төрөлхтний туулж чадахааргүй үлэмж орон зай, цаг хугацааны ан цав дунд тэд хашигдаж, бие биеэсээ тусгаарлагдах болов. Харин цахилгаан станц, дотоод шаталтын хөдөлгүүр зэрэг техник технологийн ачаар бөөрөнхий байсан дэлхий эргээд хавтгай болж, тивүүд нэгдэн нийлж, өдөр шөнийн зааг үгүй болов. Энэ мэтээс өнөөгийн хамгийн том нь итгэлцлийн ан цав юм.

Хүн хүндээ итгэх итгэлээс гадна үйлчлүүлэгч, худалдан авагчид нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллага, компанид итгэх итгэл, ард иргэд нь засгийн газар, төрдөө итгэх итгэл зэргээр бид өнөөдөр зөвхөн итгэл дээр л тулгуурлан амьдарч байдаг. Гэвч хүн бүрийн итгэл үнэмшил тэдний үзэл бодлоос шалтгаалж өөр өөр тул хүн бүр бие биедээ итгэх боломжгүй, бүх хүнд үйлчилдэг, таалагддаг компани, байгууллага, төр засаг байх боломжгүй нь тодорхой. Тухайн зүйлд итгэдэг хүмүүсийн хүрээлэл бүр өөрсдийг тойрсон ан цавтай байх бөгөөд эдгээр олон ан цавууд биднийг бие биеэс минь зааглан тусгаарлаж, хөгжлийн тушаа, эдийн засгийн чөдөр болж байдаг. Яаж Фейсбүүк миний зураг, чатыг найдвартай хадгална гэж би итгэх вэ? Яаж миний хайлтын мэдээллийг Гүүгл харахгүй, бусдад зарахгүй гэдэгт би итгэх вэ? Яаж би энэ наймаачин мөнгөө шилжүүлсний минь дараа бараагаа өгнө гэдэгт итгэх вэ? Яаж би энэ хүний надад өгч байгаа мөнгө жинхэнэ гэдэгт итгэх вэ? Яаж миний насаараа цуглуулсан хөрөнгийг энэ банк найдвартай хадгална гэдэгт итгэх юм бэ? Бүх зүйл итгэл дээр суурилж байна. Өгөгдлийг 100% найдвартай хадгалах боломж байхгүй тул бид тэдэнд итгэхээс өөр аргагүй. Энэ итгэл нь мухар сүсгийн шинжтэй байх нь ч харамсалтай. Аа за, бас гайгүй байлгүй дээ, томхон компани юм чинь арай ч дээ гэсэн хэврэгхэн итгэл дээр л өнөөдрийн хүн төрөлхтний санхүү эдийн засаг, хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон. Гэвч энэ итгэл үнэмшил хэзээ нэг цагт заавал нуран унах нь тодорхой. Нүүрэн дээрээ инээсэн ч цаагуураа энэ эрх мэдлээ ашиглаад юу хийж байгааг нь төсөөлөхөөр, юу хийж чадах, юу хийж болохыг нь бодохоос ч айдас хүрмээр. Эгээтэй л дээр дурдсан католик сүм хийдүүдэд итгэх сүсэгтнүүд шиг бид амьдарч байна. Энэ том ан цавуудыг хэрхэн битүүлж, итгэлцлийн уг асуудлыг яаж шийдэх вэ?

дараагийн нийтлэл Биткойн ба блокчэйн - Шийдвэр гаргалтад технологийн үүрэг #4...

Нийтлэлийг хянан тохиолдуулсан Д.Алтаншагай

Comments

Popular Posts