Солонгосд аялсан тэмдэглэл №1

Олон улсын залуусын 10 дахь их наадам Өмнөд Солонгос улсын Yeosu хотноо 25-наас энэ сарыг дуустал болох юм. Үүнд оролцохоор сургалтын тэтгэлэгт хамт хамрагддаг 6 охинтойгоо, надтай нийлээд 7 хүнтэй Монголыг төлөөлсөн баг болж 22-ний орой Incheon-ий нисэх буудал дээр бууж шууд Сөүл хотноо ирж нэг үдшийг амарч өнгөрөөгөөд өглөө нь 8 цагт шууд Yeosu хотруу 5 цагийн турш хот хоорондын түргэн автобусаар аяласаар сая нэг байрлах ёстой газраа ирлээ.

Албан үгээр бол дээрх, харин одоо сонин хачин болон мэдрэмж мэлмий нээлтүүд :D

Аан тийм, нэг азтай зүйл нь бид дэлхийн үзэсгэлэнт яармаг худалдаа буюу ирэх жилийн Expo 2012-д Yeosu хот эд бэлдэж байхад нь ирж байна.

Ulaanbaatar-Incheon орох өглөөний нислэг хойшлогдсоор онгоцны буудал дээр хий дэмий 10 гаран цаг хүлээв. Энэ үед хөөрхий муу Форэст Гамп ах минь яаж бүхэл бүтэн 16 жилийг онгоцны буудал дээр өнгөрүүлсэнийг гайхаад гайхаад олоогүй, энэ нээрээ бодит явдал гэсэн шүү. За тэр ч яахав, ийнгээд нислэг ч эхэлдэгээрээ эхэлж, 2 цаг хагастай үргэлжлэх нислэг цагийн зөрүүтэй нь авч үзэхэд 4-өөд цагийн дараа Incheon дээр харанхуй болсон хойно сая нэг газардлаа. Тээшээ хаанаас авахаа мэдэхгүй, дөнгөж онгоцноосоо буусан 7 нөхөр метронд сууж тээшрүүгээ явав. Том газар том л байдаг юм билээ, метрогоор бол нилээд удаан явж байж тээшээ авах байран дээрээ ирж байхыг бодоход аргагүй л дэлхийд эхний тавд багтах олон улсын нисэх буудал гэдгээ байхдуулж, гайхуулж байх шиг.

Уур амьсгалын хувьд зундаа Улаанбаатраас нилээд хэмээр халуун, бас маш чийглэг далайн орон. Бид яг эд халж буй цагт нь ирсэн тул шөнө ч гэсэн их халуун. Нисэх буудлаас гарангуут л саунруу ороод ирэв үү гэмээр халуун уур биднийг угтан авч, одоо бараг дасах хүртлээ дотор нь 3 дахь хоногоо үдэх гэж байна. Машин дотор, байшин дотор гээд л амь гаргах ганц зүйл нь агааржуулагч. Мэдээж мэр сэр бороо орно. Маш их уур манантаж Монголынх шиг минь хөх тэнгэр дээр үл үзэгдэхүйд л тэр өнгөө их санав бололтой.

Бас тоос шороо гэж нэгээхэн ч үгүй. Цав цагаан оймстой гараад бүтэн өдөржин яваад орж ирэхэд хүний ураманд хар чулуу ч наалдаагүй. Хаан ч хэвтсэн, суусан цэвэрхэн учир над шиг хиппи хүнд тохирсон орон ч юм шиг :P

Мэдээж соёлтой орон тул зам болон гэрэл цахилгааны дэвшилтэт дэд бүтэцтэй. Харин зундаа халуун ус асуудалтай байдаг нь тиймхэн. Хурдны замаар 100 гаран км/ц гарантай явсаар хот хооронд донсолгоо, гацалтгүйгээр төвөггүй хөнгөхөн хүрнэ. Уулыг нүхлэсэн тунель, агаар дээгүүр явах давхар зам болон уулын бэлээр гэх мэт тун сонирхолтой замуудаар явсаар... Өндөр барилга, өргөн зам, урт гүүр гээд нүд баясгаж сэтгэл сэргээх зүйлс анх удаа ирж буй надад бүхий л зүйлс сонин.

Аан тийм, мэдээж далай, даан ч оройтсон хойно дөнгөж сая очиж үзсэн тул зах хязгааргүй байдлыг нь харж чадсангүй, гэвч далайн бяцхан түрлэгүүдийг үзээд амжсан.

Ингээд миний эхний хоёр өдрийн тэмдэглэл дугаар 1 болон хүрч байна. Монголын нэрийг олон улсын залуусын өмнө гаргаж яваа учир log бүрийг алдалгүй бичихийг хичээнэ ээ. Дараагийн удаагаас зураг оруулахыг хичээх болно.

Comments

Post a Comment

Popular Posts