Солонгосд аялсан тэмдэглэл №3

Өнөөдрийн онцлох сэдэв далай. Дүрс бичлэгүүдээс л харж байсан далайг анх удаа биеээр мэдэрч, дотор нь умбан шумбаж үзлээ. Гэхдээ яг далайн хязгааргүй хаяа нь харагдахгүй, наагуур нь бяцхан бяцхан арлуудаар хаагдсан байсан тул нэгт дулаахан, хоёрт давалгаагүй, тогтуун. Их шорвог ба ногоон шаргал өнгөтэй, тийм ч тунгалаг биш. Шумбахад нүд хорсож, аманд орсон давс нь ихэд шорвог амтагдах тул төдийлөн шумбаад байхад таатай биш юм. Давсан усанд орж буй тул гарч ирээд хувцасаа базах, биеээ зайлах шүршүүрт орох ба ингэж байж өөрийн хувцас болон арьсаа давснаас салгаж хамгаална. Надад бол маш их таалагдсан, болдог бол өдөр болгон очоод баймаар :D Гэхдээ явахаасаа өмнө ганц ч болов очино гэж найдаж байна.


Аан тийм бас нэг гайхмаар зүйл нь бүх авгай нар нь ганц л үсний буржгар химин засалттай, бүр бүгд шүү, өөр засаалттай хүнийг би лав олж хараагүй нь үнэн. Ер нь арчилгаа багатай, бас хэт шингэхэн үстэй настайчуудын хуйх нь хэт харагдахаас сэргийлдэг талтай гэж дууллаа. Ер нь гэрлэсэн авхай нарыг Ажимаа гэж дуудах бас нас тогтсон болгон нь буржгар химитэй, хаашаа л харна бөөн хөвсгөр, бөөрөнхий толгой.

Давс юм уу далайгаас, үгүй бол чийгнээс хашрил өгөөд байгаа бололтой, манай офтын нэг охин бид хоёрын бие загатнаад, усанд орж байж зүгээр болгоно. Зун нь Yeosu-д халуун ус тасарчихдаг ба хүйтэн усанд нь биеээ зайлчихаж болмоор санагдсан. Өдөр болгон л усанд орж байхгүй бол над шиг хөлөрдөг хүнд их хүндхэн халуун, бас хэт чийглэг, хөлс урсаад л байна, урсаад л байна.

Оройхон хоолонд орохдоо хязгаар нь үл үзэгдэх далайг нэг харж баясав, даан ч эрэг дээр нь хараахан очиж чадаагүйдээ харамсаж байна, дараа очино байх. Уул нь би далайн сүрлэг түрлэг болон хүн шиг өндөр давалгаануудыг хармаар байгаа юм, гэхдээ над шиг далайгүй орноосоо гарч үзээгүй хүнд бол холоос харсан ч сэтгэл эзэмдэж байна билээ.

Эмнэлэг очиж үзэв. Ер нь эмч нар нь бүгд сэтгэлээсээ, сайхан байх юм. Сэтгэлээсээ ажиллаж байгаа хүн яалт ч үгүй илт харагдаж байна лээ шүү, сэтгэл их хөдөлгөж байна лээ. Ер нь өөрийгөө ямар ч ажил хийсэн сэтгэлээсээ ханддаг болгон төлөвшүүлж, монгол залуусаа ийм байдалд уриална аа, энэ л хөгжлийн гол тулгуур мэт санагдлаа. Ер нь үйлчилгээ үзүүлж байгаа залуус нь бүгд чин сэтгэлээсээ хандаж байгаа нь илт. Арга ч үгүй, нэгт хөгжилтэй орон, хоёрт жилийн дараа Expo 2012 болох гэж байгаа юм чинь.

Эмнэлэг нь том жижиг гэлтгүй тоног төхөөрөмж болон даац сайтай юм билээ. Ямар ч эмнэлэгт нь аар саар болон дундаж хэмжээний өвчинийг эдгээчих ба эмнэлэг болгон нь нэг зүйлээрээ дагнасан мэт санагдсан. Жишээ нь 9 сарын өмнө хөлний хөгжлийн бэрхшээлээс болж тэргэнцэр дээр суудаг байсан нэг маань Солонгост ирээд эмчилгээнд хамрагдсан ба нэг эмнэлэгтээ олон сар болсон байгаа юм, энэ хооронд илрэх болон олдох өвчинүүдийг эмнэлгээс гаргалгүй эмчилчих учир манай эмнэлгүүд шиг хүнээс хүнд, эмнэлгээс эмнэлэг дамжаад байхгүй, нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг.

Спорт талбай нь үйсэн шалтай, тойроод бүх төрлийн хөдөлгөөний төхөөрөмжүүдтэй. Ийм талбай Монголд минь нэг байвал залуус нь бөөгнөрөөд их сайхан уур амьсгал бий болно доо.

Өө тийм, айлууд нь өдөр гэртээ байхдаа, орой унтахдаа хаалгаа түгжинэ гэж үгүй, өдөр нь гэртээ унтаж байхад нь гадны хаалга нь онгорхой хэвээрээ, бидэн шиг ян тан цоожилж түгжээд сууж байдаг хүмүүст эвгүй юм билээ шүү.

Бодоод байхад манай Улаанбаатарт аялал жуулчлалаа байг гэхээд дайрч яваа гадныханд, ядахнаа дотоодын хөдөөнийнхөндөө үзүүлчих зүйл бий бил үү? Эндэхийн хөшөө цогцолбор, гүүр гээд л цагаа зугаатай өнгөрөөх, амарч аялах газрууд нь мундахгүй олон.

Хүмүүс нь харьцахдаа хүнийг онгироох төлөвтэй байдаг гэж дуулсан, арай мэдэрч амжаагүй явна. Уулзаад л тасралтгүй хөөрхөн байна, лаг байна, мундаг байна, ухаантай байна гэчихдэг гэсэн. Тэрэнтэй нь би тулвал онгироод явж өгөх байхдаа :P

Маргааш фестивалынхаа үйл ажиллагаанд дөхөх зорилгоор буудалруу нүүнэ. Фестивалын өмнө нэг сайн хэсч, юм үзэж авлаа. Одоо ч завгүй өдрүүд дөхөж байна даа.

Comments

  1. harin tii ene dalain us chin aihtar ed bn lee shd bi bas zagsand hazuulsan aidsaa davaad neg dalaid orson nud horsood zavaan ym bn lee tegeed motort zaviar bas davhisan chin us usrch nudruu orod bas l ih horsson ternees hoish dalaid ochih huselgui bolsoon :)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts